Categories
мэдээ нийгэм

Нийл Сакер: Засгийн газраас төсвийн зарлагыг үр ашигтай болгох тал дээр анхаарах шаардлагатай

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбогдуулан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер мэдээлэл хийлээ. Тэрээр “Захирлуудын зөвлөлийн гишүүд хөтөлбөрийн хэрэгжилт дээр сэтгэл хангалуун байгаа. Үнэлгээг баталснаар дараагийн санхүүжилт олгогдох үүд хаалга нээгдлээ. Эдийн засаг бидний тооцоолж байснаас хамаагүй эрчимтэй сэргэж, өндөр өсөлттэй гарч байна. Монгол Улсын гадаад валютын нөөц ч эрчимтэй нэмэгдэж одоогийн байдлаар гурван тэрбум ам.доллар боллоо. Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ утгаараа хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүд илүү ач холбогдолтой болж байна. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд татварын орчныг таатай болгож, их хэмжээний татварын орлого цуглуулдаг тогтолцоо рүү шилжих зорилт дэвшүүлж байгаа. Эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд төсвийн орлого ч нэмэгдэж байна. Тэгэхээр Засгийн газраас төсвийн зарлагыг үр ашигтай болгох тал дээр анхаарах шаардлагатай. Санхүүгийн салбарт банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжиж байх хэрэгтэй. Үүнээс гадна олгож буй зээл нь бага хүүтэй, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг дэмжсэн байвал эдийн засагт тустай” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *