Categories
мэдээ спорт

Цэргийн ДАШТ-д ОУХМ П.Орхон түрүүллээ

Литв улсын Клайпеда хотноо болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д Алдар Спорт Хороо, Аваргууд академи, Батсол ХХК-ий тамирчин, ОУХМ П.Орхон түрүүллээ. Ингэснээр тэрбээр энэ жил оролцсон 9 тэмцээндээ бүгдэд нь түрүүлээд байгаа аж. Ганцхан сарын өмнө Францын Парис хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн бүсгүй ийнхүү богино хугацааны дараа цэргийн дэлхийн аварга болж буй нь энэ юм.

Он гарсаар тэрбээр МУ-ын аварга, Иван Ярыгины алтан гран при тэмцээний аварга, Оюутны Улсын аварга, Монголиа Опен тэмцээний аварга, Польшийн нээлттэй тэмцээний аварга, Испаний Мадридын гран при тэмцээний аварга, ДАШТ-ий аварга, Цэргийн ДАШТ-ий аварга гэсэн тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлээд байна. Мөн энэ жилийн анхны ялагдлаа тэрбээр өчигдөр л авсан юм. Тодруулбал өчигдөр аваргалсан тэмцээндээ тэрбээр БНХАУ-ын тамирчин Жиа Липинд ялагдсанаар энэ жилийн анхны ялагдлаа амссан.

Түүний жинд нийт 5 бөх байсан бөгөөд тойргоор барилдсан. Хэдийгээр БНХАУ-ын тамирчинд оноогоор ялагдсан ч гэсэн бусад өрсөлдөгчдөө цэвэр ялснаар аварга болох болзлоо хангасан юм. Өөрөөр хэлбэл энэ жил П.Орхон босоо байна.

Харин цэргийн дэлхийн аварга болсноор энэхүү оргилд хүрсэн манай улсын 6 дахь тамирчин болоод байна. Түүнээс өмнө энэ алдрыг хүртсэн эрхмүүд гэвэл Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Г.Отгонжаргал нар юм.

П.Орхон цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар өөрийн фэйсбүүк хуудсанд “Цэргийн дэлхийн аварга гэж нээрээ дайн юмаа. Байлдаад ирсэн хүн шиг л байна дух хавдаад, нүд хөхрөөд, чих хугараад, энэ жилийг амаргүй өнгөрөөж байна даа. 9 дэх тэмцээндээ оролцоод 9 дэх түрүүгээ авлаа. #batsol ХХК, Алдар спорт хороо, Аваргууд академийн хамт олондоо, гэр бүл найзууддаа баярлалаа. Цэргийн дэлхийн аваргын зардлыг минь гаргасан Үндэсний Олимпийн хороонд баярлалаа. Арын албанд байдаг спортын анагаах ухааны албаны эмч нартаа, шигшээ багийн холбооны удирдлагууд, ажилчиддаа, спортын сэтгүүлч, телевиз, сонин, сайтын ажилчиддаа, спортдоо хайртай Монголчууддаа баярладаг шүү” хэмээн бичиж, өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *