Categories
мэдээ цаг-үе

Сангидоржийн Саянцэцэг: Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг мартагдашгүй


Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн гэр бүл

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дэлхийд Монгол Улсынхаа нэр нүүрийг тахалдаг нэрт төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.

-Таны шавь нар Москвад болсон олон улсын наадамд амжилттай оролцоод ирлээ гэв үү?

-Өчигдөр (2018.02.06-ны мягмар гаригт ярилцав. сур) ирээд цагийн зөрүү сайн гараагүй л сууж байна. Монголынхоо ард түмэнтэй танай сониноор мэндчилж байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маань маргааш Монголын хүүхдийн ордонд тэмцээнтэй байгаа. Бид жил бүр олон улсын тэмцээнд явдаг. Испанид аж төрж байхдаа шавь нараа, Европоор авч явж, тэмцээнүүдийн эхний гурван байрыг авч байсан. Энэ амжилтыг минь үнэлж Вюска хотын дарга шилдэг уран бүтээлчийн шагнал гардуулж байлаа. Манай хот чинь Испанийн хойт зүгт Францтай хил залгаа оршдог, наян таван мянган хүн амтай, монгол нутагтай адилхан газар байдаг. Далайн уур амьсгалтай, нартай их сайхан нутаг даа. Би Москвад сургуулиа 1993 онд төгсөөд шавь бэлдэж эхэлсэн. Арван таван настайгаасаа багшийн дадлага ордог байлаа. Анхны шавь маань испани хүүхдүүд. Би Москва руу наймдугаар ангиа төгсөөд явсан. П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд, дээд хоёр сургуульд арван жил сурсан. Тэнд сурч байхдаа л орос хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Тэр үеийг би багшилж байсан гэж тооцдоггүй. Шавь нарт тооцох хүмүүс бол яах аргагүй миний дүү нар байгаа. Бид дөрөв чинь дөрвүүлээ Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байлаа. Манай аав, ээж хоёр мөн ч зоригтой улс шүү.

-Яагаад зоригтой гэж?

-Би ганц хүүгээ төгөлдөр хуурч болгож чадаагүй байхад миний аав, ээж хоёр дөрвөн хүүхдээ төгөлдөр хуурч болгож хүмүүжүүлсэн нь том зориг. Өөрсдийнхөө хамаг цагийг бидэнд зориулна. Ялангуяа ээж минь урлагт их дуртай хүн. Зураг сайхан зурдаг, бүжиглэдэг, Төв аймгийн хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байхдаа аавтай танилцсан. Ээж маань гайхамшигтай бүжиглэдэг байсан учир ардын жүжигчин, бүжиг дэглээч Сэвжид гуай ээжийг Ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчнээр авъя гээд шалгалт авахад тэнцэж байсан. Эмээгийн үгэнд ороод эмнэлгийн хүн болчихсон юм билээ. Хөгшин ээж баяд гэж явдаг байсан. Уг гарлыг нь судлаад үзэхээр Завхан аймгаас гаралтай жинхэнэ халх хүмүүс л юм байна лээ. Ээж маань өчигдөр хүртэл ахмадуудын урлагийн үзлэгийн удирдан найруулж байгаагаа ярьж байна. Аав минь их тусалдаг байсан ч таван жилийн өмнө бурхан болсон учраас нөгөө улс нь ээжийг гуйсан байгаа юм. Би багаасаа гурван дүүдээ хөөрхөн жижигхэн багш болчихдог байсан. Миний багшийн ажил тэндээс эхэлж. Миний анхны багш аав байсан учраас яг аавыгаа дуурайж тэдэндээ заадаг байлаа. Миний аав сэтгэлийн их хөдөлгөөнтэй, жинхэнэ урлагийн хүн. Маш олон ааштай. Тэр олон ааш нь хөгжмийн бүтээл туурвихад яг тэр хэвээрээ ноотонд буудаг. Би хөгжмийн зохиолч биш ч үүнийг сайн мэдэрдэг. Одоо би нас тавь гарчихлаа. Аавынхаа ааш, авьяас бүхнийг одоо л ойлгож эхэлж байна. Залуу байхад ээж ааваа бид ойлгодоггүй ш дээ. Аавын олон ааш хүнд болгонд заяагддаггүй, ойлгогддоггүй ааш. Миний ааш бас тийм. Ээж “Аавыгаа дууриасан олон ааштай” гэдэг юм. Тэр олон ааш бол муухай ааш биш настрыйнаараа амьдардаг ч гэх юм уу тийм ааш. Эхний хүүхэд сайхан ирэхэд миний ааш тэр өдрөө тийм л байдаг.

-Хөгжмийн цагаан толгойг ааваараа заалгаад тэр их ертөнц рүү орж дээ?

-Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг одоо ч мартагддаггүй. Гар тавьсан багш бол миний аав. Таван наснаас минь л хоёр жил надад хичээллэсэн. Социализмын үед таван наснаас сурна гэдэг өнөөгийнхтэй адил амар зүйл байгаагүй. Өнөөдөр айл болгоны хүүхэд хөгжим тоглож байна. Хөгжим, бүжгийн сургуульд долоотойдоо орсон. Миний орос багш Ляпшин гэдэг их хатуу хүн байсан. Намайг их уйлуулдаг, юмыг арван хуруу тэгш хийх дуртай. Тэр зан нь аавынхтай их тохирдог. Гэхдээ намайг хэт чангалаад байхаар аав минь их хамгаална. Ууган охин нь болохоор их хайрлана. Тиймээс хичээлд аав байнга ирж сууна. Эхний хоёр жил хамт суусан. Аавын яриагаар долоон настай охиноо өдөрт зургаан цаг суулгаж хичээл давтуулдаг байсан гэж байгаа. Тэр их чухал дэвсгэр болсон. “Хүн болох багаасаа” гэдэг үгэнд би их итгэдэг. Түүнээс арван найман нас хүрчихээд авьяас нь задарна гэдэг худлаа. Аавынхаа тэр л сургалтын аргыг би одоо шавь нартаа хэрэглэдэг.

-Аав тань анх ямар бүтээлүүд тоглуулдаг байв?

-Сансаргэрэлтэх дүү минь хожим “Зулай цагаан Алтай”-г нэмж найруулжуулгыг нь хийсэн 33 дуу байгаа. Үүний гучин хоёр ардын дууг наяад онд аав биччихсэн байсан. Энэ номыг сургалтад бага хэрэглэдэг. Эдгээр 32 дууны анхны тоглолтыг би хийсэн. Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байгааг гавьяат Буянхишиг эгч надад хэлсэн. Хааяа радиогоор явдаг гэж хүмүүс ч хэлнэ. Аавын далаад онд бичсэн төгөлдөр хуурын сонат зэрэг томоохон бүтээлүүдийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд тоглодог байсан. Харин хорин прелюдийн заримыг нь би тоглосон. Аав тэр үед дагуулаад радиод очиж бичүүлэхдээ давтуулаад тоглуулаад байдаг байсан.

-Аав чинь Баянхонгорын Богд сумын хөдөөгийн эгэл жирийн айлын хүү. Төгөлдөр хуур болоод бусад хөгжмийг яаж тэгж гайхамшигтай сурсан юм бол?

-Би аавыгаа гайхамшигт суут хүн л гэж боддог. Бид бол багаасаа хөгжим тоглож сурч байна. Аав маань ч зааж өгөөд, Зөвлөлтийн мэргэжилтэн ч зааж өгөөд их азтай. Би гэхэд ардын жүжигчин Тувааны Цолмон гээд багшдаа бурхны авралаар шавилсан байх жишээний. Хэдийгээр би бурханд итгэдэггүй ч хувь заяаны зам минь бурхны гараар зурагджээ гэж баярлаж явдаг. Хөгжим, бүжгийн дунд сургуульд ороход ч гэсэн Галицкая багш маань маш нарийн хөдөлмөр, ухааныг гайхамшигтай зааж өгсөн. Азаар би байгалиас хөгжим тоглох авьяастай байж. Аавын тухайд гайхамшигтай. Анхны мэргэжил нь бага эмч мөртлөө Багшийн сургуульд орж суралцсан байдаг. Аав ээжтэй танилцахаас өмнө аккордианыг маш чадварлаг тоглодог байсан юм билээ. Ахтайгаа хамт дуулж, хөгжимдөөд аймаг сумдаар аялан тоглолт хийдэг байж л дээ. Шүлгээ өөрөө биччихдэг, ая хийдэг, бас хошин шогийн тоглолт үзүүлдэг, зураг зурдаг маш авьяаслаг хүүхэд байж. Ээжтэй танилцах үедээ хоёулаа гайхалтай бүжигчид байсан гэж байгаа. Намайг ухаан орсон цагаас пянз, радио сонсдог айл байлаа.

-Таны хөгжимчин болох ч аргагүй гэр бүлийн гайхамшигтай орчинтой холбоотой байх нь аргагүй юм аа?

-Аав ээж хоёр радио сонсохыг зурагт үзэхээс илүү чухалчилдаг байж. Ээжид одоо болтол радио нь бий. Аав оюутан болоод төгөлдөр хуур дээр маш олон цаг сууж сонгодог зохиолыг давтдаг байж. Алма-Атыд хөгжмийн зохиолч Зундуйн Хангал гуайтай хамт сурч байхдаа олон сайхан пянз авчирдаг, түүнийгээ өөрийн уран сэтгэмжээр их тоглодог байлаа. Тэрний ачаар бид дөрвийн сонсгол багаасаа хөгжсөн. Тэр үеийн пянзнууд бол бидний биширдэг түүхэн суут хөгжмийн зохиолчдын бүтээл л байдаг байсан. Бидний хөгжимчин болох суурь маш багаас тавигдсан. Эхийн хэвлийд байхаас л хөгжмийн гайхамшигт орчинтой танилцсан. Ээж маань хүртэл үүнд нь автаж угаагдсан гэдэг. Ээж аавын бичсэн шинэ дуунуудыг бүгдийг анхлан дуулж сонсгоно. Шөнөжингөө аавын ноотны цааснуудыг татуулж зуруулдаг байлаа. Ээж аавын бүтээлийн ноотыг хуулна. Хөгшин ээж маань ууган охиныдоо амралтын өдрүүдээр ирж, иклээ татаж, бийгээ бийлнэ. Тэгээд надаар төгөлдөр хуур даруулж байснаа “Энэ муу амьтныг хар багаас нь ингэж зовоох” гээд мэлмэртэл уйлна. Хоол ундгүй суулгаад олон цагаар суулгалаа гэж санаа нь зовдог байсан шиг байгаа юм. Тэгэхэд зээ охин нь хөгжим тоглохын л бөөн дур байхгүй юу.

С.Саянцэцэг таван настайдаа…

-Та хэдэн наснаасаа гадаадад явж байв?

-Одоогийн хүүхдүүд шиг дөрөв таван наснаасаа явах тийм боломж социализмын үед байгаагүй. Хөгжим, бүжгийн сургуулийн долоодугаар ангид байхдаа дэлхийн авьяастан хүүхдүүдийн фестивальд дуучин Алтан-Уяатай Монгол Улсаа төлөөлөн Болгарын Софи хотод очиж оролцож байсан. Алтан-Уяагийн номерыг би тоглож тусгай хөтөлбөрт шилэгдэж орж байлаа. Арван дөрвөн насандаа Болгарын том Дуурийн театрт Листийг тоглож шилдэг арван номерт багтана гэдэг азтай хэрэг шүү. Тэгэхэд сонсож байсан улс нь Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийн профессорууд байсан. “Энэ хүүхдийг дээд сургуульд авъя” гэж Болгарын ЭСЯ-наас хүртэл дуудаж байлаа. Т.Цолмон багш маань Москва руу явуулна гээд зөвшөөрөөгүй. Багш маань миний бурхан учраас би толгой мэдэж шийдэж чадахгүй л дээ.

-Айлын ууган хүүхдүүд ажлын ихийг үүрснээ гайхацгаадаг. Таны хувьд ямар байв?

-Намайг гэрийн ажилд огт оролцуулахгүй. Манай гурван дүү гэрийн ажлыг маш сайн хийнэ. Москвад очоод татсан мах дэлгүүрээс худалдаж аваад ямар ч давс, хольцоогүй хоол анх хийж хөглөсөн түүх надад бий. Сүүлдээ ч хоол хийж сурсан л даа. Миний хань испани хүн байдаг. Хөгжмийн анги төгссөн төгөлдөр хуурч хүн. Одоо хоол ундыг маань сайхан хийж өгнө.

-Аав чинь ер нь хэд орчим дуу, томоохон бүтээлүүд бичсэн байх юм?

-Миний мэдэхийн таван зуу гаруй дуутай. Маш олон дуу захиалгаар хийсэн. Испаниас жилдээ хоёр гурван удаа ирээд байх үед өдөр болгон л хүн орж ирээд гуйна. Хамгийн гунигтай нь барьж байгаа бэлэг нь дандаа архи. Миний аавыг хүмүүс архи уудаг байсан л гэж байна. Ер нь түүхэнд хөгжмийн зохиолчид бүгд уудаг байсан. Бетховен ч, Шуберт ч уудаг л байсан. Энэ уудаг гэдэг үгийн цаана маш олон утга байгаа. Хүн яагаад уудаг, яагаад уудаггүй юм бэ. Зарим нь эрүүл мэндээ бодож байна. Аав маань сэтгэл санаагаар их унана. Аавыг дээрээс дэмждэггүй байсан. Эх орныхоо бүхий л сайхан үзэсгэлэнт гол нуур, уул, тал хангай, говьд зориулж дуу хийсэн хүн миний ааваас өөр байхгүй. Аавын хойноос улсууд энэ талын сэдэв рүү орсон. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” гээд үнэхээр аварга дуунууд шүү дээ. Аавынхаа сэтгэлийн энэ гунигийг би мэдэрч сэтгэлийг нь хуваалцаж, аавыгаа их өмөөрдөг байсан. Миний аав “Намайг тоосонгүй” энэ тэр гэж огт ярьдаггүй хүн ч гэсэн би тэрийг нь мэдэрдэг байлаа. Архи бариад ирж байгаа улсыг би уурлаж хүлээж авдаг байсан нь нууц биш. Дараа нь манай Баянхонгорынхон эд нар бол сайхан ааруулаа бариад ирдэг байлаа. Аав сүүлийн таван жилд сэтгэлээр их унасан. “Аав нь удахгүй үхнэ” ч гэх юм уу зөгнөөд л байдаг байсан. Аавын минь зохиолууд бол үнэхээр агуу. Тиймээс би аав, дүү хоёрынхоо зохиолуудыг амилуулах дуртай. Аавынхаа амьд ахуйд Испанид цөөхүүл хөгжимд зориулсан хөгжмийн наадамд бүтээлийг нь тоглож баярлуулж байлаа. Тэр наадам маань энэ жил есдэх жилдээ зохиогдож байна. Испанийн хөгжимчид, Английн морин хийлч, Хятадын хийлч гээд аавын бүтээлийг тоглодог гадаадын олон хөгжимчин бий. Сая Хятадын хийлч “Миний ээж тэмээчин” дууны аялгууг тоглолоо.

-Та хөгжмийн бүтээл туурвидаг уу?

-Баруун дөрвөн замын тэнд манайх байх үед эрэгтэй дүү маань л төрсөн байлаа. Тэгэхэд намайг зохиолч болгох гэж үзсэн юм. Аав надад хөгжим зохиохгүй бол хоол өгөхгүй гэж айлгаад, би уйлаад нэг юм бичсэн чинь тоглож үзээд аав ээж хоёр элгээ хөштөл инээж байсныг сайн санадаг юм. Миний хувьд “Хоол идэхгүй бол үхнэ ш дээ” л гэж бодсон хэрэг. Хурдан хоол өгчихөөсэй л гэж уйлаад байсан юм шиг байгаа юм. Манай хоёр ихрийн хувьд зохиолчийн авьяас байсан. Энэ гурав дээр чинь том болсных нь дараа туршлага хийсэн л дээ. Харин над дээр дэндүү жаахан байхад туршиж үзээд, миний аав авьяасын хувьд хатуу шалгууртай хүн шүү. (инээв. сур) Ихэрээ сайн хөгжмийн зохиолч болох байсан. Ижилээг сайн тоглогч юм байна гэж байсан юм даг.

С.Саянцэцэг бяцхан шавь нарын хамт

-Ихэрцэцэг, Ижилцэцэг дүү нар чинь юу хийж байна?

-Ихэрээ маань эгчийнхээ туршлагыг авчихсан, сайн багш Испанид ажиллаж амьдарч байна. Миний хөгжмийн сургалтын ажилд арваад жил туслаад, хичээл заагаад явж байна. Ижилцэцэг маань Нью-Йоркод гарын хэдэн шавьтай, гоо сайхны салон ажиллуулж байна. АНУ-ын “Авидо” гэдэг фирмийн сургалтад дөрвөн жил сурч дипломыг нь аваад ажиллаж байгаа.

-Сансаргэрэлтэх дүү нь бас Америкт байгаа бил үү?

-Манай Сансар чинь Вашингтонд хувийн сургалтын төвтэй, бичлэгийн студитэй, хөгжмийн зохиолоо бичээд байж байна. Дүү маань олон хообийтой. Зураг зурна. Багын л мундаг хүү байсан. Эвдэрсэн радиог хүртэл засчихна. Манай гурван дүү чинь их уран. Гурвуулаа нийлээд юухан хээхнээр ер нь байшин барьчихна шүү.

-Москвад болсон олон улсын наадамд шавь нар тань амжилттай оролцлоо гэсэн сэдвээр яриа маань эхэлсэн санагдана?

-Дөчөөд орос, арван гадаад тоглодог жижиг Рахминовын тэмцээн шүү дээ. Рахминовын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээн л дээ. Бид юм авч чадахгүй байх гэж бодож байсан ч шавь нараа тайзан дээр гаран гартал нь бэлдсэн. Манай Монгол Улсын консерваторийн багш нар маань сэтгэл санаагаар их дэмжиж байсанд баярлаж байна. Тоглосны дараа хоёр хүүхдээ аваад Москвагийн хамгийн алдартай танхимд өдөрт хоёр концерт үзэж байлаа. Шүүгчид нь Сөүл хотоос ирсэн багш, Испанийн нэртэй төгөлдөр хуурч, гуравдахь нь Гнессиний сургуулийн алдартай декан орос хүн байсан. Тэр гурав биднийг концерт үзэхээр явсан хойгуур “Багшид баяр хүргээрэй” гэсэн байсан. Онгоцны буудал дээр байж байтал Оросын төгөлдөр хуурч Дмитрий маань дүнг явуулсан. Доороос нь хартал тусгай байрт зургаан настай Зоригтбаатарын Амин-Эрдэнэ маань орж. Сандарсандаа Отгонбаярын Нандин-Эрдэнэ гэдэг нэрийг харж чаддаггүй ээ. Тэгтэл харин гуравдугаар байрт орсон байсан. Нийт 52 төгөлдөр хуурчаас миний хоёр бяцхан шавь улсынхаа нэрийг дуурсгаж ийм амжилт гаргасанд маш их баяртай байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *