Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Нөлөө бүхий хоёр нам тохиролцоод эрүүл, гуравдагч улс төрийн хүчин гаргах орон зайг үүсгэхгүй байна

Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-Улс төрийн намууд ямар байх ёстой вэ?

-Нам ямар байх ёстой вэ гэдэг асуудал харьцангуй л даа. Дэлхийн улс орнуудын өнгөрсөн 200 жилийн намын хөгжлийн түүхийг харахаар намуудын талаарх судлаачдын тодорхойлолт цаг үе өнгөрөх тусам улам тодорхой болж байна. Нийтлэг ойлголтоор бол монголчууд “засгийн эрхийг барих хүсэл эрмэлзэлтэй бүлэг хүмүүсийг нам” гэж ойлгоод байдаг. Магадгүй сонгодог тодорхойлолт мөн боловч орчин цагийн нийгмийн эрэлт хэрэгцээ, ёс зүй, улс төрийн соёлыг агуулсан тодорхойлолт мөн үү гэвэл хараахан үгүй. Би хувьдаа улс төрийн намыг сонгуулийн замаар иргэдээс санал авч, төрийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүсэл зорилготой иргэдийн нэгдэл гэж ойлгодог. Орчин үед энэ тодорхойлолт нэлээд түгээмэл болж эхэлж байна. Намыг нэгдэл гэж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь бид өнөөдөр нэгдэл гэдэг үгийг тодорхой аж ахуйд суурилсан зохион байгуулалтын хэлбэр гэж ойлгодог. Ийм уламжлал ойлголт одоо хүртэл байгаа. Нам гэдгийг улс төрийн нэгдэл гэж ойлгож явах нь зөв л дөө. Тодорхойлолтын энэ санаа нь Монголын улс төрийн намын тухай хуульд 1990 оноос хойш сууж яваа.

-Намыг төр гэж ойлгоод төрөө дорд үзэх хандлага нийгэмд байна уу?

-Миний хувьд төртэй шууд холбож ойлгохгүй байна. Улс төрийн нам бол засаглалыг хэрэгжүүлэх институци учраас яалт ч үгүй нам ямар байхаас шалтгаалаад төр ямар байх нь тодорхойлогдоно. Намууд нь илүү сахилга батгүй, зохион байгуулалт муутай, хариуцлагагүй байх юм бол төр нь яг тийм болно л доо. Орчин үеийн судлаачид төрийн ардчилал улс төрийн намаар дамжиж хэрэгждэг гэсэн дүгнэлт хийж байна. Тийм учраас ардчилсан нийгэмд улс төрийн нам хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг институци. Сүүлийн үеийн судалгаануудын дүнг аваад үзэхээр нам гэдэг нэгдэлд хүмүүс тааламжгүй, итгэлгүй хандаж буй үзэгдэл байгаа. Энэ нь төртэй гэхээсээ илүү намтай шууд холбоотой. Бид төлөвшөөгүй, хариуцлага хүлээдэггүй, ил тод биш улс төрийн намуудыг сонгуульд сонгож гаргаад байгаа учраас төр маань өөрөө хариуцлагагүй, сахилга батгүй, ил тод биш болж хувирч харагдаад байна л даа. Нөгөө талдаа иргэдийг буруутгахад хэцүү. Улс төрийн намууд нь ийм байгаа тохиолдолд иргэдийн итгэл үнэмшил буурахаас өөр аргагүй. Судалгаануудын дүнг харахаар иргэдийн 60-80 орчим хувь нь намуудад итгэхгүй байна. Сонгуулийн бус үед намууд дээд тал нь арван гаруй хувийн дэмжлэг авч байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Гэхдээ өнөөдрийн мэдээллийн олон урсгал дунд байгаа, глобальчлагдсан, хүний эрх, олон ургальч үзэлтэй нийгэмд улс төрийн намууд өндөр итгэл даах институци биш болж байх шиг байгаа юм. Энэ бол ардчилсан орнуудад түгээмэл ажиглагдаж байна. Монголд тэр дундаа маш бага байгаа ажиглагдаж байна.

-Ардчилсан бус улсад тэгвэл намын нөлөө ямар байгаа бол?

-Тийм улс орнуудын хувьд улс төрийн намуудад итгэх итгэл өндөр. Энэ бол улс төрийн тогтолцооны болон намын тогтолцооны ялгаандаа байгаа. Эцсийн дүндээ улс төрийн намуудын нэр хүндээ алдаж буй нь тэдний ил тод биш, хариуцлагагүй байгаатай холбоотой. Дээр нь бид хариуцлагатай сонголт хийж чадахгүй байгаа, намуудад хариуцлага тооцожчадахгүй байна. Нөгөө талдаа улс төрийн нам сайн гэж хэлэхүйц төлөвшлийг олж чадаагүй байна. Ийм тохиолдолд улс төрийн намуудын өнөөдрийн дүр зураг жам ёсны үзэгдэл.

-Улс төрийн намуудыг яаж төлөвшүүлэх вэ?

-Төлөвшүүлэх асуудлын хувьд зөвхөн намуудад өөрсдөд нь найдаж болохгүй. Иргэд олон нийтийн шахалт, дэмжлэг хүчтэй нөлөөлнө. Энэ утгаараа олон нийт улс төрийн намын төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэдийн улс төрийн оролцоо, нийгмийн үзэл бодол, сэтгэл зүйн нөлөөлөл их чухал. Харамсалтай нь манайхан нам гэхээр байж болохгүй юм шиг хардаг. Эсвэл үхэн хатан өмгөөрдөг. Намд элсч буй хүнийг болж бүтэхгүй нөхөд гэж хараад байдаг. Миний хувьд улс төрийн нам гэдэг бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог институци гэж дээр хэлсэн. Энэ институцид эвлэлдэн нэгдэж, оролцож, нөлөөлөх замаар бид улс төрийн намын төлөвшлийг сайжруулахын төлөө явах ёстой. Тэгж байж монголчуудын сонгосон улс төрийн тогтолцоо, ардчилал илүү бэхжиж чадна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар бид хэт улстөржчихөөд байна. Бас улс төрийн намуудаар хэт талцсан нийгэмд амьдарч байна. Үүнийг улс төрийн намын гишүүнчлэлийн бодлоготой холбоотой гэж бид яриад байдаг. Үнэндээ улс төрийн намуудын уламжлалт хуучинсаг удирдлагын арга барилыг өөрчлөх цаг болсон. Улс төрийн намууд илүү нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байх удирдлагын арга барилыг сонгохгүй л бол цааш явахгүй. Манай улс хоёр сая орчим сонгуулийн насны иргэнтэй. Намын 600 гаруй мянган гишүүнтэй. Энэ бол маш өндөр тоо. Бодит байдал дээр бид сул, хатуу гишүүнчлэлийн тухай биш харин улс төрийн намын гишүүнчлэлийг ил тод нээлттэй болгох тухай асуудал ярих нь илүү чухал. Зарим нэг судлаач, улстөрчдийн дүгнэлтүүдийг ажиглаж байхад сул гишүүнчлэл, эсвэл бүр гишүүнгүй намын тухай яриад байна л даа.

-Намын гишүүн гэсэн ойлголт бүдгэрэх хэрээр улстөржилт багасах сайн талтай юм биш үү?

-Харин ч улс төрийн намуудыг хариуцлагагүй байлгахад чиглэсэн сөрөг талтай. Улс төрийн намуудын гишүүдийг бүртгэдэг, гишүүд нь татвараа төлдөг байх ёстой. Тэд улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэхийн тулд намд элсдэг, намын гишүүн болсныхоо төлөө айх, ичих, нуугдах шаардлагагүй нийгмийг бий болгох хэрэгтэй. Ийм тохиолдолд Монголын намын гишүүдийн тоо огцом буурах байх. Үсрээд бүгд 30-50 мянга дотор эргэлдэх болов уу. Монголд үүнээс илүү намын гишүүн байхгүй. Энэ нь хүн амын таван хувь гэсэн үг. Ер нь дэлхийн улс орнуудын дундаж иймэрхүү байдаг. Зарим ардчилсан оронд намын гишүүдийн тоо нэг хувиас доош орсон. Тэгэхээр үнэхээр улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж байвал сул, хатуу байх нь тийм чухал биш. Нөгөө талдаа улс төрийн намын гишүүдийн идэвх, оролцоогоор санхүүжилт, хандив өгөх орон зайг нь дэмжиж өгөх ёстой. Гишүүнгүй нам болсноороо яаж олон нийтийн байгууллага болж ажиллах юм, хаанаасаа улс төрийн санхүүжилт дэмжлэгүүдээ олж авах юм гээд олон чухал асуудал бий. Олон нийтийн байгууллага учир дан ганц төрийн санхүүжилтэд найдаж болохгүй. Иймээс бид улс төрийн намыг олон нийтийн байгууллага болгохын төлөө ажиллах ёстой. Түүнээс биш нэг хэлбэрийн төрийн байгууллага болгож болохгүй.

-Улс төрийн намын хандивыг ил болгох хэрэгтэй гэдэг. Гэхдээ хэрэгжихэд түвэгтэй, хэцүү шаардлага юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Судлаачид,олон нийтийн зүгээс улс төрийн намыг санхүүгийн хувьд хамгийн ил тод байгаач, хандивлагчдаа зарладаг байгаач гэж хүсдэг. “Нээлттэй нийгэм форум”-ын судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 94 хувь нь хандивлагчдыг ил тод зарлах хэрэгтэй гэж хүсэж байна. Гэтэл намууд ил тод байхыг хүсдэггүй. Үүнээсээ болоод иргэдийн нийгэм, улс төрийн хэрэгцээг нь хангаж чаддаггүй. Намуудад итгэхгүй байгаа нь хамгийн том шалтгаан. Улс төрийн намууд хялбар аргаарцөөхөн хандивлагчдаас их хэмжээгээр санхүүжихийг хүсээд байна. Энэ нь тэднийг чөдөрлөх аюултай.

-Манай намууд цөөн хүнээс их хандив авахыг хүсч байгаа юм байна. Дэлхий нийтийн жишиг ямар байдаг юм бол?

-Дэлхий нийтийн хандлага нь улс төрийн намуудын санхүүжилтийг аль болох олон хүнээс бага хэмжээний хандив авч байж олон нийтийн нам гэдэг мөн чанараа хадгалах бодлого хэрэгждэг. Бүхэлд нь төрөөс санхүүжүүлдэггүй. Энэ нь улс төрийн намууд шинэчлэгдэх, илүү нээлттэй, хариуцлагатай болохын төлөө улс төрийн хүсэл зориг гаргаж байна. Харамсалтай нь манайд улс төрийн намын санхүүжилт хамгийн хаалттай сэдэв болжээ. Энэ бол маш хортой. Одоо ил тод бай, хүсэл зоригоо илэрхийл, ардчилсан нээлттэй нийгэмд бид амьдарч байна гэдгээ ойлгуулах хэрэгтэй болоод байна л даа.

-Улстөрчид энэ хандлагыг мэдрэхгүй өнөөг хүрсэн гэвэл хир бодитой, үнэн сонсогдох бол?

-Улстөрчид, улс төрийн намын лидерүүд энэ бүхнийг мэддэг. Хүсэхгүй байгаад л асуудал байгаа. Тэднийг хүсдэг болгохын тулд нийгмийн шахалт хэрэгтэй байна.

-Улс төрийн намууд нь Монгол шиг байдалд орсон улс орнуудын асуудлаасаа гарсан арга туршлагыг сонирхуулаач?

-Ардчилал хөгжиж байгаа улс орнуудын хувьд олон нийтийн оролцоо шахалт, улстөрчийн ёс зүйгээр дамжуулж ил тод болгож байна. Үүнд Баруун Европын орнуудыг дурьдаж болно. Харин Монгол болон зарим пост орнуудын хувьд жаахан асуудалтай. Хэдийгээр бид улс төрийн намуудыг ардчилалтай болгох ёстой гэж арав гаруй жил ярьсан ч бодит байдал дээр улс төрийн намууд хэлбэр төдийгөөр гишүүдээ оролцуулж, хөлсний гишүүдээр намаа дүүргэж эхэлж байна. Маш харамсалтай үйл явдал. Өөрөөр хэлбэл намын дотоод ардчиллыг хуурмаг байдлаар бий болгож байгаа учраас иргэдийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурласан жинхэнэ шийдвэр гарч ирж чадахгүй байна.

-Хоёр том намд итгэх иргэдийн итгэл алдагдсан. Гуравдагч хүчин гарч ирвэл орон зай байна уу?

-Нийгэм эрүүл улс төрийн хүчнийг хүсч байгаа. Сүүлийн хоёр, гурван сонгуулиар маш тодорхой харагдаж байна. Гэхдээ нийгэм хүссэнээр шийдэгддэг асуудал бас биш бололтой. Хоёр намын тогтолцооны нөлөө маш хүчтэй байна. Өнөөдөр хоёр намын нөлөө бүхий хүчирхэг тогтолцоо бүрдчихлээ. Энэ бол өнгөрсөн 28 жилийн сонгуулийн тогтолцооны шууд үр дагавар. Хоёр намын системийг сайн гэж маш олон талаас нь ярьдаг. Гэхдээ сөрөг дагаврууд нь хүчтэй байна. Нөлөө бүхий хоёр нам хоорондоо тохиролцоод эрүүл, гуравдагч улс төрийн хүчин гарах орон зайг хааж байна. Нийгэм хүсээд байгаа ч яг бодит сонгуулиар нөгөө улс төрийн хүчнийг дарамтлах, задлах хэлбэрээрилэрч байна. Өнөөдрийг шударга бус тогтолцоог хадгалж үлдэхийн төлөөх ажиллаж байна. Энэ бол хоёр намд чөдөрлөгдсөн улс төрийн тогтолцоо Монголд үүссэнийг харуулж буй хэрэг.

-Энэ хандлага, тогтолцоог өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

-Нийгэм, иргэдийн шахалт зайлшгүй хэрэгтэй. Гуравдагч гэж хэлж болохуйц, эсвэл тийм сонирхолтой байгаа улс төрийн хүчнүүдийн хүсэл зоригийг илэрхийлэх цаг болсон. Дандаа нөлөө бүхий намын захиалгаар ажилладгаа болих хэрэгтэй. Миний хувьд хоёр намын тогтолцоог бага ч болтугай задлах цаг болсон гэж харж байна. Ингэхийн тулд эрх зүйн том реформ хийх хэрэгтэй.

-МАХН дажгүй эрчимтэй гарч ирж санал хуваалцсан. Гэтэл одоо УИХ-д байгаа ганц суудлаа адлаад байна. О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн. Дээд шүүх тус намын дүрмийг бүртгэхгүй гээд гурван удаа буцаалаа. Энэ үйл явдлыг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн сул тал. Энэ хуулиар намын дотоод маргааныг шүүх шийдэхгүй. Энэ нь улс төрийн нам нөлөө бүхий гишүүдийн хүсэл зоригоор шийдэгдэх, маргаанаас эцэслэхгүй байх боломжийг олгож өгөөд байгаа юм. МАХН маргаанаа өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд дотооддоо шийдэх ёстой. Магадгүй гуравдагч хүчний энэ орон зай дотор нөлөө бүхий намын гар хөл оролцож болохыг үгүйсгэхгүй. Учир нь манайд ийм тогтолцоо үүссэн. ХҮН намын дотоод задрал ч үүнтэй адил.

-Үндсэн хуулийн асуудалтай зэрэгцээд МАХН-ын дарга Н.Энхбаяр Шинэ Үндсэн хууль гэж яриад эхэлсэн. Энэ үйл явц дээр таны байр суурийг сонсъё?

-Улс төрийн намуудын санаачилгын түвшний ажил. Буруутгах арга байхгүй. Ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бүх хүнд бий. Тодорхой хүмүүс эвлэлдэн нэгдээд хуулийн төсөл санаачлаад иргэдээс санал аваад явж болно. Иргэд, улс төрийн нам хууль санаачлах эрхтэй субьект биш. Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиар хууль санаачлах эрхтэй. Энэ гурваар дамжиж байж л хууль өргөн баригдана. Үндсэн хуулийн асуудал тун ярвигтай. Хууль хэлэлцэхээсээ эхлээд олон нийтийн санал авах, өргөн баригдах, шийдвэрлэгдэх нь хүртэл тусгай хуулиар зохицуулагддаг. Олон ургальч үзлийн нэг илэрхийлэл л гэж харж байна. Нөгөө талаас Үндсэн хуулийг олон талын оролцоо, зөвшилцөлд тулгуурлаж хийх нь ач холбогдолтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *