Categories
мэдээ нийгэм

Үнэт металлын сорьцын хяналтын газрынхан алтны сорьц тогтоох өндөр нарийвчлалтай аналитик жинтэй боллоо

analitik jin

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийнхөн Швейцарь улсад үйлдвэрлэсэн алтны сорьц тогтоох өндөр нарийвчлалтай 45 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг аналитик жинг дагалдах хэрэгсэлийн хамт Үнэт металлын сорьцын хяналтын газарт өглөө. Энэхүү жин орчин үеийн шийдэл бүхий өндөр нарийвчлалтай гэнэ. Тус аналитик жинг ашигласнаар шинжилгээний үр дүн гарах хугацаа богиносож, найдвартай, үнэн зөв болоход сайнаар нөлөөлөх юм.

Тус төслийнхөн Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-ын техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр хамтарч ажилладаг. Үнэт металлын сорьцын хяналтын газар бичил уурхайгаар олборлосон алтыг хайлуулах, сорьцлох, албан ёсны зах зээлд борлуулахад болон шудрага олборлолтын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

Өнгөрөгч 2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар ҮМСХГазарт Итали улсын TopCast брэндийн алт хайлуулах индукцийн зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлсэн гэнэ.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын ҮМСТЛаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга аргачлалаар шинжилгээний үр дүнг гаргадаг бөгөөд ISO 11426:2015, ISO 11427:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үнэт металлын шинжилгээний үр дүн ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ зэрэг орны шинжилгээний дүнтэй тохирдог юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Швейцарийн ЭСЯ-ны Консулын хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, ШХА-ийн хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *