Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан 1998 оноос мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
Сонгуулиар аль нэг нам ялж гарч ирэх бүртээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамтлах гэж оролддог. Энэ нь юунаас эхтэй вэ гэхээр эрх баригчид хэвлэл мэдээллийг үл тоомсорлодогоос үүдэлтэй. Шинэ парламент бүрдээд удаагүй байна. Шинэ тутам эрх баригчдын бяр нь амтагддаг үе. Дургүйг нь хүргэсэн бүхнийг хууль гаргаад л дарна гэсэн бодолтой. Дээр нь хонзон гэхэд хаашаа юм, гэхдээ хэвлэл мэдээллээр бичүүлээгүй улстөрч байхгүй учраас тэд бүгдээр хэвлэл мэдээллийн байгууллагад сөрөг хандлагатай. Бас улстөрч бүхэн хэвлэл мэдээллийн ачаар нийгэмд танигдсан байдаг учраас ямар хүчтэй вэ гэдгийг мэддэг. Мэддэг учраас улстөрч бүхэн ямар нэг хэмжээгээр айдастай байдаг. Ийм учраас л УИХ-ын гишүүд шинэ хууль батлаад тэднийг дор нь атгаад авна гэсэн бодолтой байдаг юм аа.
Тэртээх 2000 онд үнэмлэхүй олонхи болсон МАН /тухайн үеийн МАХН/-ынхан үнэмлэхүй олонхи буюу 71-үүлээ байхдаа, Садар самуунтай тэмцэх нэрээр хууль гаргаж хэвлэл мэдээллийг хааж байсан юм. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтээрээ тэмцэл өрнүүлсэн. Ер нь амьдралгүй хууль гэдэг амьдралд хэрэгждэг ч үгүй юм билээ. Тэр хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дагаагүй, тэгсгээд хөөрхий тэр хууль “нүд аньсан”-даа.
Тэр явдлаас хойш УИХ-д хүчний харьцаа тэнцүүхэн явсаар 2012 он болоход АН арай олонхи болсон билээ. Ардчиллынхан олонх болсон парламентад тус намд шинээр элссэн гэх М.Батчимэг нарын гишүүд гарч ирж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр санаачлаад бужигнуулж эхэлсэн. Энэ хууль бүр ч аюултай. Хэвлэл мэдээллийн байгууллагад хөрөнгө оруулсан эздийг нь ойртуулж огт болохгүй гэсэн үзэл санаатай. Хамаг хөрөнгө мөнгөө тийш нь оруулсан хүн хамар даваан дээрээс “Юу болж байна” гэж дурандаж суухыг тулгасан, дэлхийн хаана ч байхгүй тийм хуулийн төсөл байсан юм. М.Батчимэгийн хуулийг чуулганаар хэлэлцэж эхэллээ, С.Дэмбэрэл гишүүн шиг санагдана, “Энэ муусайн сэтгүүлчдэд буруу байхгүй, эзэд нь л ард нь турхираад байдаг юм…” гэхчилэн гишүүд эхнээсээ саналаа хэлээд эхэлтэл Их хурлын дарга З.Энхболд “Энэ ерөөсөө хэлэлцэх шаардлагагүй хууль байна” гээд шууд хуулийг буцаан татаж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллага руу хуулиар далайлган дайрдаг энэ түүх өнөөдөр дахиад л давтагдаж байна. Өнөөдөр МАН үнэмлэхүй олонхи байна. Эдгээр 65 нөхөр Эрүүгийн хуулиасаа аймаар Зөрчлийн хууль гаргаж анхны хэлэлцүүлэг нь өнөөдөр ид явж байна. Монголын сэтгүүл зүйг шууд хөмрөх Зөрчлийн хууль дахь “…facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох” заалтын эсрэг хэвлэл мэдээллийнхэн бүгд хөдөлж байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаа тавьж байгаа бололтой. Парламентын түүхэн дэх хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн хууль бүхэн чөлөөт хэвлэлийг боомилох гэсэн үзэл санаатай байдаг. Ер нь Монголын сэтгүүл зүй хуульгүй салбар юм уу, үгүй ээ хуультай. Э.Бат-Үүлийн санаачлан УИХ-аар 1998 онд батлуулсан дөрвөн заалт бүхий Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байна. Энэ хууль бол Монголын хэвлэл мэдээллийн Үндсэн хууль. Тус хуулийн хоёрдугаар заалтын шууд утга нь “Хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хууль гаргахыг хориглоно” л гэсэн утгатай. Нэг үгээр бол тус хуульд аливаа хэлбэрийн цензурыг хуулиар хориглосон байдаг. Эдийн засгийн болон улс төрийн цагдан хяналт байж болохгүй л гэсэн үг. “Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуульд суулгаж өгнө гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг” хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн байна лээ. Тэгэхээр өнөөдөр Монголын сэтгүүл зүйн дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийг батлах гээд ажиллаж байгаа УИХ-д ардчиллын үнэр ч байхгүй байна гэсэн үг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч хэлсэн байна лээ. “Ардчилал бол иргэний нийгэм. Иргэний нийгэм бол чөлөөт хэвлэл. Чөлөөт хэвлэл рүү бид хуулиар далайлган дайрч болохгүй” гэж.
Энд ганц хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяын цаазын тавцанд аваачсан тухай яриад байгаа юм биш. Нийгмийн сэтгэл зүйн хамгийн чөлөөт ертөнц болсон facebook, twitter-ийн тухай чухалчлан ярьж байна. Жиргээчид та бүхэн 10 саяар торгуулна. Энэ бол ард түмний индэр. Ард түмэн юу ярих нь тэдний л эрх чөлөө. Тэгэхээр сошиалынхан хэвлэл мэдээллийнхэнтэй нэгдэж тэмцэхийг цаг үе шаардаж байна.
Хүнийг гүтгэж огт болохгүй. Нэр төр бол хувь хүний нандин эрх чөлөө байдаг. Гэхдээ бас энэ дэлхийн хаана ч хүний нэр хүндийг төрийн нэрээр хамгаалах боломжгүй байдаг. Нийгмийг зөвхөн хуулиар удирддаггүй гэдгийг л өнөөдрийн парламентчид сайн ойлгох хэрэгтэй. Яахав, та өнөөдөр бяр чинь амтагдаж болно. Алх барьсан хүнд юм бүхэн хадаас шиг харагддаг үе дээрээ явж байж болно. Гэхдээ ямар ч нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цохиод оруулдаг хадаас биш гэдгийг сана. Гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоод амьтан болгочихъё гэж байгаа тэрхүү компанийн захирал эмэгтэй бээр үүнийг санаачилж байна гэдэг маань маш их хүсч байна гэсэн үг. Маш их хүсч байна гэдэг нь маш их хорсол, гоморхлын илэрхийлэл гэсэн логик. Үүнийг ойлгож болох хэдий ч өнөөдөр та компанийн захирал биш, монгол төрийн түшээ шүү дээ. Үүнийгээ л сайн ойлгох хэрэгтэй. Хэрэвзээ өнөөдрийн төр түшилцэж байгаа нөхөд хувь хорсол гомдлоо хууль баталж, түүгээрээ далайлган тайлах гэж байгаа бол улстөрчийнхөө хувьд тэгээд л сөнөнө. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага руу хандсан сөрөг хууль дээр хэлгүй, дүлий хүн шиг байсан нь зөв. Басамжилсан мэт боловч улстөрчийн замналаар явж буй хүн хүлээж авахаас өөр аргагүй хамгийн үнэн үг бол энэ. Бод л доо, “Чи гишүүн муулдаг” гээд парламентын үнэмлэх хураадаг хууль гарчихвал Монголын сэтгүүлчдийг бүгдийг шоронд хийж, Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагыг дампууруулна. Ийм байдалд орохгүйн төлөө Монголын бүх хэвлэл мэдээлэл хөдөлнө. Юу болох уу. Хамгийн аймаар нь ингэж тэмцэхгүй бол Монголын чөлөөт хэвлэл устана. Чөлөөт хэвлэлгүй ардчилсан нийгэм гэж өнөөдрийн дэлхийд сонссон хүн байна уу. Ардчилсан нийгмийн ганц үнэт зүйл бол чөлөөт хэвлэл. Чөлөөт хэвлэлийг, сэтгүүлчдийг хүмүүс зүхдэг ч тэд байхгүй бол … гэж бодож үзсэн хүн байна уу. Бурхны авралаар байгаа бол тэр хүн бодлоосоо айх шиг болох байх.
Энд гэхдээ нэг зүйлийг хэлэх ёстой. Парламентын 76 гишүүн бүгдээрээ нийлж суугаад “Биднийг гүтгэсэн хүнийг 10 саяар, харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг 100 саяар торгодог хууль гаргачихъя” гэж үгсээгүй байх. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Бид нэг дуугаар торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв, таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй шүү” гэж хэлнэ лээ. Тэгэхээр Ц.Гарамжавын хар хуулийг ингээд орхиж болохгүй, нийгмээрээ нэг сайн бодож үзэх ёстой. Гүтгэсэн бол 100 сая гэдэг нь шууд төрийн дарангуйлал мөн. Иргэн Дорж та ч санаандгүй хэлсэн үгнээсээ болж энэ дарамтанд, шоронд орж болно. Ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хамаатай юм биш. Хүн бүрт хамаатай 100 сая.
Өнөөдрийн засаглагчдад хэлье. Монголын хэвлэл мэдээллийн салбарыг, Монголын чөлөөт хэвлэлийг тайван орхи. Зарим салбарт шинэ хууль гаргаад улам сайжирдаг. Харин зарим нь улам муужирдаг. Тэрхүү муужирдаг, муугаар тусдаг салбар бол Монголын хэвлэл мэдээлэл, чөлөөт хэвлэлийн салбар. 1998 онд Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг давж хийх гэсэн хуулийн оролдлого бүр балардаг гэдгийг ойрын 17 жилийн түүх харуулдаг юм.