Чингис зочид буудлын хурлын танхимд “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган болж байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож, боловсролын салбарт тулгамдаж буй чанар, санхүүжилтийн асуудлуудыг хэлэлцэж буй юм.
Энэхүү чуулганы хүрээнд Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох ажээ. Мөн тус чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцож буй юм байна.