Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо

Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явууллаа. Тус компанийн хувьцааг эзэмшиж буй хоёр сая гаруй иргэнийг төлөөлөн 64 иргэн хуралд оролцов.

Тус хурлын үеэр компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний томилгоо хүмүүсийн анхаарлыг татаж, шүүмжлэл өрнүүлэв. Хурлын төлөөлөгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд одоогийн хараат бус гишүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэж гурван хүн одоо ажиллаж байгаа бөгөөд тэднийг компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилжээ. Хараат бус гишүүд нь “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний эрх, ашгийг хамгаалж байх ёстой. Гэвч иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар дээрх гишүүд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг хуралд оролцсон олон хүн хэлж байлаа. Одоо хараат бус гишүүнээр ажиллаж байгаа Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Хараат бус гишүүдийг томилохдоо хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлж байлаа. Мөн тэрээр хурлын танхимын 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэж хардаж байгаагаа ний нуугүй илэрхийлэн юм.

Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн гадаадад томилолттой яваа учир оролцсонгүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ч ирээгүй юм.

ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮДМЙН НЭРС

Удирдлага:

  • ТУЗ-ийн дарга – У.Бямбасүрэн

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга

  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга – Ш.Мөнхцэрэн

Гишүүд:

  • ТУЗ-н гишүүн – Х.Батжаргал

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – С.Амгалан

Эрдэнэс монгол ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал

  • ТУЗ-н гишүүн – С.Батболд

Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – С.Наранцогт

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – Г.Нандинжаргал

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

  • Хараат бус гишүүн – П.Өлзийнаран
  • Хараат бус гишүүн – Э.Ганбаатар
  • Хараат бус гишүүн – Х.Болор-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *