Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жэйсон П.Спэлберг: АНУ руу ажиллах хүчин гаргах Монголын талын хүсэлтийг Төрийн департамент хэлэлцэж байгаа

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


-АНУ ирэх арваннэгдүгээр сард Монголоос ажиллах хүчин авах эсэх шийдвэрээ гаргана гэсэн мэдээлэл байна. Хоёр улсын яриа хэлэлцээ ямар шатанд яваа вэ?

-Өнгөрсөн оны сүүлээр Монгол улсын засгийн газраас “Н-2 түр ажилчны визний хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах хүсэлт гаргасан. АНу-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжсэн бөгөөд вашингтон дахь Төрийн департамент эхэлж батлаад дараа нь Дотоодын аюулгүй байдлын яаманд хүргүүлэх ёстой. Монгол улсыг уг хөтөлбөрт хамруулах эсэх шийдвэрийг Дотоодын аюулгүй байдлын яам гаргана. одоогоор Төрийн департамент уг хүсэлтийг хэлэлцэж байгаа.

-Энэ асуудалд нааштай шийдвэр гаргах тал дээр танай ЭсЯ-ны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2017 оны тавдугаар сард манай ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын энэхүү хүсэлтийг дэмжиж өгөөч гэсэн хүсэлт явуулсан. одоогийн байдлаар энэ шийдвэр биднээс хамаарахгүй.

-Хэрэв АНУ-ын H2 ангиллын визний хөтөлбөрт Монгол Улс багтаж чадвал албан ёсны шийдвэр гарснаас хэдий хугацааны дараагаар үйлчилж эхлэх бол?

-АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яам уг хүсэлтийг хэзээ хэрхэн шийдвэрлэхийг бид мэдэхгүй байна. Шийдвэр арваннэгдүгээр сард гарна гэж бид бодохгүй байна. Иймд Н2 визний талаар нэмж зарлах мэдээлэл алга даа.

-Та H2 ангиллын визний талаар танилцуулахгүй юу?

-АНУ-ын ажил олгогч компани ямар хугацаанд хичнээн ажиллах хүч авах хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргадаг. Ингээд H2 ангиллын визийн хөтөлбөрт багтсан оронд суугаа ЭСЯ-дад тэр мэдээлэл нь ирдэг. H2 ангиллын виз нь дотроо хоёр төрөлтэй. H2A ангилал хөдөө аж ахуйн ажлуудыг түр хугацаанд АНУ-д эрхэлнэ. H2B гэдэг нь хөдөө аж ахуйн бус ажлуудыг хамруулж байгаа юм. H2 визний болон хөтөлбөрийн талаарх бодлого, шалгуур гээд бусад мэдээллийг онлайнаар авах боломжтой. АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамны цахим хуудсууд болох https://travel.state.gov/con­tent/visas/en/employm…

https://www.uscis.gov/working-united-states/tempo­…

https://www.uscis.gov/working-united-states/tempo­… гэсэн вэб хаягнаас албан ёсны мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.

-АНУ-д Монгол Улсын 25 мянган иргэн ажиллаж амьдарч байна гэсэн мэдээлэл байдаг. Танай ЭСЯ Монголын Гадаад харилцааны яамтай хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ аяны гол зорилго нь юу вэ?

-“Хариуцлагатай аялцгаая” аян нь АНУ-ын цагаачлалын болон визний хууль журам, бодлогыг Монгол Улсын иргэдэд дагаж мөрдүүлэхийг уриалж байгаа юм. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2016 онд АНУ-ыг зорьсон монгол иргэдийн талаарх таагүй статистик мэдээ гаргасан. Уг статистик мэдээнд дурдсанаар АНУ-д ажил болон аяллаар зорчигсдын бараг найман хувь нь хугацаа хэтрүүлэн үлдсэн. Оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчигсдын 19.8 хувь нь тухайн хөтөлбөрийн хугацаагаа хэтрүүлэн үлдсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны тооцоолсноор 2016 онд цагаачлалын бус визээр Америкт зорчсон Монгол иргэдийн гурваны нэг хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн байна. АНУ-ын цагаачлал болон визний хууль журмын зөрчил гаргасан монгол иргэд Монгол Улсын нэр төрийг олон улсад сэвтээгээд зогсохгүй бусад олон монголчуудад виз авахад нь сөргөөр нөлөөлж байна. Аль болох олон иргэд хариуцлагатайгаар аялж хугацаандаа буцаж ирснээр дараа дараагийн аялагчдад виз олгогдоход хялбар болох юм. “Хариуцлагатай аялцгаая” аян нь хүмүүсийг хувиа хичээлгүй аялж, хувь хүний хариуцлагагүй үйлдэл монгол бүх хүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ухамсарлуулах зорилготой. Эцсийн дүнд виз гэдэг бол итгэлцлийн бичиг юм. Монгол Улсын иргэд АНУ-ын хууль дүрмийг баримталж хариуцлагатай аялснаар энэхүү итгэлийг олно. АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын ГХЯ-ны зүгээс энэхүү аяныг өргөнөөр дэмжиж, мэдээллийг тарааж өгөхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хичээнгүйлэн хүсч байна.

