Хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажил явагдаж байна. Үүний хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалт бүхий “Ford Trasit” маркийн автомашиныг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.
Тус аймгийн Цагдаагийн газраас уг автомашиныг гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, хоёр алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслийг бэлтгэн хот хоорондын замд хөдөлгөөнт эргүүл, явуулын постыг байнга ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.