Categories
мэдээ цаг-үе

Намын даргын төлөө алалцаж байгаад намрын ажлаа мартав даа!

Image result for тусгаар тогтнол ордонЗуны зунд бүх ажлаа хаян хөдөө орон нутгийг зорьж, найр наадам хэсдэг ард түмэнтэй манай улсын бүхий л салбарын ажил зөвхөн энэ л улиралд цалгарддаг. Гэхдээ энэ жил урьд өмнөх, бусад жилүүдийнхээс урт назгайрч байна. Тавдугаар сар гарч, сонгуулийн дуулиан эхлэхтэй зэрэгцэн таг зогссон төрийн ажил ирэх намраас нааш эмх, цэгцэндээ орж, эргэж сэргэхгүй шинжтэй. Бүр төрийн маань механизм намартаа хөдөлж эхэлвэл их юм. Яагаад гэвэл сонгуулиас улбаатай улстөржилт, тамганы төлөөх тэмцэл одоо ч халуун хэвээрээ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь сандал, суудлын төлөөх дараагийн марафоны эхлэлийг тавьчихжээ.
МАН-ын даргын тамга эзэнгүй, Ерөнхий сайдын суудал ганхаж, Засгийн газрын гишүүд түгшиж, төрийн албан хаагчид ээлжит цомхотгол эхлэхээс айж байгаа гэхэд хилсдэхгүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр улс төрийн ээдрээтэй, эгзэгтэй энэ үед буруу хөдөлж халагдахаас айсан төрийн албан хаагчид бүр ч үхээнц болчихож. Энэ байдал лав есдүгээр сар гарч МАН-ынхныг асуудлаа шийдтэл үргэлжлэх төлөвтэй. Одоо байгаа удирдлагууд нь үлдвэл асуудал гайгүй ч солигдчихвол эрх баригчдын хоёрдугаар ээлж хоолондоо орох компанит ажил эхэлж өвлөөс нааш төр цэгцрэхгүй. Ийм л учраас МАН дахь Зүүний хүчний холбоо, Хотын болоод Увсын фракцийнханд улсын бус намын асуудал нь одоо хамгийн чухал. Энэ нь ч сонгуулийн жилтэй зэрэгцэн эхэлсэн хар PR өнөөдөр нэгнээ намнах хэвлэлийн дайнаар солигдсоноос ил харагдах болсон. Тэгэхээр эрх баригчдаас дотоод самуунаа эртхэн цэгцэлж, төр түмнийхээ төлөө нэг өдрийн өмнө ч болов ажиллаж эхлэхийг шаардах шаардлагатай болчихоод байна. Намын даргын төлөө алалцаж байгаад намрын ажлаа мартав аа гэдгийг давхар сануулах хэрэгтэй байх.
Монгол орны энэ зун ямар байгаа билээ. Нийт нутгийн 80 хувь нь дөнгөж одоо л ган тайлах төлөвтэй, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах нь тодорхой болсон. Хадлан авах тухай яриад ч хэрэггүй. Гадаад худалдаа, гадаадаас худалдан авалт, гурил, будаа, шатахууны нөөц, тариа хураалт эхлэх болон дуусах хугацаа гээд улс орны гал тогооны ажил ямар байгаа тухай дүн мэдээ ор сураггүй байсаар байна. Ийм таагүй жилийг хохирол багатай даван туулахын тулд ирэх намраас бус өнгөрсөн хавраас ажиллаж эхлэх хэрэгтэй байсан. Онцгой сануулгатай байгаа энэ үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд, Хөдөө аж ахуйн болоод бусад яам, газар, агентлагийн эрхэм удирдлагууд нь тамганы уралдаанд оролцох бус түмнийхээ төлөө ажиллавал хэрэгтэй байгаа. Гэнэтийн, нэг л шалгалтад бүгд бүдэрснийг монголчууд нийтээрээ харсан. Америк кинон дээр бүх үйл явдал өрнөөд, дууссаны эцэст цагдаа нь очдог шиг ойд түймэр дэгдээд, шатаад дууссаны дараа бүгд сүр бадруулан, эх орноо аварч байгаа баатрын дүрээр хэдэн өдөр түмний нүдэнд ил гараад ахиад л сураггүй. Бүр эрхэм сайд, дарга нарын амнаас гантай зуны талаар ганц ч үг ганхийсэнгүй. Ийм унхиагүй байсаар хүйтэн намар, зудтай өвөл, хахир хаварт хамаг байдагаа барах юм биш биз.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *