Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр /2017.12.12/ Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсоноос хойш 26 жилийн хугацаанд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн талаараа товч танилцууллаа. Мөн уулзалтын үеэр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн хүрээнд ОХУ-ын бүс нутагт олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн талаар дуулгав.
УУХҮ-ийн сайд Монгол Улс уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтэц бий болгоход усны асуудал нэн тулгамдаж буйг уулзалтын үеэр онцлон хэллээ. Иймд уул уурхайн салбарын хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй усны асуудлыг шийдвэрлэхэд Дэлхийн банк цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.