Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга:2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.

Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ.

Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө.

Айсуй 2018 онд монголчууд та бид их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсэж байна.

Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна.

2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой.

Он солигдох энэ хоромд нийт ард түмэндээ, манай улсад суугаа Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын иргэд, зочдод шинэ оны баярын мэнд хүргэе.

Сайхан монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая.

Шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *