Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хамгийн эрхэм хүмүүсээ хайрлах хүмүүжилгүй монголчууд

Монголчууд автомашинтай танилцаад 100 орчим жилийн нүүрийг үзлээ. Өдөр тутмын хэрэгцээндээ ашиглах болсоор 20 гаруй он улирчээ. Машин гэдэг холыг ойртуулж, хоёрыг учруулсан сайхан унаа. Тав тухаас эхлээд мориор сар явах газрыг машинаар хоногтоо туулж хугацаа хэмнэдэг зэрэг давуу талыг дурдвал барагдахгүй. Ёстой дэлхийн ард түмний амьдралд яв цав нийцсэн эд. Гэхдээ буруу харьцвал бурхны орон руу аваачдаг ганцхан сөрөг талтайг монголчууд огт ойшоохгүй юм. Энх энэ цагийн зөвхөн нэг жилд Монголын дөрвөн зуугаас таван зуугаад идэр сайхан эрс, залуу хөвгүүд, охид бүсгүйчүүд ослоор хорвоог орхидог гэсэн статистик ч бий. Энэ үзүүлэлт жил ирэх тусам өсч байгаа. Халх голын дайнд ч эрсдээгүй хайран амь гэж хүмүүсийн халагладаг ч туйлаас үнэн. Ид хийж бүтээх насандаа тахир дутуу, зэрэмдэг болон бие мах бодь, сэтгэл санаагаараа хохироод үлдэж байгааг нь яривал хэдэн мянгаар тоологдоно. Нэн ялангуяа цагаан сар, баяр наадам, амралт зугаалгын улирал маань үхэл хагацал, уйтгар гуниг дагуулах болсоор уджээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон улсын баярын өдрүүдийн осол аваарын гаралт сэтгэл эмзэглүүлэм, сонсохоос ч халширам байлаа. Долдугаар сарын 10-наас хойш тавхан өдрийн дотор зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдэж, орон нутгийн замд найм, Улаанбаатар хотод хоёр хүний амь нас эрсэджээ. Хүнд даацын автомашины жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа эхнэртэйгээ утсаар хэрүүл хийж байгаад хүний бяцхан үрийг 120 километр цагийн хурдтайгаар дайраад бүх ясыг нь үйрүүлж орхих жишээтэй. Зөвхөн Налайх хүрэх замын хяналтаар 238 согтуу жолоочийг илрүүлэн арга хэмжээ авсан тухай мэдээлэл ч тархсан.

Монголчууд үнэхээр хамгийн эрхэм хүмүүсээ хайрлах хүмүүжилгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа байх. Гэр бүлийнхээ гишүүдийг бүгдийг нь машиндаа чихэж аваад шулуун замд гарахаараа улаан галзуу давхилдана. Ёстой дайснаа хороох гэж байгаа юм шиг аашилдгийг та бид мэднэ. Машиныхаа хамаг тэнхээгээр уралдаж, хурд хэтрүүлэх нь наад захын асуудал. Тасарчихсан, согтуу явах ч энүүхэнд. Техникийг бүү хэл өөрийгөө хянах чадваргүй болсон тийм хүмүүс нэгхэн секунд л сэрэмж алдахад хожим нь засч болохгүй алдаа хийж, осол гарган өөрийгөө, өөрсдийгөө, өмнөөсөө зөрөн өнгөрч буй хэн нэгнийг үхэл амьдралын заагт аваачдаг. Уг нь хамгийн дотны, эрхэм хүмүүсийн нь амь насыг тээж яваагаа, тэдний амь нас зөвхөн өөрөөс нь хамаарч байгааг секунд тутамд ухамсарлаж хамгийн хариуцлагатай хандах ёстой атал эрдэнэ мэт ээж, аавынхаа, эхнэр үр хүүхдийнхээ эрлэг нь юм шиг аягладаг нь зөвхөн монголчуудын зан. Ойр дотны хүмүүсийнх нь амь хөгшин хонины гарзгүй юм бол ядаж өөрийнхөө аминд хайртай байлтай. Нэг ийм монголчуудын хэт хэнэггүй, энэрэлгүй, хайргүй, хайхрамжгүй байдлаас болж зөвхөн 2016 онд 479 хүн зам тээврийн осол, аваарт өртөж нас барсан бол хэдэн мянган хүн хүнд, хөнгөн бэртэл авсан гэх мэдээ ч гарсан байна. Энэ бол том тоо. Ийм олон хүн хөөрүү, согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн улаан зам дээр амь тавьж, бэртэж, тарчилдаг гэсэн үг.

Ер нь хол замд гэр бүлээрээ зорчино гэдэг дэлхийд соёлын хэмжээнд, нийгмийн хариуцлагын түвшинд яригддаг асуудал. Хэрэгжүүлэхэд, дагаж мөрдөхөд ч тийм ядаргаатай, яршиг дараатай зүйл биш, тун энгийн. Олон машинтай цуваа явахаар бол гэр бүлийн гишүүд нэг нэгээрээ өөр, өөр машинд тарж суудаг гэж байгаа. Осол гарахдаа тулбал цуваа тэр чигтээ өртдөггүй, зөвхөн нэгд нь л асуудал гарах нь ойлгомжтой. Тиймээс гэр бүлээрээ, голомтоороо үгүйрч, аюулд учрахаас урьдчилан сэргийлж байгаа нь энэ. Энэ ч үр дүнтэй шийдэл. Бас хүүхэд, багачуудыг заавал зориулалтын суудалд суулгаж, бэхэлгээг хийх ёстой. Хэрвээ ийм арга хэмжээ авалгүй замын хөдөлгөөнд оролцож байгаад хууль сахиулагчдад баригдвал эцэг, эх, асран хамгаалагч байх эсэхийг нь хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнээс гадна гэр бүлээрээ аялах тохиолдолд заавал мэргэжлийн жолооч хөлсөлж авдаг гэдэг. Монголд мэргэжлийн бус жолооч, согтуугаар, хурд хэтрүүлээд байгаа учраас ийм асуудал гараад байгаа хэрэг. Мэргэжлийн жолооч хүн цалинжаад ажиллаж байгаа тохиолдолд үүргээ ухамсарлаад хаана ч, хэзээ ч мэргэжлийн л байна. Хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа ч хэрэглэхгүй. Зөвхөн ийм гурван энгийн зүйлийг хэзээд мөрдөх аваас сүрэг мэнд, толгой бүрэн гэдэг шиг Монголын ард түмэн ядаж л авто ослын хагацал, эмгэнэлгүй байна. Хөгжилтэй орнуудад замын сүлжээ, цагдан сэргийлэгчдийн сүлжээг ярих юмгүй, тусгай. Ёстой иргэндээ зориулсан, иргэнээ дээдэлсэн байдгийг гадарлах байх. Дэлхийн ард түмний нөгөөгөө, гэр бүлээ хамгаалах, хайрлах асуудал олон зуун дамнан хэвшсээр ингэж л хууль, дүрмийн хэмжээнд яригддаг болжээ. Ийм хандлага, сэтгэлгээ монголчуудын гэр бүлийн хүмүүжилд огт байхгүйгээс өнөөдөр жамаараа бус замаар явж байгаад эндэцгээж байгаа. Эцэг эх, гэр бүлээ, үндэс угсаагаа хайрлаж хамгаалахад суралцаагүйгээс бид ийм байдаг бололтой.

Иргэд ийм байхад төр засаг, хууль сахиулагчид нь үүнийг өөгшүүлж байгаа юм шиг нүдэн балай байсаар байна. Цаашид ч ийм л байх шинжтэй. Наадмын өдрүүдэд хөдөө орон нутагт хамгийн их осол аваар гарч байхад Монголын бүх цагдаа, сэргийлэгчид Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд л шавчихдаг. Юун ард түмнээ аюулаас хамгаалах. Урьдчилан сэргийлэх. Дарга нар нь хурдан соёолонгийн тоосонд орж, бөхийн хөлс самардан хийморио сэргээхийг хичээн, доод албан тушаалтнууд нь тэднийхээ явах замыг, суусан газрыг хамгаалаад зогсож байдаг. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод авто осол гарах нь бүү хэл автомашингүй шахам болдог учраас цагдаа нарыг баярын өдрүүдээр хөдөө орон нутгийн зам дээр гарч иргэдээ хамгаал, ажлаа хий гэж хэлэх гээд байна. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон ч хурд хэтрүүлж, сагсуурах нь бүү хэл 10 километр цагийн хурдтай урагшлах ч боломжгүй нам түгжирдэг. Энэ тохиолдолд түгжрэлийг сааруулах арга хэмжээ авах хэдхэн зохицуулагч байхад л хангалттай болов уу. Тэгэхээр баяр цэнгэл бус хагацал зовлон илүүтэй дагуулах болсон баяр наадмын өдрүүдэд Монголын цагдаа хөдөө рүүгээ хүч хаяж, томоохон десант буулгаж ажиллавал мөн ч олон иргэнийг авто ослоос хэлтрүүлж алтан амийг нь аргамжих байх. Ерөөсөө дэлхийн стандарт гэвэл 30 юм уу 50 км тутамд цагдаагийн пост байнгын ажиллаж эргүүл хийж байдаг. Согтуу бол эрүүлжүүлээд, хурд хэтрүүлбэл арга хэмжээ авах нь иргэнээ хамгаалж байгаа хэрэг. Цагдаа нар нийслэлдээ шавах дуртай юм бол орон нутгийн цагдаа нараа төв зам дагуу ажиллуулсан ч үр дүн гарч л таарна. Энэ асуудалд хараа хяналт тавьж нийгмийн эмх журманд оруулж, өндөржүүлсэн байдлаар ажиллуулахгүй бол дур дураараа дургиж давхисан тэнэг монголчууд эцэг эхээ, гэр бүлээрээ үндэс угсаагаа хядаад дуусах нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *