Categories
мэдээ нийгэм

БХЯ будилаан ихтэй нь илэрлээ

Батлан хамгаалах яаманд албан тушаалын томилгоо нь будилаантай, тендер сонгон шалгаруулалт нь ашиг сонирхлын зөрчилтэй, худалдан авах ажиллагаа нь хуулиас давсныг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхан илрүүлжээ. Гэхдээ АТГ-аас яг хэн гэдэг дарга яаж хууль бус томилгоо хийсэн, тендер сонгон шалгаруулалт нь хэрхэн будилаантсан, худалдан авах ажиллагааг дарга нар нь хэрхэн өөртөө ашигтайгаар явуулсан зэргийг одоогоор нийтэд зарлахгүй гэж тайлбарлав. Учир нь, Батлан хамгаалах яаманд илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж, төрийн ажлыг хууль ёсны дагуу хийх боломжийг олгожээ. 14 хоногийн дараа Батлан хамгаалахын яам дээрх зөрчлөө арилгахгүй бол нийтэд мэдээлэх боломжтойг албаны эх сурвалж хэлэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-аас тусгай ажлын хэсэг томилж, яам агентлагуудад авлига, хууль бус томилгоо хэр байгааг тогтоохоор гэнэтийн шалгалт хийж эхэлжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт анхны шалгалтыг хийж, ажилласан дүнгээ өчигдөр /2017.09.25/ хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлснээ танилцуулав.

БХЯ-НЫ ДАРГА НАР ХУВИЙН АШИГ ХАРЖ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛДАГ БАЙЖЭЭ

АТГ-ын ажлын хэсэг Батлан хамгаалах яамны 2015 оноос хойших үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, тусгагдсан төсвийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийг нэг бүрчлэн шалгасан байна.

Улмаар Батлан хамгаалах яамны дарга, албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахгүйгээр томилдог байсныг нь тогтоожээ.

Илэрсэн зарим хууль бус ажиллагааг нь лавшруулан шалгах шаардлагатайг АТГ-ын дарга Х.Энхжаргал онцолсон. Ингээд шалгалтыг гүнзгийрүүлэн хийх хоёр ажлын хэсэг гаргахаар болсон юм.

“Но”-той нь тогтоогдсоныг АТГ-ынхан танилцуулахад, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *