Categories
мэдээ цаг-үе

​Баравын Батбилигийн ертөнц

Үг холбож, утга найруулахад дурлачихсан нэгэн эрхмийн “Миний ертөнц” хэмээх шинэ номыг нээв. Монголын сэтгүүл зүйн нэрт мастеруудын нэг Баравын Батбилиг ахын энэхүү номд шилмэл ярилцлага, хөрөг найруулал, аян замын тэмдэглэлүүд нь оржээ.

Номын гуравдугаар бүлгийг сонгон шууд нээвэл “Ний нуугүй яриа”-нууд хөврөх аж. Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадорж, Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содном, Мэндсайханы Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Шаравдорж нарын эрхмүүдтэй хийсэн алд дэлэм ярилцлагууд дурайж байна.Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуайтай уужим сайхан ярилцлагыг дэлгэжээ. Монголын урлагийн сод хүмүүнийг энх тунх ахуйд нь уулзаж, ярилцлага хийхдээ юу эсийг асууж, юу эсийг хэлүүлж болох билээ. Тийм л ярилцлага хийж байжээ. Д.Лувсаншарав гуай ийн хэлсэн байна. “Хорин тавхан настайдаа гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм. 1963 онд төрийн шагнал хүртсэн.

Усан болорын өнгөтэй

Уртаа сайхан Хэрлэн минь гэж эхэлдэг дуугаараа авсан. 1981 онд ардын жүжигчин, 2000 онд хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдрыг авсан даа. Хэн ч намайг урлагт зүтгэ, хөгжим зохио гээгүй, миний хувь заяа л энэ юм” хэмээжээ. Мөн “Миний эцэгт угийн бичиг байгаагүй. Өвөг эцэг Чүлтэм хуучны Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Номтой лам байсан гэнэ билээ. Аав минь 1890 онд төрсөн. Автономитын үед цэрэгт татагдаж, Халх гол, Хэрээ уулын байлдаанд оролцож явсан гэдэг. Гарын уртай, дээлийн товч, бөгж энэ тэр хийдэг, морь уях дуртай хүн байв. Миний ээж Ангирын Уртнасан үйлэнд уран, лам, ноёдын дээл хувцас, сүм хийдийн чимэглэл оёх, ширдэг ширэх, оймсны хараа, хөөрөгний даалин шаглана. Манайх бод, бог нийлсэн зуун тавиад малтай айл байлаа” хэмээн хуучны ахуйгаа дурссан байна.

Ерөөс “Ний нуугүй яриа” гэх энэхүү бүлэгтээ нэр цуутай улсуудтай хийсэн хөөрөлдөөн, сурвалжилсан бүтээлүүдээ багцалжээ. Харин “Сэтгэл рүү өнгийхүй” хэмээх хэсэгтээ хөрөг таталбар, найрууллуудаа шигтгэсэн байна. Үгийн урлагийн төрлөөр хөрөг найруулал бичихэд баатрынхаа дотоод сэтгэл бодол, зан чанарыг онож, таньж гаргах нь гол гэлцдэг. Тэгвэл “Дилов хутагт”, “”Муу” хүний тухай өгүүлэхэд”, “Михаил Прохоров гэж хэн бэ” гэх зэрэг хөрөг найруулал нь уншихад ухааралтай, баримт судалгаатай, үнэлэх дүгнэлттэй бичигдсэн аж. Дилов хутагтын тухай бичихдээ “Тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс мэндэлсэн гэх. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулсын өвөр угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүмүүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн хувь ерөөлтэй. Ах, эгч хоёртой, айлын гурав дахь хүүхэд. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаанаа учир жанцантай биз ээ” гэжээ.

Тэгвэл “Миний үг” хэмээх бүлэгт үзгийн үзүүрийг хурцлан байж бичсэн “бул чулуу шиг “ даацтай нийтлэлүүд нь байх аж. “Стивен Сигал Монголд ирээд буцав, тэр дахиад ирэх юм гэсэн”, “Цаасан дээрх цахилгаан станц газар дээр хэзээ босдог бол”, “Өршөөлийн хууль байхад шоронд орно оо гонжийнжоо”, “Монголын Ерөнхийлөгч нар тэтгэвэрт гардаггүй нь хачин” гээд л нэрнээсээ өгсүүлээд уншууртай нийтлэлүүд нь түүний ертөнцийг илтгэх буюу.

Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *