Categories
мэдээ нийгэм

Шинэ ертөнц бүтээсэн тэрбумтан эрхэм

Бидэнд хуучин байсан бодит ертөнцөөс гадна ухаалаг бас бодит бус мөртлөө бодит цоо шинэ ертөнцийг бий болгож өгсөн Стивен Пол (Стив) Жобс (англ. Steven Paul «Steve» Jobs) 1955 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод төржээ.Стивийн төрсөн эх, ганц бие аспирант оюутан Жоанна Шибл хүүхдээ тэжээх боломжгүйн улмаас хүүхэдгүй хос Пол, Клара Жобс нарт жаал хүүд сайн боловсрол олгоно гэсэн амлалт аван үрчлүүлжээ. Эхнэр, нөхөр Жобс ч хэлсэн амандаа хүрч Стив 17 настайдаа Портленд хотын Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарчээ. Тэрээр үүнийгээ сургалтын төлбөрт эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стив өөрөө сургууль түүнд юу өгч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохгүй байсан гэдгээр хожим тайлбарлаж байв. Тэрээр миний амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэр энэ байсан хэмээн нэмж дурссан байдаг. Сургуулиа орхисон Жобс жил хагас хэртэй коллежид чөлөөт сонсолтоор хичээлд суун, “Кола”-ны шил түүж хоолныхоо мөнгийг олж, ангийнхаа хүүхдийн нийтийн байрны шалан дээр хоног төөрүүлдэг байжээ. Дараа нь тэр хэдэн жилийн өмнө Hewlett–Packard компани дээр хийсэн зуны дадлагын ажил дээр танилцсан Стивен Возняктай дахин тааралджээ. Тэр үед л өөрийн бизнестэй болох санаа түүнд төрсөн байна. Тухайн үед Воз, Жобс хоёр хоёулаа 20 нас хүрч байлаа. Тэд өөрсдийн бизнесээ “хөх хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах тусгай төхөөрөмж хийснээр эхлүүлсэн байна. “Фирм” нь Жобсын эцэг эхийн гаражид байрлаж байлаа. Техникийн суут ухаантан Возняк, төрмөл бизнесч Жобс бие биенээ маш сайн нөхөж байв. “Хөх хайрцаг”-тайгаа найз нар нэг их удаан зууралдаагүй бөгөөд дараагийн алхам нь худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. 1976 онд тэд гарааны 1,3 мянган доллартойгоор “ Аpple Computer” компаниа байгуулав. Компаний эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлгүүрт зориулан 50 ширхэг “Apple I” компьютер угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр бөөнөөр үйлдвэрлэсэн анхны персонал компьютер “Apple II”-оо гаргасан байна. Тэдний бүтээлийг урьдчилан харсан хөрөнгө оруулагчид Apple II-т мөнгө хаяж, 1980 оны сүүл гэхэд компани үндэсний хэмжээндхүрлээ. Жобсын хувийн хөрөнгө 200 сая долларт хүрчээ. Тэр 25 хүрч байлаа. Компьютерийн салбар дахь дараагийн томоохон алхам нь Жобсын өөрөө санаачлан гардан удирдсан “Macintosh” төсөл байв. Хэт дав дув хийсэн тогтворгүй зангаасаа болоод тухайн үеийн компаний гол төсөл “Lis компьютерийг боловсруулах ажлаас тэр зайлуулагдсан байлаа. Жобсын хор шар нь хөдөлж ашиглахад хялбар компьютер зохион бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэн залуу инженерүүдийн цомхон багийг бүрдүүлж “Mac”-ийг үйлдвэрлэн танилцуулжээ. Үүнээс удалгүй Жобсыг «Apple»-аас халав. Тэрээр өөрөө гуйж “Pepsi-Colа” компаниас“Apple”-д авчирсан шинэ гүйцэтгэх захирал Жон Скаллитай ааш зангаар таараагүй хэрэг. Захирлуудын зөвлөл Скаллид итгэл үзүүлж Жобс гудамжинд гарчээ. Хожим нь Жобс үүнийг амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахад түлхэц өгсөн үйл явдал болсон хэмээн ярьсан байдаг. Зүгээр сууж чаддаггүй Жобсын олны дунд нэр хүндээ барж, хаашаа ч хамаагүй холхон зугтаах гэсэн хүсэл нь хэдхэн сарын дараа бүхнийг эхнээс нь эхлэх шийдвэрээр солигдсон юм. Дараагийн таван жилд тэр «NeXT», «Pixar» гэсэн хоёр ч компани байгуулж, ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Хожмоо “Pixar” нь дэлхийн хамгийн амжиллтай анимейшн студи болсон билээ. 1996 онд хямралд орсон “NeXT”-ийг “Apple” компани худалдан авчээ. Ийнхүү Стив Жобс дахин захирлуудын зөвлөлд орж, “Apple”-ийн түр (хожим нь байнгын) хэрэг эрхлэх захирал болсон юм. 2001 онд “Apple” анхын “iPod” тоглуулагчаа дэлхий дахинд танилцуулжээ. Ганцхан жилийн дотор түүний худалдаа компаний орологын үндсэн эх үүсвэр болсон билээ. 2006 онд сүлжээний мультимедиа плейер “Apple TV” худалдаанд гарлаа. 2007 оноос iPhone худалдаанд гарч харин 2008 онд Жобс дэлхийн хамгийн нимгэн нөүтбүүк – MacBook Air-аа танилцуулжээ. 2011 оны аравдугаар сарын 5-нд Стив 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнидтаалал төгсчээ. Бидэнд өнөөдрийн шинэ ертөнцийг бий болгож өгсөн энэ их хүний хэлсэн үгс нь өнөөдөр ч ач холбогдолоо алдаагүй байна. Тэрээр “Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийгээ ярихаас нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой амархан зүйл байсан мэт санагддагаас тэр”. “Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно”. “Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм”.“Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө”. “Оршуулгын газар дахь хамгийн баян хүний булш байх надад сонин биш. Харин орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал”.“Хэрвээ чи ямар нэг сайн зүйл бүтээж чадсан бол түүнтэйгээ удаан зууралдалгүй орхиж өөр нэг гайхалтай бүтээл эхлэх хэрэгтэй. Шууд л сайн зүйлийнхээ дараа юу хийхээ бодож ол”.“Apple-ээс халагдсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай явдал. Амжилтын дарамтнаас салж бүхнийг шинээр эхлэх боломж өгсөн. Ингэснээр миний амьдралын хамгийн бүтээлч он жилүүдийн нэг үе эхэлсэн билээ”. “Тооноос чанар илүү чухал. Хоёр удаа дэд байр эзэлснээс нэг удаа түрүүлэх нь хамаагүй дээр”.“Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ” гэсэн сургааль олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж тэр цагаас хойш би 33 жил өглөө бүр толинд харангаа “Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг болсон”. “Амжилттай яваа нэгний бусдаас ялгарах гол шинж нь цөхрөлтгүй хичээл зүтгэл гэдгийг би сайн ойлгосон”. “Зогсолтгүй тэмүүлэгч бас суралцагч бай” гэж бидэнд захиж үлдээсэн билээ.

Стивен Пол Жобсын тухай уншиж буй таны компьютерийг тэрээр анх хийж дэлхийг ширээн дээр чинь авчирч өгсөн гавъяатан билээ.Жобс бас өөрийн бүтээсэн цоо шинэ ертөнцийг ухаалаг болгож дэлхийг гар утсаар чинь дамжуулан гарт чинь бариулсан аугаа суутан юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *