Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдээс 40 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

“Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг өнөөдөр МХҮАҮТ-д боллоо. Уг арга хэмжээг 2015 оноос эхлэн ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, төрийн худалдан авалтад нийлүүлэх зорилгоор зохиогддог юм.

Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ “ХХААХҮЯ-аас Эрүүл монгол хүн зорилт тавин “Атрын III аян”, “Мах сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор “Үйлдвэржилт 21:100”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Цаашдаа ХХАА, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байгаа” гэлээ.

Мөн МХҮАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярихдаа “Энэ арга хэмжээнд нийтдээ есөн салбарын 70 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Төрийн болон төрийн бус орон нутгийн байгууллагуудыг бараа бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчдэд сурталчлах тэдгээрийн саналыг авах зорилготой. 2017 онд нийт 4500 гаруй тендер зарлагдсан. Үүний 3500 тендерийн үр дүнг олон нийтэд танилцуулсан. 2017 онд дотоодын үйлдвэрлэгчдээс төр 40 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Нийт 12 салбарын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан юм. Үүнд оёмол, сүлжмэл, хүнсний хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг түлхүү худалдан авсан байгаа юм. Дотоодынхон уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэгчид чанар стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төр худалдан авалт хийх бүрэн боломжтой” гэлээ.

ХХААХҮЯ-ны ЖДҮХБҮЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан ярихдаа “Захиалагчдын зүгээс зарим бүтээгдэхүүнийг худалдан авах гэсэн боловч чанарын шаардлага хангахгүй байна гэдэг. Бид хамгийн бага үнийн санал гаргасан дотоодын үйлдвэрлэгчийг сонгодог. Энэ нь тендерийн хуульд заалттай байдаг юм. Энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм билээ. Хэрвээ гадныхан бага үнийн санал өгөөд, дотоод үнэтэй байсан ч дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор сонгоход төрийн албан хаагч хариуцлага хүлээх заалт байдаг. Ихэнх бизнес эрхлэгчид дотоодын үйлдвэрээсээ бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй төрийн байгууллагын төлөөлөл үзэсгэлэнг сонирхсон байна. Үүнээс 30 гаруй төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авах сонирхлоо илэрхийлсэн байна” гэлээ.

Үзэсгэлэнд оролцож буй мэргэжлийн холбоод, ААНэгж байгууллагууд худалдан авах чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтын хүрээнд салбар бүрээр оролцож байгааг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дэмжин хөгжүүлэх нь аж ахуйн нэгж, иргэн бүрийн үүрэг. Иймд төрийн байгууллага бүрийг үндэсний эрх ашгийг дээдлэн дотоодын үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийхийг уриаллаа.

Б.НОМИНЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *