Categories
мэдээ цаг-үе

А.Ариунзаяа: Дараагийн сонгуулиудаар сонгогчдын тоо зөрүүтэй гарахгүй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.


-Сонгуулиар хүн амын тоо зөрсөн тухай олон мэдээлэл, маргаан гардаг. Энэ юунаас болдог юм бэ?

-Хэн нэг нь санаатай хүн амын тоог будилуулдаггүй. Байгууллагуудын харилцан уялдаа муутай байдал тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгаа юм.

-Яг ямар байгууллагуудын уялдаа муу байна?

-Байгууллагын гэхээсээ илүү өнөөгийн тогтолцоо. Жишээлбэл нэг эх эмнэлэгт амаржаад гардаг. Эмнэлэгт шинээр төрсөн хүүхдийн хүйс, жин, төрсөн цаг, эцэг, эхийн нэр, эх баригч эмчийн нэрийг бүгдийг нь тэмдэглэсэн байдаг. Харин шинээр төрсөн хүүхэд гэрчилгээ аваад, хороондоо бүртгүүлснээр манай байгууллагын хүн амын бүртгэлд хамрагдана. Зарим нь зургадугаар сард төрсөн хүүхдээ наймдугаар сард бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байх жишээтэй. Зарим нярай бүртгүүлэхээсээ өмнө энддэг. Энэ тохиолдолд иргэний бүртгэлд огт бүртгүүлэлгүй өнгөрдөг. Бас нас барсан хүнийг эрүүл мэндийн байгууллага бүртгэдэг боловч мэдээлэл нь бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүн амын бүртгэлд ордог. Зарим нь огт бүртгүүлдэггүй. Энэ хугацаанд хүн амын тооны зөрүү гардаг. Гэхдээ тийм их хэмжээгээр зөрүү гардаггүй.

-Энэ байдлаас яаж гарах ёстой вэ?

-Бид олон улсын жишгийг дагасан тогтолцоог нэвтрүүлж байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллага, иргэний бүртгэлийн байгууллага, Үндэсний статистикийн хороо гурвалсан гэрээ байгуулах юм. Энэ гэрээгээр дээрх байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болно. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага шинээр төрсөн хүүхэд, нас барсан иргэдийн мэдээллийг шууд мэдээллийн санд илгээнэ. Харин иргэний бүртгэлийн байгууллага шууд дугаар олгоно. Ингэснээр цаг алдалгүй манай байгууллагын хүн амын бүртгэлд нэмэгдэж, хасагдаж бүртгэгдээд явдаг болно.

-Цаашдаа хүн амын тооны тухай мэдээлэл зөрөхгүй гэсэн үг үү?

-Цаг алдалгүй гурван байгууллага нэгдсэн мэдээлэл авч болохоор зөрөхгүй. Дээр нь олон улсын жишгээр эрүүл мэндийн байгууллага тухайн мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа шинээр төрөгсөд хаана, хэзээ төрсөн, нас барагсдыг ямар шалтгаанаар нас барсан зэрэг мэдээллийг өгнө.

-Хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Гэрээ, хэлэлцээрүүд хийгдсэн. Улам боловсронгуй болгоод, удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.

-Зарим төрийн байгууллагууд нийтийн хэрэгцээний мэдээллийг байгууллагын нууц гээд гаргадаггүй. Харин танай байгууллага нэгдсэн байдлаар гаргадаг. Ингэхээр нууцлах хэрэг байна уу?

-Эрхэлсэн асуудлынхаа хүрээнд яам, агентлагууд мэдээллийг манай байгууллагад ирүүлдэг. Бид нэгдсэн байдлаар мэдээллийг гаргадаг. Өнөөдөр олон улсын “нээлттэй засаглал”-ын тухай их яригдаж байгаа. Энэ нь төрийн мэдээллийн нээлттэй байдлын тухай ярьж байгаа юм. Нэгдүгээрт мэдээллийг нээлттэй, шуурхай олон нийтэд хүргэх, хоёрдугаарт мэдээллийн зөрүүг арилгах зорилго агуулж байгаа юм. Байгууллага мэдээллээ өгөхгүй байгаа нь байгууллага болон хувийн нууцын хуулиар зохицуулагдаж байгаа юм. Тухайн байгууллагын тухай мэдээлэл, манай мэдээлэл хоёр өөр л дөө. Жишээлбэл, тухайн байгууллагад ямар нэгэн мэргэжлийн хүн хэд ажиллаж байна гэдэг нь нууц байж болно. Харин улс орон даяар тийм мэргэжлийн хүн хэд байна гэдгийг бид нэгтгэж гаргадаг. Үүгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж байгаа нэгдсэн дүн мэдээлэл байгууллага болон хувь хүний нууцыг хангасан байдаг.

-Нээлттэй засаглал төсөл олон улсад нэвтрээд хэрэгжсэн туршлага байна уу?

-Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Одоо олон улсын чиг хандлага хөгжлийн түвшнээс үл хамааран энэ чиглэл рүү явж байна.

-Яагаад манайд өнөөг хүртэл хэрэгжихгүй байна вэ?

-Энэ төсөл өндөр техник технологийн түвшинд хийгдэх ажил. Өнөө л санхүүжилтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа.

-Танай байгууллагын боловсон хүчин, бүтэц энэ төслийг хэрэгжүүлэх чадвартай юу?

-Манай байгууллагын боловсон хүчин олон жилийн туршлагатай. Манай ажилтнуудын дундаж ажилласан жил нь арав. Тогтвортой ажилласан боловсон хүчнүүд. Манай зургаан газрын дарга 9-30 жил ажилласан байна. Бид олон улсын хурал, семинарт оролцож байхдаа олон улсын түвшинд хүрсэн гэдгээ мэдэрдэг. Олон улсын мэргэжлийн байгууллагууд биднийг хуралд илтгэл тавиулах, байгууллагынхаа удирдах байгууллагуудад сонгодог. Мэдээж шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэ-жилтнээ сургалтад хамруулах, технологитой танилцах зэрэг ажил зохион байгуулна.

-Сонгуулиар мэргэжилтнүүдээ хуу хамахгүй юу?

– Сонгууль манай боловсон хүчинд харьцангуй нөлөөлөл багатай.

-Нэг эдийн засгийн ухааны доктор “Нэгдүгээрт шийдвэр гаргагчид эрдэмтдээ тоохгүй байна. Хоёрдугаарт статистикаа уншиж мэдэхгүй байна” гээд зурагтаар загнаж байсан. Хэр бодитой шүүмжлэл вэ?

-Би бодитой гэж бодож байна. Олон улсын түвшинд улстөрчид шийдвэр гаргахдаа статистикийн мэдээнд тулгуурладаг жишиг тогтсон. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд, хурдацтай хөгжиж байгаа орны улстөрчид статистикийн мэдээг ойлгож, шийдвэрээ гаргадаг болсон.

-Танай байгууллага олон түвшний мэдээлэл боловсруулж чадаж байгаа юу?

-Нэгдүгээрт бидний уламжлалт мэдээллийн технологи хуучирч байгаа нь үнэн. Сарайсан олон тоо байдаг шүү дээ. Хоёрдугаарт мэдээлэл хүлээж авдаг тархи өөрчлөгдөөд байна.

-Олон жилийн турш манайхан статистикийн мэдээг мэргэжлийн хүн унших ёстой гэсэн уламжлал байгаа шүү дээ.

-Тийм уламжлал байсан. Одоо бид өөр хандлага руу явж байна. Бид мэдээллийг зөвхөн мэргэжилтэн биш хэн ч уншиж ойлгохоор энгийн түвшинд боловсруулна. Саяхан би Швейцарьт хуралд оролцсон. Яг энэ тухай л яригдсан. Хүний тархи мэдээллийн 90 хувийг нүдээр хүлээж авдаг болсон. Одоо нуршсан олон тоог уншуулах биш хараад л товч, тодорхой, ойлгомжтой байх мэдээлэл боловсруулах шаардлагатай болж байгаа юм.

-Суманд сумын Засаг дарга статистикийн мэдээллийг хариуцдаг гэдэг. Тэр дарга мэдээлэл боловсруулж барах уу, статистикийн мэдээлэл гэдэг нь УИХын шийдвэр гаргах гол тулгуур биз дээ?

-Мэдээж олон төрөл мэргэжлийн хүмүүс сумын засаг даргаар сонгогдсон байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бид УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, яам, агентлаг, тамгын газрын статистикийн асуудал хариуцсан албан тушаалтнууд, сэтгүүлчдэд сургалт зохион байгуулсан. Бүх аймгийн сумдын дарга нарт сургалт зохион байгуулсан.

-Сургалтанд юу заах вэ?

– Мэдээллийг хаанаас, яаж авах, юунд ашиглах зэргийг заадаг.

-Танай байгууллагын мэдээлэл ямар нэгэн хязгаартай юу?

-Хязгаартай. Статистикийн хуульд заасан мэдээллүүдийг гаргана. Товчхондоо төрийн байгууллагын бүртгэсэн мэдээллийг олон нийтэд хүр-гэнэ. Үүгээрээ бусад мэдээллийн байгууллагаас ялгаатай. Статистикийн мэдээг өндөр хөгжилтэй орнуудад төр нь хариуцлага хүлээх учраас хамгийн найдвартай эх сурвалжид тооцдог.

-Танай гаргасан дундаж цалингийн хэмжээ байнга маргаан дагуулдаг. Ялангуяа цалин өссөн гэх нь олон хүний цухлыг хүргэдэг.

-Бидний зарласан дундаж цалин 800 мянга гэж тооцъё. Гэтэл олон иргэдийн цалин 300-400 мянга байдаг. Тэр хэмжээний цалин авч байгаа иргэд “Яагаад бидний цалин 400 мянга байхад, дундаж цалин 800 мянга байдаг юм бэ” гээд итгэдэггүй. Тэр тусмаа өнгөрсөн оноос хойш цалингийн дундаж 90 шахам мянган төгрөгөөр нэмэгдсэн гэхээр бүр ч итгэхгүй.

-Цалин нэмсэн тухай ямар ч мэдээлэл байхгүй шүү дээ.

-Хүмүүс мэдээллийг өөрсөд дээрээ хүлээж авдаг. Биднийг эрх баригчдыг сайхан харагдуулах гэж хуурамчаар өсгөж байна гэж шүүмжилдэг.

-Нууц биш бол дундаж цалингийн хэмжээг тооцдог аргачлалаа тайлбарлаж болно биз дээ?

– Нуух зүйл юу ч байхгүй. Бид цалингийн хэмжээг нийгмийн даатгалын байгууллагаас авдаг. Цалингийн шимтгэл төлсөн хэмжээ худлаа байна гэж байхгүй биз дээ. Хэн ч 500 мянган төгрөгийн цалин авчихаад 600 мянган төгрөгийн шимтгэл төлөхгүй. Энэ утгаараа авсан цалингийн хэмжээ баталгаатай гэсэн үг. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 37 мянган аж ахуйн нэгжийн ажилтан, ажилчид татвар төлсөн байна. 400 мянган иргэний цалингийн сангаас авсан мэдээллийг бид хүргэсэн. Хамгийн өндөр цалинтай салбар уул уурхай. Тэдний дундаж цалин 2.5 сая

шахам төгрөг. Хамгийн бага нь урлаг, тоглоом наадмын салбарын дундаж цалин 600 шахам мянган төгрөг. Дундаж цалин гэдэг нь хамгийн их цалин дээр хамгийн бага цалинг нэмээд хоёр хуваасныг хэлж байгаа юм.

-Өсөлтийн хувьд?

-Энэ жил уул уурхайн салбарын цалин нэмэгдсэн. Тэр тухайгаа тухайн байгууллага зарлах албагүй. Тэгэхээр дээд цалин нэмэгдэхээр дундаж цалин өссөн тооцоо гарна.

-Уул уурхайн цалин яагаад нэмэгдэв?

-Энэ тусдаа асуудал. Гэхдээ уул уурхайн баялгийн үнэ нэмэгдэх, гаднаас ажиллах хүчин бага орж ирэх, эсвэл өндөр мэргэжлийн ажилчдыг татах өрсөлдөөн гэх мэтийн олон шалтгаан байж болно. Ямар ч байсан цалин нэмэгдсэн гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэлээр батлагдаж байгаа юм.

-Энэ тооцоо олон улсын аргачлал мөн үү?

-Олон улсад дундаж ба голч цалин гэж хоёр янзаар гаргадаг. Дундаж гэдэг нь дээр тайлбарласан. Голч гэдэг бүх цалингаа эгнүүлээд 50 дахь хувь дээр хэдэн төгрөг авч байгааг тооцдог.

-Хэр их зөрүү гарах вэ?

-Өндөр зөрүү гарна. Энэ аргаар тооцвол голч дундаж цалин 600, дундаж цалин 900 мянган төгрөг болох жишээтэй. Одоо бид цалингийн дундаж ба голч хэмжээг зарладаг болно.

-Энэ хоёр тооноос статистикийн хувьд юу харж болох вэ?

-Зөрүү их байх тусам орлогын ялгаа ихэсч байгаа нь харагдана. Иргэдийн орлогын ялгаа нэмэгдэх нь баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна гэсэн. Зөрүү бага байх тусам баялгийн хуваарилалт тэгш явагдаж байгаа нь харагдана.

-УИХ гэнэт ямаанд, хүүхдэд мөнгө өглөө, болилоо гэсэн шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргахдаа танайхаас тоо, судалгаа, санал зөвлөмж авдаг уу?

– Зарчмын хувьд Үндэсний статистикийн хороо УИХ-ын шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Бид бодит байдлыг тоогоор л гаргаж өгнө. Тэр тооноос аль салбарт, ямар асуудал үүсээд тулгамдаад байгааг харж болно. Мөн гаргасан шийдвэр ямар үр дүнд хүрч, ямар нөлөө үзүүлснийг харж болно. Яг бидний гаргасан тоог УИХ ашигласан уу, шийдвэр гаргахдаа тооцсон уу гэдгийг бид мэдэхгүй.

-Хуулинд УИХ заавал ашиглах тухай ямар нэгэн заалт байхгүй юу?

-Байхгүй. Хуулинд статистикийн мэдээллийг буруугаар ашиглах, тайлбарлах, олон нийтийн дунд төөрөгдөл бий болговол тодорхой хариуцлага хүлээх заалт бий.

-Буруугаар ашигласан тохиолдол бий юу?

-УИХ-ын гишүүн хүртэл буруугаар ашиглаж улс төр хийсэн тохиолдол гарсан.

-Хариуцлага тооцсон уу?

-Янз бүрийн асуудал үүсдэг ч хариуцлага тооцсон тохиолдол байхгүй. Тэр хариуцлага бараг бэлгэдлийн чанартай юм.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *