МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДИЙН УЛАМЖЛАЛТ ЧУУЛГАН
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум арваннэгдүгээр сарын 21-нд ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотод болов. Наймдахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэлбэрээ олсон тогтвортой механизмын нэг юм. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран 2010 оноос зохион байгуулж эхэлсэн энэ арга хэмжээ 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар гарын үсэг зурсан хоёр орны хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт “Талууд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж зааснаар өндөр дээд түвшинд харилцан тохирсон төрийн тогтмол арга хэмжээний нэг болсон юм. Наймдугаар форумд МСНЭ, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”зэрэг тогтмол хэвлэлүүд, МҮОНРТ, Боловсрол, ETV зэрэг телевиз, хэд хэдэн сайт, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын сайтын холбоо, Монголын хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Намын хороо, Сэтгүүлчдийн эвлэл, “Ардын өдрийн сонин”, Синьхуа агентлаг, CCTV, Хятадын төвийн ардын радио, Хятадын олон улсын радио, Хятадын сайтын ерөнхий редакц, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн байгууллагууд, аймаг хотуудынх нь гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албадын дарга нар нь оролцов. Форумын гол яриа хөөрөө хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хэрхэн илүү хөгжүүлж, иргэд хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх вэ гэдэг асуудлыг тойрон өрнөлөө.
Монгол талын үндсэн илтгэлд “Нэг нэгнийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн, бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллахыг үндсэн зарчмаа болгосон хоёр орны төрийн бодлогыг олон нийтэд ойлгуулан сурталчлах, найрамдал, хамтын ажиллагааны ололт дэвшил, ард түмнүүдийн аж байдал, соёл, ёс заншил, улс орны хөгжил, шилдэг сайн туршлага жишээг түгээн сурталчлах нь хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн үүрэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаанд оруулж буй үнэтэй хувь нэмэр байх болно” хэмээн хамтын ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойллоо. Мөн олон тулгуурт гадаад бодлоготой, хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байхыг гадаад бодлогынхоо эн тэргүүний зорилт болгосон Монгол Улсын зүгээс БНХАУ-тай харилцах харилцааны албан ёсны байр суурь, зарчим тов тодорхой бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарын албан ёсны бодлого ч энэхүү үзэл баримтлалын хүрээнд байгаа гэдгийг илэрхийллээ.
Хятадын талын үндсэн илтгэлд ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, мөр зэрэгцэн урагш ахих нь хөрш орнуудын хувьд нэн чухал болохыг тэмдэглээд үүнд иргэд хоорондын харилцан ойлголцол чухал, энэхүү харилцан ойлголцолд хэвлэл мэдээлэл гүүр нь болж чадна гээд “Хүндэтгэл болон итгэл нь хамтын ажиллагааны гол түлхүүр юм” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээлжит форумд илгээсэн мэндчилгээндээ “Форум нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны нэгэн чухал хэлбэр гэж Монголын төр засаг ач холбогдлыг нь өндрөөр үнэлж байна” гэж үнэлсэн байна. Монгол, Хятадын есдүгээр форумыг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР АМЬДРАЛАА ТЭТГЭСЭН ХЯНГАН
Хэвлэл мэдээллийн ээлжит форум болсон Рашаан хот бол манай Дорнод аймагтай хиллэдэг боомт юм. Өвөр Монголдоо Эрээн, Манжуурын дараа ордог том боомт. Далаад мянган хүнтэй, агаарын хэм нь жилдээ дунджаар хасах 2,3 байдаг. Хус, нарс голдуу ойтой, рашаан ус сайтай. Ер нь Хянганы нуруу Монголын дорнын их тал, Дагуурын их тал хоёрыг зааглаж буй галт уулын гаралтай нуруу учраас байгалийн тогтоц, үзэмж нь ер бусын өвөрмөц содон. Хүн ам цөөнтэй. Аж үйлдвэр хөгжөөгүй. Газар тариалан, мал аж ахуй дагнан эрхлэх боломж хомс учраас аялал жуулчлалын бизнесийг хөгжлийн гол чиглэлээ болгожээ. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг байгалийн үзэмжээс гадна сайн үйлчилгээ, дэд бүтэц, хүний сонирхлыг татах, үзүүлж харуулах зүйлээ сайтар төлөвлөж бүтээж бий болгож байж амжилтад хүрэхийн нэр гэдгийг Монголоос бусад оронд очих бүртээ мэдрэх юм даа. Рашаан хотын соёл аялал жуулчлалын бүстэй танилцахад ч энэ мөн л анзаарагдах аж. Тухайлбал, Хянганы уулсаас эх авдаг Халхын голын аль үзэмжтэй сайхан булан тохойг өндөрлөг газруудад тусгайлан зассан талбайгаас харах, Халхын голын эхлэлийн цэгийг тэмдэглэсэн баганыг сонирхох зэргээр тусгайлан тогтоосон маршрутын дагуу уйдаах завгүйгээр жуулчдыг хөтөлнө. Нүдэнд харагдсан болгоныг нэгбүрчлэн тайлбарлана.
Хянган аймгийн төв нь Улаан хот. 1947-1950 онд ӨМӨЗО-ны анхны нийслэл нь байсан хот. Гурван зуу гаруй мянган хүнтэй цомхон хот. Энэ хотод Чингис хааны тахилгын сүм байдаг аж. 1940-өөд оны эхний хагаст энэ сүмийг анх байгуулсан гэнэ. Хан уулын орой дээр Улаан хотыг тольдон байх энэ сүмд Чингис хааны алтадмал баримлаас өөр бурхан шүтээн үгүй. Шашны элдэв зан үйл байхгүй. Өмнө нь тахилын ширээ засч, зул хүж асаажээ. Эргэлчдийг их хаанд мэдүүлж, аян зам, ажил үйлсийг нь даатган ерөөл хүсэх зан үйлийг монголчууд гүйцэтгэнэ. Тэр нь товчхон энгийн. Өндөр дуугаар их хаанд хэлж мэдүүлж, аврал энэрэл хүсч, хадаг өргөлийг нь тавиулж, идээ будаа амсуулаад л болоо. Манай Монголд Чингис хааныг их хаан гэдэг утгаар нь хүндэтгэн бахархдаг бол Өмнөд монголчууд бурханчлан шүтдэгээрээ ялгаатай. Тийм болохоор их хаанд мөргөхөөр зорин ирэгсэд ч олон, мөн энэ зан үйлийг үзэж сонирхохоор хуран чуулагсад ч олон байдаг гэнэ. Энэ сүмийг Хан уулын орой дээр барьсан, сүм рүү хүрч очих зам есөн ес наян нэгэн гишгүүртэй, хоёр талаар нь Чингис хаан 44 насандаа их хааны сэнтийд заларсан учраас 44 мөнх ногоон гацуур суулгасан гэхчлэн тайлбарлагч тасралтгүй ярина. Юухан хээхнийг сонин хачин болгон харуулж, уран гоёор тайлбарлаж, ирсэн гийчний сониуч занг өдөөж, бас үзсэн дуулсандаа сэтгэл өег буцааж чадаж байгаагаас нь бид үлгэр авмаар санагдана.
БҮГДИЙН АМНААС УЯАТАЙ “БҮС ЗАМ”
Монголын төлөөлөгчид хэвлэл мэдээллийн форумын дараа Бээжин, Хятадын өмнөд хэсгийн Фүжянь, Жянши мужуудаар айлчлан сурвалжлав. Бидний эхний уулзалт Бээжинд Төрийн зөвлөлийн хөгжил судлалын төв DRC дээр боллоо. Энэ төв бол Хятад улсын хөгжлийн төлөв байдлыг бүс нутаг, дэлхийн хөгжилтэй холбон судалж, Төрийн зөвлөлд санал өгдөг, зөвлөдөг судалгааны байгууллага. Хятад улсын хөгжлийн бодлогын уураг тархи нь гэсэн үг. Бидний ярианы гол сэдэв “Нэг бүс нэг зам” санаачилга, Эдийн засгийн хонгил байгуулах, Монгол-Хятадын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал байлаа.
БНХАУ-ын дарга Си Жинпиний “Нэг бүс нэг зам” санаачилга дэлхий нийтийн анхаарлыг татсан, олон орон, олон сая хүний амьдралд нөлөөлсөн аварга төсөл болж, “Бүс зам” гэх үг бүгдийн амнаас уяатай удаж байна. Монгол ч бас энэ төсөлд хамрагдаж “Торгоны зам”-ын үзүүрээс “Талын зам”-аа уяж, Ази-Европыг холбосон нэг гол чиглэл болох хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн. “Талын зам” нь сүүлдээ “Хөгжлийн зам” нэртэй болсон. “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь хулгана барьж чаддаг байх хэрэгтэй” гэдэг шиг нэр ямар байх нь хамаагүй, гол нь бүх талын үр өгөөжтэй байх ёстой. Одоогоор нүдэнд харагдах үнэн гэвэл Ази-Европыг холбосон хуурай замын гурван гол чиглэлийн Монголыг өмнө, хойгуур нь хаяалж тойрсон хоёр урсгалын хурд нэмэгдэж, Монголоор дайран өнгөрч, Хятад-Монгол-Оросыг холбосон эдийн засгийн хонгилын амин судас нь болох ёстой гол чиглэлийн ажил удаашралтай байна.
DRC дээр болсон уулзалт ч үүнийг дам нотлов уу гэмээр санагдсан. Бидэнд мэдээлэл өгсөн хариуцлагатай албан тушаалтнуудын “Талуудын хүчин чармайлт шаардлагатай. Гурван улсын стратеги адилхан байх нь чухал. Харилцан ойлголцол чухал байна. Ул суурьтай судалгаа чухал. Хэрэгжтэл бас зай байна” гэсэн үгсээс “Талын таван зам” нэртэй ихээхэн том мөрөөдөлтэйгээр эхэлж байсан Монгол талын санаачлага “Хөгжлийн зам” болж нэрээ солиод ч хөгжихгүй, дорно өрнийг холбох стратегийн чухал ач холбогдолтой “broadband” болж чадахгүй байгаа нь анзаарагдаж байна. Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр зам, автозамын ачаа эргэлтийн хэмжээг нэмж, хоёр тивийг холбосон эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг олон талт хамтын ажиллагааны хүчирхэг сүлжээний нэг гол амин судас нь болох боломж уг нь бидэнд бий. Анх бол эрчим хүч, нефть, хийг хүртэл нутаг дээгүүрээ дамжуулан өнгөрүүлэхээр төлөвлөж, ирээдүйн ашиг унацныхаа алтан зоосыг тархи толгойдоо шаргиулж байсан удаатай. “Бүс зам”-ын санаачлага олон улс орны хувьд өнөөдөр нэгэнт тодорхой ажил, харилцан ашигтай төслүүд болчихсон, цар хүрээ далайц нь улам бүр өсөн нэмэгдэж байгааг Хятадын Төрийн зөвлөлийн хөгжил судалгааны төвийнхөн тоймлон өгүүлж байна билээ. Энэ санаачлагыг анхандаа төдий л ойшоогоогүй улс орнууд хүртэл хурдаа авч буй хөгжлийн галт тэргэнд амжин суухаар арга ухааныг уралдуулж байна. Гэтэл хаяанд нь байгаа, хажууд нь суугаа монголчууд бид “судлаад” л, яриад л байгаа болохоос нүдэн дээр өсөн нэмэгдэж буй их боломжийг ашиглах талаар бодитой алхам хийж нэг л чадахгүй байна.
Ядаж Хятадын Төрийн зөвлөлийн хөгжил судлалын төвтэй адилхан улс орныхоо урт хугацааны хөгжлийн асуудал, хөндүүр цэг, давуу тал, хоцрогдол доголдлыг нарийвчлан судалж, том бодлого боловсруулахад хэрэгтэй зөвлөгөө мэдээллээр төр засгаа хангадаг, зөвлөдөг тогтвортой үйл ажиллагаа бүхий тулхтай байгууллагатай болохсон гэх бодол уулзалтын үеэр төрж байлаа. Харин эх орондоо эргэн ирэх мөч дор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдийнхээ үгийг сонсож, оюуны хүчийг нь ашиглах болсон тухай чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож “Одоо л нэг…” гэх олзуурхал төрөв.
ФҮЖЯНИЙ ХӨГЖЛИЙН ОЛОН ӨНГӨ
Бидний очсон дараагийн газар нь Фүжянь. Хятадын зүүн өмнөд захын энэ мужийн хамгийн гол онцлог нь нээлттэй байдал. Шанхай гаднын хүнд тийм ч нээлттэй биш бол, Фүжяньд энэ нь эсрэгээрээ. Ийм нээлттэй байдал нь эдийн засгаа хурдацтай хөгжүүлж, “далай дээрх торгоны зам” дагуух улс орнуудтай олон том төсөл амжилттай хэрэгжүүлэхэд нь нөлөөлдөг биз. Тэгээд ч “Далайтай улс болгонд фүжянь хүн амьдардаг” гэсэн хэлц үгтэй, уугуулууд нь дэлхийгээр нэг тарсан, тэдэн дундаа сайн бизнесмен олонтой гэх юм билээ. Фүжянь нутаг шаазан, загас, цайгаараа алдартай. Эртний цайны замын эхлэлийн цэг гэгддэг. Хүн ам олонтой, үйлдвэрлэл худалдаа эртнээс хөгжсөн газар. Одоо бол дижитал Фүжянь гэдгээрээ ихээхэн бахархах юм билээ. Тоон технологид суурилсан ажил үйлчилгээ, шинэ загварууд энэ мужид эрчтэй хөгжиж байна.
Бидэнд орчин үеийн аж үйлдвэр хэрхэн хөгжиж буйн жишээ болгож Жиндүнфан төслийг танилцуулав. Дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог ВОЕ группээр зочилсон богинохон хугацаанд дэлгэц үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, ирээдүйн төлвийг нэгэн зэрэг олж харж, эвхдэг нугалдаг хуйлдаг дэлгэцийн эрин эхэлж, хөргөгч угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгслийн нүүрийг хүртэл зурагт, компьютертэй ав адилхан үйл ажиллагаатай цахим дэлгэц болгосныг үзлээ. “Эхнэр хүүхдүүдтэйгээ зурагтын суваг булаалддаг цаг ингээд төгсгөл болох нь ээ. Үгүй ээ, энэ чинь эхнэрүүд гал тогооны өрөөнөөсөө гарч ирэхээ больчих вий дээ. Хавтгай болгон дэлгэц. Харсан бүхэн компьютер” гэхчлэн өөр хоорондоо хэлэлцэх наргиа үгийн цаана тоон технологиор тэргүүлэгчдийн эгнээнд Хятад улс яалтгүй багтсан нь харагдана. Бид Фүжяний сүлжээний радио телевиз гэдэг байгууллагаар орлоо. Өвөрлөгч нөхөд маань сайт гэдэг үгийг сүлжээ гэж монголчилдгийг дашрамд дурдсу. Сүлжээний радио телевиз гэдэг нь олон сувгаар цацагдаж буй дүрстэй мэдээлэл, кино, нэврүүлгүүдээс түүвэрлэж сонгон интернэтэд хэсэгчлэн байршуулдаг, сонирхолтой чухал контентыг нэг дороос үзэх боломжоор хэрэглэгчдийг хангадаг байгууллага аж. Хүчтэй сервер, хөрөнгө мөнгө ихээхэн шаардах ажил гэдэг нь харваас андашгүй аж. Фүжянийн нийслэл Фүжөү хотын түүх соёлын дурсгалаараа алдартай аялал жуулчлалын бүс болох “Гурван цамхаг, долоон гудамж”-ийг сонирхох явцад манай монголчууд аялал жуулчлал хөгжүүлье, зорьж ирсэн хүнд үзүүлэх харуулах юмтай байя гэвэл эртний түүх дурсгалт газрын нуранги туурийг ч болов хадгалж хамгаалж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж хүний сонирхлыг төрүүлэхээ тооцоолж баймаар юм гэх бодол өөрийн эрхгүй төрөх аж.
Тайниний бас нэгэн нэрийн хуудас нь “Есөн луугийн цээл” буюу Жютүнтань хэмээх газар. Эгц цавчим хадан хавцал дундуур урссан есөн горхины ус нэгэн их цээлийг үүсгэх бөгөөд 1000 метрийн өндөртэй хадан хавцал дундуур зарим газраа 3 метрээс ч нарийхан голоор хулсан завиар зугаалсан хэнд болов мартахын аргагүй сэтгэгдэл төрнө. Нам гүм, онгон зэрлэг байгалийг тольдох бүтэн цагийн аяллыг хулсан завьтай нутгийн иргэд замчилна. Манайхан жуулчдад морь унуулахаар хүлээж байдаг шиг тэд зайгүй эгнүүлсэн хулсан завин дээрээсээ найрсгаар далласаар угтана. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлсэн нь ядуурлыг бууруулах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж танилцуулж байна билээ.
УУЛСЫН ДУНДАХ ЖЯНШИ МУЖ
Дөрвөн зүгийн уулзварт оршдог газарзүйн онцгой байрлалтай Жянши муж бумбын шашин анх үүссэн, буддын шашин анх дэлгэрсэн нутаг гэнэ. Гурван талаараа уулсаар хүрээлүүлж, умард хэсгээрээ хөх мөрнийг хөвөөлсөн Жянши мужид түүхийн дурсгалт газруудыг хэрхэн аялал жуулчлалын өндөр зэрэглэлийн бүс болгон хөгжүүлж буй жишээ олныг харлаа. Жишээлбэл, Жинганшань уул бол Хятадын хувьсгалын өлгий гэгддэг нутаг. Манайхаар бол Алтанбулаг гэмээр ч юм уу даа. Мао Зэдун тэргүүтэй хувьсгалчид анх энэ нутгаас тэмцлээ эхлүүлсэн аж. Одоо тэгвэл энэ түүхийг Жинганшань уулын байгалийн үзэсгэлэнтэй холбон аялал жуулчлалын брэнд болгожээ.
Энд аялан ирэгсэд Жинганшаний хувьсгалын музейгээр заавал орно. Музейн үзмэр нь арвин баялаг. Юуг ч сонирхол татах үзмэр болгож болно гэдэг зарчим энд гайхалтай хэрэгжжээ. Тэмцэгчдийн хэрэглэж байсан жаднуудыг гэхэд л зүгээр нэг зэрэгцүүлээд тавьчихсангүй, хананд нарны хагас дугуй цацраг мэт тогтоочиход л хүмүүс наана нь зургаа авахуулахаар овоорох жишээтэй. Мао Зэдун эхнэртэйгээ гэртээ байгаа зурвасхан үеийг голограммаар бүтээсний өмнө хүмүүс заавал анхааран саатна. Тайлбарлагч бүсгүй зүгээр нэг тайлбарлаад өнгөрөхгүй, тэр үеийн дуунуудаас дуулж өгнө. Энэ музей түүхийн үнэт ховор дурсгал, баримт бичиг, уран зураг, уран бичлэгийн үлэмж их нөөцтэй гэдгээрээ ихэд бахархдаг юм билээ.
Жянши мужийн уулын бяцхан суурин болох Шэньшань гацаанд бид очиж ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй бодлоготой нь танилцлаа. Энэ гацаа 545 өрх, 231 хүнтэй, одоогоор тэдний 21 өрх, 50 хүн нь ядуу зэрэглэлд хамаарч байгаа аж. Гацаа нь өөрөө ядуу зэрэглэлийнх. Тус гацаа ядуурлаас гарахын тулд аялал жуулчлалд түшиглэхээр шийджээ. Энэ гацаанд БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд хүрэлцэн ирж ядуурлын байдалтай танилцсан нь үүнд бас түлхэц өгчээ. Гацааны удирдлагууд иргэдийнхээ амьжиргааны түвшнийг нарийвч-лан тогтоож, өрх болгон хулс, цай, жимс тариалж баталгаатай орлоготой болох, улмаар тухлаг орон сууцтай болох зорилт дэвшүүлж, иргэддээ зээл олгосон байна. Гацааны иргэд хулс, модоор төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж, жуулчдад үйлчлэх зэргээр орлогоо нэмэгдүүлдэг болсон байна. Жилд ирдэг жуулчдын тоог нь сонирхвол 200 гаруй мянга гэнэ. Гацааны нэг иргэнд бараг 1000 жуулчин ноогдлоо гэсэн үг. Хөгжлийн гарцаа оновчтой тодорхойлж, зөв бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдол ийм буюу.
Хятад нутгаар зорчин явахад “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн хэлц үг санаанд байн байн орж байв. Тэд хичээж байна. Хичээснийхээ хэрээр амьдрал нь сайжирч байна. Төр нь бас улс орноо ядуу иргэнгүй болгохоор хичээж байна. “Бидний эцсийн зорилго бол хүн болгоны аз жаргалтай амьдрал” хэмээн тэд ярьж байна. Хятадын хөгжлийн жор нь хичээл зүтгэлдээ байдаг аж.
Урианхан Б.ГАЛААРИД