Categories
мэдээ цаг-үе

Улиг болсон зүйлсийг ярьсаар утаанаас салахгүй

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Ажлын хэсгийн хуралдааны үеэр өнгөрсөн онд 23 мянган гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуурт холбож дууссан гэж байв. Энэ онд Дарь-Эх, Дамбадаржаа, Хайлаастын гэр хорооллыг цахилгаан халаагуурт холбох юм байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гэрийн дулаалгыг хэрхэн шийдэх вэ. Дулаан хадгалах чадвартай дулаалгад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна. Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээний хүчин чадал хангалттай юу. Одоо Засгийн газар зоригтой шийдэл гаргах хэрэгтэй. Гадаадын орнууд бага зардалтай орон сууцаар хангаж ирсэн. Ойрын үед маш тодорхой шийдвэрийг Засгийн газар УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна” гэхэд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Нэгдсэн тооцоо хийгдээгүй. Таван ханатай гэрийг сайн дулаалвал хоёр кВт эрчим хүчээр дулаан хадгална. Гэрийн дулаалгын материалыг хийхэд 1.3 сая төгрөг болно. Дэд бүтцийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 50 айлыг багтаасан халаалтын зуух 100 сая төгрөгт багтаж байгаа. Дулаалгын материалыг гадаадаас судалж үзмээр байгаа юм. Гэрийн дулаалга үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Утааны асуудал ярихаар буруутан байхгүй болчихоод байгаа юм. Засгийн газар, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотод буруу байхгүй гэх юм. Өмнөх замаа харахаа больтол утаатай болчихсон байна. Бодитой зүйл ярих хэрэгтэй. Орон сууцжуулах асуудлаар 2-3 давхар байр барина гэдэгтэй санал нэг байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Утааны асуудлаар одоо шийдэл гаргах хэрэгтэй. Хуульгүйгээр, төрийн шийдгүйгээр утаа арилахгүй. Тиймээс хууль санаачил. “Яндангаасаа хар утаа гаргаж байгаа этгээд гэмт хэрэгтэн мөн” гэж Лондонгийн хуульд бичсэн байдаг. Тэгэхээр тухайн айл өрх, хувь хүн хар утаа гаргахгүй байхаар зүтгэнэ. Үүнээс юунд нь айх вэ. Хар утаа гаргавал айл бүр 50 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох хэрэгтэй. Тэр хүн цахилгаанаа сонгоно уу, дулаан халаалт тавих уу гэдгийг өөрсдөө шийдэх хэрэг. Шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Баянзүрхэд ирэх жил дэд бүтэц татах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэх мэтчилэн гишүүд утааны тал дээр “уугитал” байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд болсон юм. Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцож утаагүй “шийдэл” буюу цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, утаагүй зуух, цахилгаан хэмнэгч зэргийг танилцуулж байсан юм.

М.ЭНХБОЛД: ХЭН НЭГЭН ГИШҮҮНИЙ ТАЛААР ЯМАР НЭГЭН БИЧИГ ИРСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УИХ-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.

-Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гээд байгаа. Хууль эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Өвлийн улиралд утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татдаг. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газарт утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Энэ чиглэлд гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хор хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагаар орж ажиллана. Ямар ямар шинэ технологи байна вэ, ойлголтын зөрүүг арилгах үүднээс тодорхой нэгжүүд дээр очиж ажиллана. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм.

Нэг Засгийн газар гарч ирж, нэг Хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарахгүй байгаа юм. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэе гэж байгаа юм.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь өнөөдөр илүү үр дүнтэй, утаа багасгах вэ, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлох нь чухал. Гэхдээ дунд, урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх ёстой. Нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.

-Та хуулийн гарц шийдлийг юу гэж харж байна вэ?

-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Хариуцлага яриахаасаа өмнө асуудлаа шийдэх боломж болоцоог нь төр засгаас бүрдүүлэх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Маргааш хоёр байнгын хороо хамтарч хуралдаад энэ асуудлыг хэлэлцэнэ. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах ёстой.

-УиХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярих цаг болжээ. янз бүрийн хэрэг түвэгт холбогдлоо гэх юм?

-УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй энэ хэмжээнд ойлгож болохгүй. Үүнд бодитой зүйл бий, үндэслэлгүй зүйлс ч бий. УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэгэн бичиг ирсэн зүйл байхгүй. Их хурлын үйл ажиллагаа, ирцтэй холбоотой асуудлаар анхаарал татсан зүйлс байгаа. УИХ-ын намын бүлгүүд хурал дээрээ яриад чуулганы болон байнгын хорооны хуралдаануудыг аль болох өндөр ирцтэй хуралдуулах тал дээр арга хэмжээ авч байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилгатай, хариуцлагатай байж, иргэдийн сонгосон сонголтыг хүндэтгэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь чухал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2017 онд Их хурал анхаарал тавьж ажилласан. Улсын хэмжээнд иргэдийн дунд санал авах арга хэмжээг зохион байгуулж, дараа нь зөвлөлдөх санал асуулгыг Төрийн ордонд зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 700 хүний саналыг сонссон. Үүн дээр тулгуурлаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэлийг гаргаад УИХ-ын Тамгын газраас иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахад 327 мянган иргэний 5.6 сая санал ирсэн. Хэлэлцүүлгийн дүнд тулгуурлан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг төслийг боловсруулсан. Ойрын үед Их хуралд өргөн барих бодолтой байгаа. Холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудтай хэсэгчлэн онолын болон практик талаас нь эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж тэдний саналыг авч байгаа.

-Та ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-2017 оны гуравдугаар улирал 11 дүгээр сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарсан. Валютын нөөц гурван тэрбум ам.доллар давсан. Энэ нь эдийн засагт нааштай ахиц гарч байгаагийн нэг илэрхийлэл. Одоогоос 15 сарын өмнө эдийн засаг -1.6 хувьтай, валютын нөөц хасах 400 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд байсан. Энэ хугацаанд УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудын дүнд улс оронд нааштай өөрчлөлтүүдийг авч ирж чадсан. Бий болсон энэ өөрчлөлт тодорхой хугацаанд иргэдийн амьдрал, айл өрхүүдэд мэдрэгдсэн өөрчлөлтүүд байх ёстой. 2018 онд нааштай өөрчлөлт гарна гэж харж байгаа.

-Яг ямар өөрчлөлт гарах вэ. нэгдүгээр сарын нэгнээс татвар нэмэгдсэн шүү дээ. тиймээс таатай хүлээж авахгүй нь лавтай шүү дээ…

-ОУВС-тай хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд татвар нэмэгдүүлэх асуудал яригдсан. Татвар нэмж байгаа нь өндөр орлоготой юм уу, тансаг хэрэглээ гэдэг ч юм уу архи, тамхин дээр татварыг нэмж, татварын олон шатлалтай болох хүрээнд хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж буй талаар мэдээлэл их гарч байна. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой бүх хүний татвар нэмэгдэж байгаа мэт тайлбарлаж байгаа л даа. Үнэндээ 1.8 сая орлоготой хүн гэхэд 1.5 сая төгрөг нь хуучин 10 хувиараа татвараа өгнө. Нэмэгдэж буй 300 мянгад нь 15 хувиар бодож татвар төлөх юм. 3.8 сая төгрөгөөс дээш орлоготой хүн байхад 1.5 сая нь 10 хувиараа, 1.5 саяас дээш ногдож байгаад нь 25 хувийн татвар төлөх юм. Иргэдийн 90 орчим хувьд нь татварын өөрчлөлт орохгүйгээр тооцож нэмсэн.

-Иргэд эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн хүртэх бол?

-Эдийн засаг өсч байна гэдэг бол тодорхой хэмжээнд ажлын байр нэмэгдэнэ, бүтээн байгуулалт хийгдэнэ. Ингэснээр иргэд ажиллаж, хөдөлмөрлөх боломж нэмэгдэнэ. Ийм боломж бий болох ёстой.

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

-Агаарын бохирдолгүй болох гарц шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдрийн (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар утааны тухай асуудлыг хэлэлцэх гэж байна. Хуралдаанаар бүх сайд нарыг хуралдуулж утааны эсрэг хийж, хэрэгжүүлж болох ажлуудыг ярилцах болно. 50 гаруй компани 45 аж ахуй нэгж ирж оролцож шийдлээ танилцуулж байна. Бидэнд хүндрэл бэрхшээлтэй ганц асуудал бол утаа. Хөрөнгө санхүүгийн асуудлаа бас шийдвэрлэх ёстой. Айлууд гэрээ дулаалах нь нэг номерын асуудал болсон. Ингэж чадвал гал бага түлнэ. Нэг айлыг дулаалахад нийтдээ зургаан сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээний мөнгө гаргаад гэрээ дулаалах айл өрх цөөхөн шүү дээ. Ер нь хонины нэхийгээр туурга, дээвэр хийхэд 5-6 сая төгрөг болно. Энэ хэмжээний мөнгө гаргаад дулаалах айл цөөхөн. Дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн байна. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Засгийн газраас яндангийн тоог цөөлөх, бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллын дулаалгыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Утаагаар улс төр хийж байгаа нь үнэн. Утаанаас салъя гэвэл айл өрх, аж ахуйн нэгж төр засаг гээд бүгд дор дороо арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Ажлын хэсгийн хуралдаан дээр 200 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр дүн бага байгааг ярилаа. Утаа улс төрчдийн гол сэдэв болсон. Иргэд хохирогч боллоо. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Утаагаар улс төр хийгээд байна. Утааны асуудлыг төр засаг нь анхаарах нь чухал. Айл өрх, аж ахуй нэгж, төр засгийн түвшинд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж хэлж болохгүй байх. Алдаж, оносон ажил байгаа гэж бодож байна. Утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө энэ мөнгөнөөс зарцуулагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ жил бүр утаа гаргадаг яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Улаанбаатараа утаанаас салгах ажилд бүгдээрээ л хичээж ажиллацгаая. Айл өрх, аж ахуй нэгжийн оролцоо ч мөн чухал

-Шинжлэх ухааны академийн халаалтаар дулааныг шийдэхээр бол V Дулааны цахилгаан станцыг барих шаардлагатай гэсэн. Тэгэхээр V цахилгаан станцын асуудлыг шийдэх үү?

-Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинэ цахилгаан станц барихаас илүүтэй одоогийн III болон IV цахилгаан станцыг өргөтгөх нь ач холбогдолтой гэж үзээд байгаа.

С.БАТБОЛД: ТӨР, ИРГЭД ХАМТАРЧ ЧАДВАЛ ГЭР ХОРООЛЛЫН 220 МЯНГАН АЙЛ ӨРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЧАДНА

Энэ үеэр мөн Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдоос дараахь тодруулгыг авсан юм.

-Агаарын бохирдолтой тэмцэх нэг шийдэл бол иргэдийг орон сууцжуулах явдал. нийслэлээс ямар ажлуудыг хийх вэ. ялангуяа байрны урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орох боломжтой иргэд цөөн байна?

-Засгийн газрын хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах ямар арга замууд байна вэ гэдгийг танилцуулж, мэдээлэл хийнэ. Засгийн газраас тодорхой шийдэл гаргана. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн шийдлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлын тухайд бол бодитойгоор яндангийн тоог бууруулах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлж 5000 орчим айлыг орон сууцанд оруулсан байна. 5000 айлын 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон байгаа юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар чөлөөлж орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Айлууд яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд орж байгаа. Өнгөрсөн жил тэрбум орчим тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил үргэлжлүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаж, иргэд юугаа хариуцах вэ, Засгийн газар юугаа хариуцах вэ гэдгээ тодорхойлно. 2020 он гэхэд амласан ёсоороо утааг 80-85 хувиар бууруулах ямар боломжууд байгааг хэлэлцэнэ. УИХ-аас мөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энд тэндгүй хөрөнгө зарж, зохион байгуулалтгүй яваад байхаар мөнгө үргүй зарагдаад байгаа. Зохион байгуулалтыг сайжруулаад нэг гарт зангидаж төр, иргэд хамтран ажиллаж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийн асуудлыг шийдвэрлэж чадна.

-Энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаанд байршуулна гэж байсан шүү дээ?

-Нийслэлээс энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгааны санхүүжилт болоод түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 70 сая ам.долларын дэд бүтцийн асуудал мөн шаардлагатай байгаа. Үүнийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Ийнхүү шийдвэр гаргах түвшнийхэн улиг болсон зүйлсийг ярьж, утаанаас сална гэж байсан юм.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *