Categories
мэдээ спорт

“Чингис опен 2018” тэмцээн шилдгүүдээ тодруулаа

Зураг

Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан “Чингис Опен 2018” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 23-25-нд Хэнтий аймгийн төв Чингис хотноо болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгийн эрэгтэй 76, эмэгтэй 38, нийт 114 тамирчин ухаанаа уралдуулсан байна. Энэ удаа олон улсын их мастер цолтон 3, олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 11, дэд мастер 19, зэрэгтэй тамирчин 40 гаруй байв. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь 75 настай Д.Жамсран, хамгийн бяцхан оролцогч нь 7 настай Б.Идэрболд байсан юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун 14, спортын мастер Б.Батжаргал 13 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс ДДХМ Г.Хэрлэнмөрөн 14 оноогоор манлайлж, ДДХМ Б.Нандинцэцэг 14, ДДХДМ Г.Дүүрэнбилэг 13 оноогоор эхний гурван байрт оров.

Ахмадын ангилалд спортын мастер Г.Гансүх, I зэргийн тамирчин Ц.Ганбаатар, 17 хүртэлх насанд хөвгүүдээс дэд мастер М.Лувсандорж, охидоос спортын мастер Б.Мөнхжин, 14 хүртэлх насанд хөвгүүдээс спортын мастер Б.Баярманлай, охидоос дэд мастер Л.Надмид, 11 хүртэлх насанд хөвгүүдээс I зэргийн тамирчин Х.Өнөмөнх, охидоос дэд мастер М.Отгонтунгалаг нар тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тусгай шагналыг Ж.Доржнямбуу (Хэнтий), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол), Б.Идэрболд (Хэрлэн-4) нарт олгожээ. Тус тэмцээнийг Хэрлэн сумын ЗДТГ, “Өгөөмөр зөв зам” ХХК, “Хэрлэн-1” лаборатори сургуулиуд ивээн тэтгэсэн юм.

Энэ үеэр БТСГ-ын “Алтан од” шагналыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатад, “Спортын алдар” одонг Хан Хэнтийн даамын холбооны тэргүүн Г.Наранцогтод гардуулжээ. Хотын захиргаанаас “Чингис Опен”-ийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна гэдгээ тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр сонорпуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *