Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатанд байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байлаа гэж дүгнэсэн байна.