-Саяын таны хэлсэн монгол иргэдийн талаарх статистикийг гадаадын бусад оронтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

-АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан уг статистикт бүх орны мэдээлэл бий. Хэдийгээр дээр дурдсан тоо монголчуудын хувьд бага тоо мэт боловч бусад улс орнуудтай харьцуулахад өндөр дүр зураг харагдаж байгаа. Хятад улсын тухай визний хугацаа хэтрүүлдэг тохиолдол 0.9 хувьтай байна. Солонгос гэхэд 0.46 гэсэн хувьтай байна шүү дээ.

-Монгол оюутнуудын тухайд визний зөрчил цөөнгүй байдаг гэж дуулсан. Тэд эндээс явахдаа мэдээлэл муутай байдгаас болж ийм асуудал үүсгэж байна уу?

-Оюутны виз нэлээд анхаарал татаж байгаа. Сурч байгаа оюутнуудын хичээлийн программын хугацааг хэтрүүлсэн тохиолдол 19.63 хувьтай харагдаж байна. Энэ зөрчлийг БНХАУ-ын тухайд аваад үзэхэд 5.02 хувьтай байна. Өмнөд Солонгос нь 5.06 хувьтай байх жишээтаэй. Хөрш орнуудтай харьцуулаад үзэхэд визний зөрчлийн статистик мэдээлэлд Монгол Улсынх харьцангуй өндөр харагдаж байна.

Монгол Улсаас очиж байгаа оюутнууд маань сургуулиа их сольдог. Энэ нь тийм ч муу зүйл биш. Гагцхүү юу нь болохгүй байна вэ гэхээр зэрэг цолоо горилж байгаа оюутнууд шат ахиад суралцахгүй байна. Бидний хувьд Монголд ажиллаж, амьдарч байх хугацаандаа энэ улсад ямар салбар нь илүү хөгжиж, хүмүүст ирээдүйтэй байна вэ гэдгийг анзаардаг. Тиймээс тухайн оюутны АНУ-д сурах гэж байгаа чиглэл, боловсрол эх орондоо эргэж ирэхэд нь үр өгөөжөө өгөх тэр боломжийг судалдаг юм. Эргэж ирээд ажиллах хүчин дээр тодорхой хэмжээний өрсөлдөхүйц чадах хүн болох тэр чиглэлээр сурахаар сургуулиа сонгоод явж байгаа оюутнууд АНУ-д очсоныхоо дараа сургуулиа сольдог. Монгол Улсад эргэж ирээд ажиллахад ямар ч үр өгөөжөө өгөхөөргүй тийм мэргэжлийг сонгодог. Тийм оюутнуудыг бид эх орондоо эргэж ирэхээргүй үлдэж байгаа хүн байна гэж хардаг. Дан ганц Америк гэлтгүй дэлхий даяар суралцах боломжтой олон их, дээд сургуулиудын мэдээллүүдийг цахим орчинд бий болгосон байдаг шүү дээ. Харамсалтай нь манайд виз мэдүүлж байгаа оюутнууд тэр болгоныг судалж үздэггүй. Хэдхэн сургууль дээр төвлөрдөг байдал ажиглагддаг. Эндээс тухайн оюутан виз зуучлагч хүмүүс юм уу, боловсрол мэдээллийн төв зэрэг аливаа нэг байгууллагууд дээр очиж мэдээлэл авах хялбар аргыг илүү эрэлхийлдэг нь харагддаг. Асуудал нь юунд оршиж байна вэ гэхээр гуравдагч этгээдүүд маань бизнесийн зорилгоор ашиг олох гэсэн зорилгоор ажилладаг. Би эдгээр байгууллагуудыг бүгдийг муу гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ оюутан болгоны хэрэгцээ шаардлага, зорилго нь өөр. Тэр болгонд тохируулж харьцдаггүй, ерөнхий байдлаар авч үздэг байх. Дээрээс нь АНУ-ын боловсролын арга зам, систем Монголынхоос тэс өөр байдаг. Тэгэхээр бизнесийн гуравдагч байгууллагууд оюутнуудыг өөрсдийнх нь зорилгод хүргэе гэсэн сонирхолгүй байж болно. Ямар нэгэн байдлаар өөрсдийн хэрэгцээндээ нийцүүлэн мэдээлэл гаргадаг байж болох юм. Хэдийгээр АНУ-д суралцах нь өндөр боловсрол эзэмших боломжтой гэж үзэж байгаа ч нэлээд саад бэрхшээл тулгарна гэдгийг ойлгуулах тийм эрмэлзэл надад байна. Зөв мэдээллийг яаж авах вэ гэхээр зөв газраасаа авах ёстой. тэгэхээр АНУ-ын Засгийн газраас ЭСЯ-тай хамтарч байгаа Америкийн төв, “Education USA” зэрэг байгууллагаас бүх шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.

-АНУ-д визний хугацаагаа хэтрүүлж, зөрчил гаргасан хүмүүс Монголоос тус улсыг зорих дараа дараагийнхаа хүмүүст сөрөг нөлөөтэй болохыг та дээр хэллээ. Жишээлбэл, АНУ-д хамаатан садан нь байсаар атал байхгүй гэж худлаа мэдүүлдэг ч юм уу. Энэ мэтчилэн виз мэдүүлэгч бүдрэх асуудлууд байдаг байх. Тэгэхээр АНУ-ын виз хүсэгчид юуг анхаарах ёстой вэ?

-Виз мэдүүлэгчид АНУ-д байдаг гэр бүл болон хамаатан садангуудаа нуун дарагдуулдаг тийм зүйл тохиолддог. Эдгээр асуудлуудаас болоод тухайн хүн дээр эргэлзээ үүсч эхэлдэг. Миний хувьд Монгол Улсад ажиллаж, амьдарч байхдаа монголчуудын тухай багахан ойлголттой болсон. Иргэд аялахдаа яадгийг тодорхой хэмжээнд мэдээд авсан байгаа. Виз мэдүүлж байгаа нийт хүмүүсийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүмүүсээ нуун дарагдуулаад хэлж байгааг нь шууд мэдэх боломжтой байдаг. Тэд гэр бүлийн хүмүүсээ нуун дарагдууллаа гээд виз гарахад нь сайнаар нөлөөлдөггүй. Гэхдээ үнэнээ хэллээ гээд шууд виз олгочихно гэсэн үг биш. Мэдээж тухайн хүн маань үнэн бодитоор бүх мэдээллээ гаргаад тавихад хангалттай хэмжээнд мэдээлэлтэй болсон учраас өөрт нь эергээр нөлөөлөх боломжтой. Ямар нэгэн байдлаар тухайн виз мэдүүлж байгаа хүний аяллын зорилго нь хоорондоо авцалдаагүй, хоорондын мэдээллүүд нь холбоогүй болоод ирэхээр бид шууд татгалзахад хүргэдэг. Виз бол үндсэндээ итгэлцэл. Нэг ёсондоо манай улсад хууль ёсны дагуу аялаад ирээрэй гэдэг итгэлцлийг олгож байгаа гэж үзэж болно.

АНУ-ын Цагаачлалын тухай хуулийн үндсэн шалгуурт “Виз мэдүүлж байгаа хүн болгоныг АНУ руу цагаачлагч этгээд мөн” гэдэг анхны хандлагаар эхэлнэ. Гэвч тухайн ярилцлагын явцад виз мэдүүлэгч маань өөрийгөө тийм хүн биш гэдгийг батлан харуулахад оршино” гэж заасан байдаг. Визний ярилцлага эхлэхэд бид ямар ч хүн байсан түүнийг АНУ руу цагаачлах гэж байна гэдэг нүдээр харж эхэлдэг. Хуулинд заасан учраас тэгж ажиллахаас ч өөр аргагүй. Дээрээс нь тайлангийн дүн тааруу болохоор виз мэдүүлэгч нарт нэлээд түвэгтэй байдал үүсээд ирдэг.

Тиймээс АНУ-ын виз хүсэгчид юуг анхаарах ёстой вэ гэхээр ярилцлаганд орохдоо бэлтгэлтэй, асуултад үнэнч шударгаар бүрэн дүүрэн мэдээлэл өгчихдөг байх хэрэгтэй. Хэрэв визэнд орж байгаа хүн бүр ингэж мэдүүлдэг бол виз олголтын хувь ч илүү болох болов уу.

-“АНУ-ын виз гаргаж өгнө” гэдэг зар түгээмэл байдаг. Танай ЭСЯ-ны зүгээс үүнд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Энэ тал дээр анхааруулах зүйл байгаа. Ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын арга тактик үр дүнгээ өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд бий. Тэд энэ бизнес дээрээ удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй. Манай ЭСЯ-ны зүгээс зөвхөн тэр үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүсийн тоог багасгахаас илүүтэйгээр хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авахуулах чиглэлд ажиллах болно.

Ялангуяа виз зуучлагч компаниуд тухайн виз мэдүүлэгчид худал мэдээлэл өгөх, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг компаниудад бид хариуцлага тооцуулах болно.

Мэдээж шударгаар үйл ажиллагаа явуулж буй компаниудын араас явахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл нэгэн ядарсан гэр бүлээс 1700 ам.доллар залилан авсан этгээдийг Монголын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа. Энэ бол тухайн гэр бүлд их хэмжээний мөнгө байсан.

-АНУ ногоон картын сугалааны бүртгэлийг ирэх жилээс явуулахгүй гэсэн мэдээлэл байна. Та үүнд албан ёсны хариулт өгөхгүй юу?

-Ямар нэгэн байдлаар ногоон картын сугалаа зогсоно гэсэн мэдээлэл гарсан асуудал байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *