Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд шинэ оноо амар тайван угтлаа

БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙСЛЭЛД НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭНГҮЙ

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан юм.

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүл хийсэн байна.

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨГЛӨӨ НИЙСЛЭЛД 20 ГАРУЙ ЭХ АМАРЖЖЭЭ
Шинэ оны эхний өглөөний байдлаар нийслэлийн гурван амаржих газарт нийтдээ 20 гаруй эх амаржсан байна.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд хотын дарга Су.Батболд үндэсний үйлдвэрлэгчдийн урласан гарын бэлгийг гардуулсан юм.

“Амгалан амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 00.00 цагаас хойш 11 эх амаржсан байна. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ий 09.00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 09.00 цаг хүртэл 28 эх амаржжээ.

20 ИРГЭНИЙГ ГАЛ ТҮЙМРИЙН БҮСЭЭС АВАРЧЭЭ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баярын амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны таван дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

“Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагын үеэр болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *