Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишээс тодруулахад, “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нэг өрхийн үхэрт шүлхийтэй төстэй өвчний шинж тэмдэг илэрсэн. Одоогоор тус хэсэгт түр хугацааны хорио цээр тогтоож, шинж тэмдэг илэрсэн үхэрнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлээд байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Тиймээс шүлхий гарсан гэж хэлэх боломжгүй. Олон нийтийн сүлжээгээр Булган аймгаас ачиж ирсэн мал шүлхийтэй байсан гэсэн мэдээлэл тархсан. Одоогоор тухайн хэсэгт тандалт судалгааны ажил явуулж байна. Шинжилгээний хариу өнөөдөр орой эцсийн байдлаар гарна” гэлээ.