Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Чамлахгүйгээр бүх чиглэлээр арга хэмжээ авбал агаарын бохирдол буурна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Үе үеийн Засгийн газар нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж байсан ч өнөөдөр үр дүн нь ямар байгааг хүн бүр мэднэ. Харин энэхүү Үндэсний чуулганаар бодлогын шийдлүүдийг хэлэлцүүлсэн юм.


Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы талаар НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах олон аргыг хэрэглэж үзсэн. Зуух тарааж, утаагүй түлш үйлдвэрлэж, гэрийн дулаалга хүртээж, цахилгааны шөнийн тарифыг тэглэх зэрэг ажлуудад олон тэрбум төгрөг зарцуулсан. Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах ямар топ шийдэл байж болох вэ?

-Гурван том шийдэл байна. Өргөс авсан юм шиг утаа арилчихгүй. Нэг хэсэг зуух, түлшний шийдлийг хэрэгжүүлсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед газаар шийднэ гэж ярьж байсан. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед цахилгааны шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ аваад явж байна. Гэнэт нэг өдөр гэр хорооллын 218 мянган айлыг газын хэрэглээнд нэвтрүүлнэ гэвэл бүтэхгүй. Эсвэл бүх өрхийг цахилгаанаар хангая гэвэл эрчим хүчний чадавх манайд байхгүй. Сайндаа 20 мянган өрхийг хангах боломжтой гэж салбарын яам нь ярьж байна. Тиймээс хүссэн хүсээгүй бүх шийдлүүдээр явах нь байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт нэлээд олон шийдлийг тусгасан байна лээ. Өнөөдөр шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд гэр хорооллын таван мянган айл хамрагдаж байна гэсэн тооцоо байна. Тэгвэл боломжит 20 мянгадаа хүрэхийн тулд 15 мянган өрхийг цахилгааны хөнгөлөлтөд шилжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд цахилгаан халаагуур суурилуулж байгаа айл өрхүүдэд тодорхой хэмжээний хүү багатай зээлийг өгөх бодлогыг Засгийн газар гаргах ёстой. Хоёрдугаарт, дулаалгын асуудал дээр хамгийн бага хүүтэй эсвэл хүүгүй зээл олгох бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй сайжруулсан зуух, түлшний хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Сүүлийн жилүүдэд “Ер нь энэ зуух тараах дэмий юм байна” гээд орхигдуулсан шүү дээ. Тэгвэл айлуудад сайжруулсан зуух тараасан тэр өвөл агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан. Харин одоо гэр хорооллын хоёр айлын нэг нь сайжруулсан зуухтай байна. Утаа, бохирдол бага гаргадаг зуухыг заавал гадаадаас авалтгүй Монголдоо үйлдвэрлэж болно.

-Хотын дарга түүхий нүүрсийг хориглосон захирамж гаргасан. Гэтэл нийслэлчүүд нүүрсээс өөр юу түлэх вэ?

-Хотын даргын түүхий нүүрсний хэрэглээг хориглосон захирамж зөв. Гэхдээ түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшний бодлого олигтой гаргаагүй. Сайжруулсан зуухаар агаарын бохирдлыг 20, 30 хувиар бууруулаад, цахилгаан халаагуураар арав, хорин хувь, дулаалгаар төдий хэмжээнд бууруулаад чамлахгүйгээр бүх чиглэлээр арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Энэ ч болоогүй, тэр ч болоогүй гээд байж болохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр зөв ч урт хугацааны ажил. 200 мянган айл нэг өдөр орон сууц руу орчихгүй. Тав арван мянган айл л орно. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад бүх салбарууд фронтоороо урагшлах, хамтдаа хөдлөх хэрэгтэй байна. Зам тээвэр ч гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэргээс хойш сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад мөнгө төсөвлөхгүй байгаад үндэсний чуулганд оролцогчид дурдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Нэлээд мөнгө зарсан, үр дүнд хүрсэнгүй гээд сүүлийн жилүүдэд мөнгө төсөвлөсөнгүй. Төсөв байхгүй болохоор бас ажил олигтой явахгүй байна.

-Дээр дурдсанчлан агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Зууханд хоёр жилийн хугацаа зарцуулсан. Түлшинд ч ялгаагүй хоёр, гурван жил хэрэгтэй. Цахилгааны шийдэл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Ойролцоогоор хоёр жилийн дотор эдгээр шийдлүүдээ хэрэгжүүлээд жигдрүүлээд явах боломжтой гэж харж байгаа. Салбар бүрт хамтарч урагшлаад, нэгдсэн, тогтвортой бодлогоор явбал үр дүнд хүрнэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайдууд утааны асуудлыг барьж авахаасаа айгаад байна. Нэгэнт л бид нүүр тулахаас аргагүй нөхцөл байдал шүү дээ. Гол нь улс төржихгүйгээр бодлогуудаа ажил болгоод явах нь чухал.

-Саяхан манай улсад ажилласан НҮБ-ын төлөөлөгч утаанд хамгийн ихээр хүүхдүүд хордож, тэдэнд сөрөг нөлөө нь тусдаг гэж хэлж байсан. Тэгэхээр үндэсний хөтөлбөрт хүүхэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх тухай тусгасан болов уу?

-Энэ асуудал үндэсний чуулганд яригдаж байна. Сургууль, цэцэрлэгүүд нэн тэргүүнд дотоод агаарыг шүүгч төхөөрөмжүүдийг тавихаас өөр аргагүй. Нийслэлээс өнгөрсөн жилд сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч тавьж эхэлсэн гэж байгаа. Өнөө жил ч ялгаагүй тоог нь нэмэх шаардлагатай. Зөвхөн улсыг хараад байх биш, хувийн хэвшлүүд ч гэсэн энэ ажилд идэвх санаачилгатай оролцож ажиллах ёстой. Мөн гэр хороололд шинээр барьж байгаа улсын сургууль цэцэрлэгүүдийн халаалтын асуудлыг зөв шийдэх хэрэгтэй байна. Гэр хороололд шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгүүд нь нөгөө л гал түлж халаалтаа шийдээд байж болохгүй. Бойлуургүй гэхээр цахилгаан юм уу өөр халаалтын шийдлийг тэнд суурьлуулах хэрэгтэй болно. Дээрээс нь дулаан алдагдал бага байх ёстой. Тэгэнгүүт эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгуудыг барих хэрэгтэй. Улс нь тийм жишгийг эхлүүлэх ёстой.

-Автомашинаас ялгардаг хүнд бодис гэр хорооллын яндангаас гардаг утаанаас ч илүү хортой гэдгийг эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр үүнд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Автомашинаас ялгарч байгаа хорт утааг бууруулахад хоёр л гол арга байдаг. Нэгдүгээрт, ашиглаж байгаа шатахуун нь сайн чанарынх байх ёстой. Дэлхий нийтээр “Евро 6” стандарт руу орчихсон байна. ОХУ өөрөө “Евро 4” рүү орсон. Гэтэл Монголд орж ирж байгаа бензин “Евро 2” стандартынх байна. Хятадаас орж ирж байгаа нь “Евро 3” стандарт бололтой. Монголд хэдэн жилийн өмнө “Евро 4” стандартыг нэвтрүүлнэ гэсэн боловч чадаагүй байна. Шатахууны чанар сайжрахаар гаргаж байгаа утааных нь хорт бодис нь багасдаг. Хоёрдугаарт машины хорт утааг бууруулдаг нэг арга бол машины катализатор байдаг юм. Сүүлийн үеийн автомашинууд катализатортой байгаа. Харин хуучны машинуудад тийм юм байхгүй. Зам тээвэр дээр шийдлүүд нь энэ мэтчилэн ойлгомжтой байгаа. Ихэнх орны агаарын бохирдол зам тээвэр дээр яригддаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *