Categories
мэдээ нийгэм

“1000 машины зогсоол”-ыг нүүлгэв

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсан ч биелүүлэхгүй өдийг хүрсэн билээ. Харин өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлсөн юм. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдсэн байжээ.

Арван нэгэн цагийн үед уг үйл явдал дээр очиход “1000 машины зогсоолын хойд талын авто замын хөдөлгөөнийг зогсоож, цагдаа нар хамгаалтанд авсан” байлаа. Мөн тухайн газрыг чөлөөлөх явцад худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүнчлэн худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсэж, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчлахад хүрчээ. “1000 машины зогсоол” дээр байсан машинуудыг албаныхан ачигч машинаар зөөж, төв зам дагуух зогсоолд гаргаж байлаа. Уг автомашины зогсоолыг чөлөөлөхөөр 100 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна гэсэн албан бус тоо байгаа юм.

Автомашины худалдаа эрхлэгчдийн байрлаж байсан тухайн газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх юм. Энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөж үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байжээ. Төлөвлөсний дагуу шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхлэх гэж байгаа аж. Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа.

Арван хоёр цагийн үед “1000 машины зогсоол”-ыг албаныхан бүрэн чөлөөлсөн байлаа. Мөн авто машины худалдаа эрхлэгчид өөрсдийн машинуудаа шинээр баригдсан “Авто худалдааны цогцолбор”-луу, зарим нь “Да хүрээ” захруу зөөвөрлөж байсан юм.

Б.ҮРЖИГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *