Categories
гадаад мэдээ

Ажлын анхны өдрөө захирлаасаа машин бэлгэнд авчээ

Америкийн Алабама мужийн оршин суугч Уолтер Керр гэх 20 настай залуу ажлынхаа анхны өдөр захирлаасаа автомашин бэлгэнд авчээ. Залуу “Bellhops” гэх нүүлгэлтийн компанид ажилд орсон аж. Тэрбээр ажилтай болсон ч “ажилдаа хэрхэн очих вэ?” гэх томоохон асуудалтай тулгарчээ. Учир нь түүний машин эвдэрч, найзуудаасаа ажилд нь хүргэж өгөхийг гуйсан ч бүтэлгүйтсэн байна. Улмаар залуу ажилдаа хоцрохгүйн тулд 32 км-ийг явган туулахаас өөр сонголтгүй болжээ. Тэрбээр шөнө дунд гэрээсээ гарч, 7 цаг орчим явган алхаж, 8 цагт нүүлгэх айлдаа ирсэн аж.

Харанхуй шөнө зам дагуу алхаж байсан түүнтэй замын цагдаа тааралдаж, учрыг нь асуужээ. Залуугийн хичээл зүтгэл замын цагдаад ихээхэн таалагдсан бөгөөд тэрбээр Керрийг өглөөний цайгаар дайлахаас гадна бусад эргүүлийнхэнд мэдэгдсэн гэнэ. Залуу хүрэх газраа очиход 5 км дутуу байхад нэгэн цагдаа түүнийг албаны машинаараа хүргэж өгчээ.

Керр бусад нүүлгэлтийн ажилчдаас түрүүлж айлынд ирсэн бөгөөд өөрийнхөө итгэмээргүй түүхээ гэрийн эзэгтэйд ярьж өгчээ.

Залуу ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд хэдхэн сарын өмнө хар салхиар гэрээ алдсан байжээ. Сэтгэл хөдөлгөм түүхийг сонссон эзэгтэй өөрийн фэйсбүүктээ Керрийн гайхам түүхийн талаар бичсэн бөгөөд уг сэтгэгдлийг уншсан “Bellhops” компанийн гүйцэтгэх захирал Люк Марклин залууд “Ford Escape” автомашиныг бэлэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *