Монгол Улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршиж буй юм. Уг арга хэмжээний хүрээнд өчигдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүд, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов.
Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрээр “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд зохиогдох олон төрлийн уулзалт, арга хэмжээнүүд нь Монгол-Оросын хооронд бизнес яриа хэлэлцээ өрнүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар шаардагдаж байна. Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон нэгээс хоёр төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм.
Хоёр хөршөө болон Евразийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа.
Энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм. Тийм учраас яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа болно. Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт болох гэж байна. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Оросын хоорондох худалдааны нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй тарифын бус саадыг арилгахыг бид чухалчлан үзэж байна. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой өсөлтийг хангах үүднээс “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж, мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад явж байна” гэлээ.
Чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав. Илгээлтэд “Манай улс Монгол Улстай тогтоосон эртний уламжлалт сайн хөршийн, харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг. Хоёр талын иж бүрэн цогц харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэх нь Евразийн чиглэлд баримталж буй манай улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Энэ утгаараа ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээг бүхий л түвшинд өргөжүүлэх, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид онцгой ач холбогдол өгдөг. “Орос-Монголын санаачилга-2018”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд нь харилцан ярилцах сайхан боломжийг манай хоёр улсын төв болон орон нутгийн эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдөд олгох юм. Та бүхний уулзалт Орос-Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны олон асуудлыг нухацтай хэлэлцэх боломж олгож, харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулах, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололт болон мэргэжлийн туршлага солилцоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров мөн үг хэлэв. Тэрээр Оросын тал Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэг хэмээн онцолсон. Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэнд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов зэрэг албаны хүмүүс илтгэл тавив.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавьсан илтгэлдээ Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргахын тулд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хоёр улсын төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хоёр талаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээсэн юм. Харин ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “ОХУ, Монгол Улсын мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулах, эрдэм шинжилгээ, оношилгооны байгууллагуудын хамтарсан судалгааг өргөжүүлэх, эрсдлийн үнэлгээг хамтран хийж, үр дүнг баталгаажуулах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакциний концентрацийг авах замаар хамтран үйлдвэрлэх, нэн яаралтай үеийн бэлэн байдлыг хангах, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх “Мал эрүүлжүүлэх” төслийн III үе шатыг хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.
Үүний дараа хоёр орны албаны болон бизнесийн төлөөллүүд Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа зэрэг салбар хуралдаануудад орсон.
Улмаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын тухай танилцуулга хийлээ. Түүний дараа Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев Монгол Улсад хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр баримталж буй ОХУ-ын бодлогын талаар, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд “Монгол Улсын чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьсан. Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганд хилээр холбогдсон Монголын есөн аймаг, ОХУ-ын зургаан муж, хязгаар болон бусад орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Хэнтий, Баян-Өлгий аймаг, ОХУ-аас Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Эрхүү муж, Забайкальск хязгаарын засаг захиргааны төлөөлөгчид оролцлоо. Тэд энэ үеэр өөрсдийн орон нутгийн талаар танилцуулсан юм.
Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газрын орлогч дарга Игорь Иванович Зураев “ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хил орчмын хамтын ажиллагаа, үр дүн ба хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт танилцуулга хийсэн. Танилцуулгадаа Буриадын залуучуудын уран бүтээлийн инновацийн төвүүд Монгол Улсын бизнес-инкубаторын холбооныхонтой хамтарч ажиллаж байна. 2018 оноос эхлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай томоохон хэмжээний хоёр удаагийн бизнес чуулганыг Улаанбаатар ба Улаан-Үд хотод зохион байгуулсан. Хятад, БНСУ, Германы компаниуд оролцсон. 2017 онд ачаа эргэлт “Наушки” станцаар 26 хувь нэмэгдсэн. Чингэлэгийн галт тэргийн тоо 2016 оныхтой харьцуулбал 246 хувь нэмэгджээ. 2018 онд 30 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Байгаль олон улсын нисэх онгоцны буудлын шинэчлэл болон шинэ нисэх хөөрөх зурвасын барилгын ажил дуусаж байна. Олон улсын шинэ терминалын төсөвлөлт эхэлсэн. БНБУ-аас сайн үржлийн, үүлдрийн мал худалдаж авахад туслах боломжтой. Мөн БНБУ-д бүс хоорондын цөмийн эрчим хүчний төв байгуулах ажил эхэлж байна” гэв.
“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Сүхбаатарын талбайд болсон энэхүү үзэсгэлэн, худалдааг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох үеэр ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн талаар танилцууллаа.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байсан. Монголчууд тэдгээрийг илүүтэй сонирхож байгаа талаар зохион байгуулагчид дурдаж байв. Тэдгээр нь сүүлийн хоёр жилд үйлдвэрлэгдэж Оросын зах зээлд гарсан шинэ техникүүд аж. Өмнөх техникүүдээс ялгарах гол онцлог нь хөрсний чийгийг хадгалах, хөрсийг гэмтээлгүй тариагаа хураах боломжтой байна. Герман, БНХАУ зэрэг орны техникүүдээс ялгарах давуутал нь целсийн -25-аас +50 градуст ажиллах хүчин чадалтай. Иймээс шаардлагатай тохиолдолд өвлийн улиралд ч ашиглах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын зарим компани манай улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай бизнесийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийсэн байна.
Зургадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх “Монгол -Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.
О.АРИУНЦЭЦЭГ
О.ДАШНЯМ
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН