Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол: Ринчен гуай, Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцлаа.


Талынбулагийн вант улс ном хэвлэгдэн гарлаа. Мэдээж нутгийнхаа тухай бичсэн ном байж таарна. Шар тэмээний нутаг, Хонины боол, Хөеө, Нулимс холоос харагдахгүй гээд олон бүтээлдээ та ерөөсөө нутгаа л бичсэн хүн?

-Талынбулагаа би “Холбооны бүгд найрамдах улс” ч гэж хэлж болох юм. Өдий насанд хэнээсээ би үгээ бултагануулах билээ. Хэн надад сургах билээ. Мэргэн цэцэн хүмүүн, үзэсгэлэн төгөлдөр нутаг усыг холоос хайхын хэрэг алга. Энэ бүхэн миний хувьд явж явж Талынбулаг маань байж. Хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан булаг. Тэнд л нутагладаг харчууд улам мэргэн цэцэн болсон байх юм. Булгуудын хяр, Сарваацуцахын хөндий, Баянтөхөмийн нуур, Талынбулагтаа үе дамжин бууриа тамгалж яваа тэднийхээ тухай юухан хээхэн олныг бичсээн. Би сүрхий газруудаар тэр бүр яваагүй. Манай Зохиолчдын хорооноос намайг Америк яв гэсэн. Сэтгүүлчдийн холбооноос Шанхай орооч, хөгжлийн охь манлай л гэсэн. Алинд нь ч зөвшөөрөөгүй. Том охин Германд багшилдаг. Хоёр гурван удаа урилга ирүүлсэн, би очоогүй. Би бол ийм хоцрогдсон хүн. Үнэнийг хэлэхэд над шиг хоцрогдсон хүн энэ ертөнцөд маш их хэрэгтэй байгаа юм. Бие биенээсээ өрсөж идэх гээд, өрсөж сайрхаж, өрсөж тодрох гээд байх болж. Манай Бүрэн бол Богд хаант Монгол Улс гэж байхад Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, зовхи нь өөдөө хүмүүс байжээ. Тэр хэмнэлээ алдаагүй өдий хүрсэн. Олон сум барьц алдаж зарим нь дэдгэр дадгар болоход Бүрэн улам л том болсон. Энэ номонд нэг ч зохиомол хүн байхгүй. Булгийн харчуудын өвөг дээдэс гэж ямар лут хүмүүс байсныг би мэднэ. Миний олон зохиолын дүр болсон. “Тэнэг” шүлгээ та тэнэг Зундуйн тухай бичсэн үү гэж хүмүүс асуудаг. Түүний хольц байлгүй л яахав. Гэхдээ энэ удаад Зундуйгаа бичлээ. “Төрийн тэргүүний анд” хэмээн тодотгосон нь учиртай. Самбуу гуайн найз байсан.

-Жамсрангийн Самбуу гуай юу?

-Тэгэлгүй яахав. Бүрэнд болохоор тэнэг Зундуй гээд тэр бүр хүн тоохгүй. Самбуу гуайн 70 насны ойд манай сумын хэдэн хүн очжээ. Тэр том хүн чухам юу асуудаг юм бол гээд сүрхий бэлдэж очсон байгаа юм. Самбуу гуай Сталин, Молотов нарын бэлэглэсэн хоёр алтан аягаар зочдоо дайлаад, нижгэр дайллага болжээ. Юу асуудаг юм бол гэж бэлдсэн хүмүүсээс ердөө гуравхан асуулт асуусан байна. “Манай нутгаар бороо, ногоо сайн уу, газрын гарц гайгүй юу” гээд сүүлд нь “Өнөө муу Зундуй сайн явдаг уу” гэж асуужээ. Сүүлийнх нь асуултад балмагдахдаа “Сайн байлгүй яахав. Нэгдлийн малаа маллаад л” гэчихэж. Нутагтаа ирээд “Арай тэнэг Зундуйг асуумгүй юм” гэхэд Мятавын Туваан, Пунцагийн Баяр гээд луугар өвгөд “Зундуй, Самбуу хоёр чинь тэмээн дээр бамбай тохчихоод Арвин бор толгойгоор гөрөөс эргүүлж явсан хоёр. Өндөрт гарсан хойноо багын нөхрийгөө мартаагүй байна. Самбуу ч мартах хүн биш ээ” гэлцэж байсан гэдэг. Бүрэнгийнхэн ийм л хүмүүс. Их толгой Чимиддорж гэж байлаа. Зээ хүү нь Шинжлэх ухааны их сургуулийн багш Дамдинсүрэн гээд байж л байна. Их толгой гэдэг нь том толгойтой гэсэн үг биш юм. Хүний үгэнд тэр бүр ороод байдаггүй, залуучуудын хэлдгээр пээдгэр өвгөн байж л дээ. Түүний тухай “Буваа” гэж бичсэн. Манайхан тэгж нэрийддэг байлаа. Тэр жил Бүрэнд урд зүгээс жигтэйхэн мэргэн лам иржээ. Улс амьтад мөнгө цаас, хадаг самбай байдаг бүхнээ барьж сөгдөн мөргөөд, биширч үлджээ. Ганцхан хүн манай Талынбулагаас очоогүй нь Чимиддорж байж л дээ. “Цөмөөрөө сангаа тавиуллаа. Манай Буваа л ирсэнгүй дээ” гэж нэг нь хэл дуулгасан юм биз. “Бүх хүн ирсэн байтал тэр ер нь ямар амьтан байна” гээд өнөө лам чинь Буваагийнд буужээ. “Та надаас юу хүсмээр байна” гэхэд нь “Надад хүсэх юм байхгүй. Манайх ганц хүүтэй юм. Өнөөх маань сайн явдгийн, хөгшний бие сайн, таргаа бүрээд цайгаа чанаад байж байна. Саалийн үнээ, хэдэн морьтой юм. Тэгэхээр юу алзах вэ дээ” гэсэн хариу өгч. Лам буцаж явахдаа нутгийн хүмүүст “Танайхан сүрхий улс байна. Хамгийн сүрхий нь их толгой Чимиддорж гэж лут хүн байна. Өөрийгөө олсон хүн юм. Тамин минь хүний орчлонд өөрийгөө олох чухал. Тэгвэл хэнийг ч зовоодоггүй, өөрийгөө ч зовоодоггүй” гэсэн юм гэнэ лээ.

-Танаас Ринчен гуай, Дамдинсүрэн гуайн тухай асуух гэсэн юм. Нэгэнтээ та Явуу багшийнхаа тухай бичихдээ Ринчен гуайтай таарснаа дурссан байдаг?

-Ринчен гуай, Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно. Баянхонгорт болсон уран үгсийн чуулганд Бадарчийг явъя гэж гуйхад нь Явуу “Чи одоохондоо багадна” гэж билээ. Түүн шиг би багадна. Би харьцангуй сүүлд хотод орж ирсэн хүн. Сүрхий хүн болох гээд худлаа ярилтай нь биш дээ. Намайг хотын айл болоход Сүрэнжав, Бадарч хоёр чинь Явуугийн мөрийг алгадах нь холгүй, Пүрэвдоржоо гэж зиндаархах нь холгүй аваргууд байлаа.

Ринчен гуайтай уулзаж, бараа дүрийг нь харж байсан. Харна гэдэг нэг хэрэг, тэр хүнийг мэдэрч ойр дотно явна гэдэг өөр. Харахын тухайд бол Явуу багштай цуг Холбооны яамны урдуур гараад Сүхбаатарын талбай руу иртэл Ринчен гуай талбайн зүүн хойноос ирж явна. Хэлхгэр ханцуйтай хүрэн тэрмэн дээлэн дээр аралтай суран бүс бүсэлсэн зохиолчийн урт буурал үс салхинд хийсч, зөрөн өнгөрөх хүн зонтой мэнд усаа мэдсэн шиг намбайтал алхалж явна. Явуу тэр хоёр цөөн хором ярилцахыг нь дэргэдээс нь сонсч байсан. Далан зургаан онд манайх хотын айл боллоо. Бадарч, Сүрэнжав энэ хэд чинь тавиад оны сүүлээр Зохиолчдын хороогоор гүйчихсэн, зохиолчидтойгоо хэдийнээ танил болчихсон байв. Анхны номын уралдаанд “Уулсын цаана уулс” номоороо Жамцын Шагдар түрүүлж, Сүрэнжавын “Шөнө ургасан цэцэг”, Пүрэвсүрэнгийн “Хүний тухай дуун” бүтээлүүд хоёр, гуравдугаарт шалгарчихсан, ид жаалж явахад нь би гэдэг хүн Төв аймгийн төвд эгээтэй л нусаа хацартаа наалгүй шахам юм явж байсан нь үнэн юм аа.

-Монголын театр урлагийн өрлөг ижий Эрдэнэбатын Оюун гуайн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Оюун гуайн тухай та эрхбиш ярина биз дээ?

-Ерэн таван оны хавар. Миний ажилладаг “Ардын эрх” сонин саарал ордонд байрладаг байлаа. Гурван давхрын хонгилоор явж байтал нэг намхан авгай өрөө бүрийн өмнө очин, хаалган дээрх хаягийг нь өлийн харж байв. Тэр хүн ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун гуай. Монголын шинэ цагийн тайзны урлагийн өрлөг ижий, манай зохиолчдын байгууллагыг ч ялгаагүй хөлийг нь дөрөөнд хүргэлцсэн ахмад зохиолчдын нэг, нэрт орчуулагч түүнийг таньж мэдэхгүй хэн байх билээ. Гэвч тэр их хүндтэн тухайн үед нэг л зутруу, хүүхдийнх шиг жаалхан гартаа өврийн алчуураа тас атгачихаад хөлсөө байн байн арчаад л. “Хамгийн том даргатай нь уулзмаар байна. Театр тараад дууслаа. Хайрхан сайхан жүжигчид, хайран сайхан хүүхдүүд. Юу гэнэ вэ, гахай нохой ч гэнэ үү, сав үүрээд наймаа хийнэ гээд яваад яваад өглөө. Төв театргүй улс гэж байх уу даа, ер” гэв. Гарынхаа ганган хөлийнхөө хөнгөнд гүйж явна гэж билээ. Засгаас мөнгөө гуйна аа, халдавч хар халзандаа гэдэг. Жасрай дээр нь оръё гэж билээ. Оюун гуайтай би уулзаж ярилцаж байсаан. Ихэвчлэн завгүй гэсэн хариу өгнө. Виктор Анотонович түүнд, чи оросоос монгол руу, монголоос орос руу хийж чадах болсон. Ингэж нэг дороо дэвхцэхгүй шүү. Вегагийн “Хонины булаг”-ийг бушуу орчуул, тайзанд тавихад нь туслах найруулагчаар нь ажилла” гэсэн үүрэг даалгавар өгчээ. Энэ тухайгаа “Ээ бурхан минь, яаж ч болж байсан юм. Цагаан Цэгмид, Нямын Цэгмид, Гомбодорж, Бат-Очир, Ичинхорлоо, Цэрэндэндэв, Гомбосүрэн гээд аваргууд тулдаа болгож байсан биз” гэж хариулж байсныг санах юм. Насан өөд болохынх нь өмнө Төрбат бид хоёр гэрт нь очсон. Чойномын номонд, “Араб охины хөрөг шиг торомгор нүдтэй бүсгүй” гэж гардаг охин нь өнгөрчихсөн, өөртэй нь хамт амьдардаг гол хүн унаж хэцүү үе байлаа. Турж эцээд жаалхан дээрээ бүр жаалхан болчихсон. “Тэгэхэд Оюун гуай улсын төв театрт Тэргэл сар шиг сайхан бүсгүй байлаа” хэмээн найрагчийн шүлгэнд мандаж байсан хүнээс иймхэн юм үлдэх гэж дээ хэмээн эрхгүй бодож байсан сан.

-Бабийн Ахтаны 100 жилийн ойд зориулж та шүлэг бичсэн. Тэр тухай миний бие Алтай Таван Богдын алтан бэлээс тэмдэглэлдээ оруулсан учир түр азная. Харин Удвал гуайн тухай асууя. Түүний дурсгалд зориулсан Удвал Удвалаараа л байлаа хэмээх шүлэг тань олон хүний сэтгэлд явдгийг мэдэх юм?

-Тэртээ жараад оны дундуур Төв аймгийн Зуунмодны голын сэрүүн дэнж дээгүүр тэмээ туйлж тараагаад хаячихсан ачаа бараа шиг хэдэн байшин байлаа. Аймгийн төв хүн цөөтэй. Хол ойроос яваа хүн нүдэн дээр ил. Хаврын нэг өдөр Төв саад хэмээх хэдэн бургас тарьж додомдсон талбайд бидний хэдэн хүн байв. “Үнэн” сонины сурвалжлагч байсан сэтгүүлч И.Гүрринчен, хожим морь судлаач эрдэмтэн болсон А.Баярмагнай бид хэд дээр нэгэн эрхэм хүн байсан нь нэгэн үе сайн тэмээчин гэгдэж Ардын их хурлын орлогч даргаар хүртэл сонгогдож явсан Баян сумын тэмээчин “Орхоодой” хэмээх Балдан өвгөн. “Эмгэн, охин хоёр нутаг дээр хоцорсон. Зочид буудалд нойр хүрэхгүй цай нь уусан болохгүй юм, харих сан” гэж үглэн унаа тэрэг харуулдана.Тээр орой болсон хойно аймгийн урдаас нэг машин давхиад ирлээ. Суудлын шинэхэн хар тэрэг биднээс холгүйхэн зогслоо. Дотроос нь нэг эмэгтэй бууж ирсэн нь Сономын Удвал гуай байсан. Ингэж л би тэр эрхэм сайхан хүний барааг анх харсан юм. Далан есөн оны хавар Удвал гуайг Баянхонгорт ажлаар явахад нь таарч уулзав. Аймгийн театрт олон хүн цуглачихсан яриа хийж байсан. “Та нар найрамдлыг зөвхөн том дарга нар бэхжүүлдэг гэж бодно уу, тэгдэггүй юм. Саяхан зөвлөлтийн баахан цэрэг урд хил дээр сургууль хийхээр танай аймгаар дайрч өнгөрчээ. Өлзийт сумын нэг эмээ халуун савтай цай, цагаан сараас үлдсэн хэвийн боовоо бариад зам дээр нь тосч, цэргийн хүүхдүүд баярлуулсан байна” гээд тэр эмээд өгөөрэй хэмээн цаасанд боолттой бэлэг сумын даргаар нь дамжуулж байсныг санаж байна. Хүнд хайртай ахмад буурайдаа элэгтэй, юмыг бага гэлтгүй хүн ёсны харилцааны тухай тунгааж боддог хүн байсан.

Баянхонгороос буцахад нь цуг сууж Өвөрхангайд ирж билээ. Удвал гуайн яриаг сонссоор Арвайн тал орж ирэхэд сая нэг, юм асуух далим гарч “Та манай Самбуу гуайнхыг сайн мэднэ гэсэн байх аа. Би өвгөний сумын хүн шүү дээ” гэсэнд нүдээ цавчлан бодлогошроод “Би олон ээжийн хоолоор хүн болсон. Булган, Өмнөговь, Төв аймагт хаа сайгүй ээжүүд. Тэр дотроо Нямаа ээжийн гарын хоолыг бүр ч их хүртсэн. Самбуу гуайг Өмнөговийн дарга байхад нь бүр сүүлд хойно сурч байхдаа ч тогоог нь амраагаагүй. Дайны цаг. Москва харанхуй, өлөн хоосон. Оросууд гэдэг чинь долоон голтой амьтад шүү дээ. Элчингийнхээ гэрийн хоолыг би бүтэн сайнд нэг удаа буудна. Түүгээрээ долоо хоногоо даана. Оюутнууд цэргийн эмнэлэгт очиж шарх боосоор оройтно, ядарна. Байрны гэрэл гэнэт унтарч ховор шар төмсөө буцалгаж чадахгүй болно. Өлсөөд шөнө орой ч гэсэн гүйж ирэхэд Самбуу гуай дээлээ нөмөрчихсөн хаалга тайлж өгч, үг ч дуугаралгүй гал тогоондоо дагуулж оруулаад монгол дархны зэс шанаганд гурилтай хоол халаангаа миний муу нойтон гутлыг пааран доогуур хийж харагддаг сан” гэж өгүүлэхдээ хоолой нь бөжигнөж байсан. Удвал гуай Монголд их юм өгсөн. Үүнд нь Хатанбаатар Магсаржав, Одгэрэл, Ундрам, “Үер”-ийн Болд өвгөн, “Хүргэн хүү”-гийн Жамц баян, Должин, Дэмбэрэл гээд зохиолын баатрууд нь хариу өгнө. Ер нь тэгээд сайн охины сэтгэлээр эх орондоо өгсөн ном бүтээлийнх нь баатруудад шингэсэн монгол ухааны дайтай үнэт бэлэг гэж юу ч билээ.

-Лодонгийн Түдэв гуайд зориулж та шүлэг бичсэн. Түдэв гуай ч хариу шүлэг бичсэн. Тэр тухай асуумаар санагдаад явдаг юм.

-Монгол минь мундаг харагдаад байгаа юм уу, Монголын баялаг сайхан харагдаад байгаа юм уу, бүү мэд. Одоо бол гаднынхан Монголыг их л магтаж байна. Харин манайхан өөрсдийгөө доош хийгээд байдаг. Түдэв гуай Нобель авахгүй байх л даа. Уул нь авах ёстой хүн нь гарцаагүй. Цагаасаа хамаагүй эрт түрүүлчихсэн хүн л дээ. Гэвч энэ цаг үе Түдэвийгээ хайрласангүй. Төр засаг гэж байдаг юм бол Түдэвийг аль болохоор наслуулах, оюуных нь нөөцийг авч үлдэх, монгол хүний оюун юу бүтээж, юуг мэдэж болдгийг уул нь гайхуулмаар. Тэгж өгөхгүй юм. Түдэв гуайн гэрт би орж үзээгүй. Өрөөнд нь очсон юм. “Үнэн” сонины уйтан ганц өрөөнд сууж байсан. Өрөнд орчихсон хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа компанийн захирал ч түүнээс арай дээр өрөөнд суух байх л даа. Гэвч Монголын тэргүүн сэхээтэн тийм л харанхуй өрөөнд сууж байсан.

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна…

…Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан

Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан

Цэвдэг эх орон дахиад л түүгээр гараа угаав

Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхагуудын санаанд бол Яасан их мэддэг Лүдэв гээд бичсэн л дээ. Хариуд нь Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг

Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ

Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй

Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг…. хэмээн “Дөнгөтийн Цоодолын шүлгээс төрсөн шүлэг”-тээ өгүүлсэн байдаг.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *