Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол боллоо

Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус салбарынхан ойн баяраа “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тэд үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ёслолыг зохион байгууллаа.
1970-аад оны дунд үеэс Эрдэнэт хотын иргэдийн чөлөөт цагаар соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Эрдэнэтийн соёлын ордон байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө аймгийн хэмжээнд соёл, урлагийн төрийн өмчит 9 байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс “Гавьяат” хэмээх эрхэм хүндтэй цолыг 5 хүн хүртэж, МУСТА, шилдэг ажилтан хэмээх цол, тэмдгийг олон арван уран бүтээлч хүртээд буй.
Өнөөдөр болсон Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ойн ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, МУСТА цол тэмдэг болон аймаг, сумын шагналаар хэд хэдэн уран бүтээлч шагнагдсан юм.
40 жилийн ойн баяраа тэмдэглэж буй уран бүтээлчдэд хандан аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулан аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилготой байгаагаа онцлон хэллээ.
Дашрамд дурдахад, Аймгийн соёл, урлагийн салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд зөвхөн өнгөрсөн онд гэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөгийг соёл, урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *