Categories
мэдээ улс-төр

Хотын дарга нийслэлийн намын хороог удирдах нь зөв

Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг жинхлэх эсэхийг аймаг, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдэх ёстой. Энэ хурал өчигдөр зарлагдсан байсан боловч ирэх даваа гариг хүртэл хойшлогдлоо.

Ер нь нийслэлд ялалт байгуулсан нам нь хотын дарга болон намын хорооныхоо даргын албыг хавсарч хийдэг байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд өмнөх парламентын үед Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн АН-ын даргын албыг хамтад нь аваад явж байв. Энэ жишиг 1992 оноос хойш тасралтгүй явж ирсэнийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Дунд нь Улаанбаатар хотын дарга намын хороогоо удирдах нь тохиромжгүй гээд тусад нь байлгах гэж үзсэн. Хотын дарга бол зөвхөн аж ахуйн ажилдаа анхаарч, намын хорооны дарга улс төрийн үйл хэрэгтээ төвлөрнө гээд салгаж байлаа. Харамсалтай нь хоёр толгойтой могойн үлгэрээр энэ байдал амжилт авчраагүй. Хотын ажил цалгардах, хэл ам, хэрүүл тэмцэл ундрах бүр цаашлаад ээлжит сонгуульд ялагдах угтвар шалтгаан болж байв.

МАН бол хүчтэй, сахилга баттай, намын даргынхаа үгнээс гардаггүй сайн чанартай. Хотын дарга хүн нийслэлийн намын хорооны даргаа хавсарвал том зургаараа улаанбаатарчуудад л ашигтай. Наад зах нь хотын гудамж цэвэр цэмцгэр, зам талбай сэлүүхэн, өвөл нь дулаахан, зундаа өмхийгүй, бүтээн байгуулалт өрнөж байвал нийслэлийн иргэд стрессгүй, амар тайван байна. Аж ахуйн чанартай энэ бүх ажлыг хотын дарга л гардан зохион байгуулж, хийдэг. Харин нийслэлийн намын хороо гэдэг бол улс төрийн байгууллага. Энэ албан тушаалыг нийслэлийн Засаг даргаас өөр хүн хаших юм бол улс төр ороод хотын ажил явдаггүй. Тод жишээ нь Ц.Сандуй байна. Түүнийг НИТХ-ын болон нийслэлийн МАН-ын хорооны дарга байх үед хотын ажил одоогийнх шиг хурдаа аваагүй. НИТХ бол хоёр намын суудалтай, улс төрийн шийдвэр гаргадаг. Нэг, нэгнийхээ ажлыг гацаах нь энгийн үзэгдэл. Тэдний энэ улс төр хотын даргын ажлыг ч унагаадаг сул талтай. Нуугаад яахав, монголчууд ерөөсөө таарамжтай байсан түүх байхгүй. Хэрэв одоо Засаг дарга нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад шинэ хүн тавьчих юм бол мэдээж эрх ашгийн зөрчил үүснэ. Тогтолцооны хувьд хотын дарга нь нийслэлийн намын хорооны даргаа аваад явах нь зөв юм.

С.Батболд хотын даргаар томилогдоод хоёр жил болох гэж байна. Нийслэлчүүд одоо л түүнд дасч байгаа. Тиймээс огцруулна гэдэг бол бүтэшгүй биз. Элдвээр хэлүүлсэн ч гэсэн зүгээр суухгүй байгааг бүгд харж байна. С.Батболд хотын дарга болоод хэд хэдэн том ажлуудыг барьж авсны нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов. Үе, үеийн Засгийн газар дамнан яригдаж ирсэн цэвэрлэх байгууламжийн асуудал С.Батболдыг хотын дарга байх үед шийдэгдэх өнгөндөө ороод байгаа. Түүний хийсэн өөр нэг том амжилт бол Улаанбаатар хотыг өргүй болгосон. Одоо гүүрэн зам, авто замын бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Нийслэлийн хөрсний бохирдлыг арилгахын тулд хэд хэдэн газар “Сервис центр” байгуулахаар тооцоо судалгаа хийсэн юм билээ. Эдгээр нь бүгд биелэгдэх боломжтой. Мөн С.Батболд мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар батлуулчихсан. Тиймээс түүний төлөвлөсөн бүх ажил хэрэгжинэ. Ард түмний амьдралд шууд эерэг үр дүнгээ өгөх юм.

Нийслэлийн МАН-ын даргад хэд хэдэн хүний нэр дуулдлаа. С.Амарсайхан НИТХ-ын дарга болсон эрчиндээ нийслэлийн намын хорооны дарга болохоор өрсөлдөж, биеэ бэлдэж байгаа сурагтай байна. НИТХ бол улс төрийн шийдвэр их гаргадаг. Олонх, цөөнхийн мэтгэлцээн эрүүл шийдвэр гарахад дэмтэй. Гэтэл үүн дээр намын бодлого орчихвол нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэй.

НИТХ-ын даргад Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэр явж байгаа гэх юм. Арай ч үгүй байх. Бөхийн холбооны тэргүүнд зүтгэж байсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын хэлснээр зүдэрлээ, зүдэрлээ гэхэд арай ч Д.Сумъяабазар НИТХ-д санаархахгүй байлгүй дээ.

Намаа хорлох гээгүй л юм бол нийслэлийн Засаг даргыг намын хорооны даргаас салгах хэрэггүй. Зориуд нийслэлд МАН-ыг хорлож, хүчгүйдүүлэх гэсэн садан төрөл болон найз нөхдийн холбоотой, өөр намын угшилтай, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын захиалга ч байж болох юм даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *