Categories
мэдээ нийгэм

​Гадны өндөр хөгжилтэй орнуудад гэрлийн шон дээр зориулалтын хуулгыг заавал наадаг гэв​

Image result for шон дээр зарлал

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй наасан сурталчилгааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “Иргэд, аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон байгаа. Манайх өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна” гэв.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газар энэ сарын 6-наас эхлэн хууль бус гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоосон. Ингээд 16 иргэнийг бүртгэн авч дахин зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн зөвлөгөө өгч баталгаа гаргуулсан юм. Мөн биеэ үнэлж болзошгүй таван иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлсэн. Найман иргэнийг Монгол Улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50 мянга нийт 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа. Харин гурван байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч хуулийн дагуу зохих арга хэмжээг авсан байгаа. Харьяа дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэст тус газруудад дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар санал хүргүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа. Нийт гулгаа массажны 59 газар, 71 зочид буудал, 15 халуун усны газар, массажистаар ажилладаг 23 иргэнийг бүртгэн авч 573 зарыг фото зургийн аргаар баримтжуулан устгалд оруулсан гэнэ.

Улаанбаатар хотын хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гудамж зам талбай, хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй зарлалын хуудасууд маш ихээр наах болсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн 214.7 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байна” гэж байлаа.

Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулж, наах тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрлийн шон дээр зориулалтын хуулгийг наах болсон гэсэн. Хөрөнгө мөнгө хэр зарцуулсан юм бэ. Ямар үр дүн гарч байна?

-Өмнө нь шонгийн гэрэл дээр наасан зарлалын хуудсыг зам талбайн үйлчлэгчид авахад маш их хэмжээний цаг хугацаа зарцуулдаг байсан. Гадны өндөр хөгжилтэй орнуудад гэрлийн шон дээр зориулалтын хуулгийг заавал наадаг. Тухайлбал, Солонгос, Япон гэх мэт. Нийслэлд өнгөрсөн зургадугаар сараас эхлээд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн шон дээр зориулалтын хуулгийг наах болсон. Энэ нь хүчин чадлаас хамаарч зарим газарт хүрэлцээгүй байгаа юм. Техник, нөөц бололцоогоор Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гээд нийт 2300 гэрлийн шон дээр зар сурталчилгаанаас хамгаалах хуулга наасан байгаа. Хуулга дээр аливаа нэг зар сурталчилгааг тавилаа гэхэд зам талбайн үйлчлэгчид буцаагаад авахад маш хялбар. Ямар ч цавуу, скоч наалдаггүй. Ажлыг хөнгөвчлөх зорилготой тавьсан. Хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн компани ажлыг гүйцэтгэсэн. Хууль бус сурталчилгааг наалгахгүй гэсэн зорилготой.

-Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг саун, массажууд зар сурталчилгаагаа тавих бүрэн боломжтой биз дээ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт зар сурталчилгаа тавих, байршуулах тухай журам гэж байдаг. Журманд зардлын хуудсыг зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын байр, үйлчилгээний газар, орон сууцны хорооллын доторх зориулалтын мэдээллийн самбарт эрхий бүхий этгээдийн зөвшөөрлөөр байрлуулж болно гэсэн эрх зүйн зохицуулалттай байдаг юм. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй гэв.

Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *