Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар СӨХ-той холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. энэ үeэр СӨХ-г төрд авах дүгнэлтэд хүрсэн гэх мэдээлэл байгаа. Eр нь СӨХ-той холбоотой гомдол тасардаггүй. Хэрэв төрд авбал энэ байдал арилах уу. хууль эрх зүйн орчин нь яаж сайжрах вэ?

-Юуны өмнө Өргөдлийн байнгын хороо Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй гэдгийг хэлье. Байнгын хороо дангаараа шийдвэр гаргахгүй. Аливаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж олонхиороо шийдвэр гаргана. Зарим УИХ-ын болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс СӨХолбоод иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлж ажиллаж чадахгүй байна. Тиймээс Орон сууцны конторт харьяалдаг болбол иргэд, оршин суугчдад илүү дөхөм болох юм биш байгаа гэдэг санал гаргаж байсан. Хэлэлцэж ярилцах үед гишүүдээс янз бүрийн санал гарч олонхиороо оновчтой шийдвэрт хүрдэг. Тиймээс хэлэлцүүлгийн үед гарсан саналыг шийдвэр гэж яаран ойлгож болохгүй. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар өргөдөл ирсэн. Ер нь энэ талаар ШӨХТГ-т ч өргөдөл тасралтгүй ирдэг юм билээ. Өргөдлийн агуулга нь СӨХ үндэслэлгүй төлбөр нэмж байна. Иргэд, оршин суугчдын цэвэр, цэмцгэр амар амгалан орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхгүй байна. Цахилгаан шат, дээвэр засахгүй байна. Жижүүр муу ажиллаж байна, цэвэрлэгээ хийхгүй байна гэх зэрэг гомдол давамгайлж байна. Өргөдлийн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 04 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Бид Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилт, биелэлтийн явцтай өнөөдийн хурлаараа танилцлаа. ШӨХТГ, БХБЯам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ хугацаанд 240 гаруй СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж шалгалт хийсэн байна. СӨХолбоод хуулийн дагуу 20 жил ажиллаж энэ хугацаанд тодорхой үр дүн гарсан. Цаашид энэхүү хуулийг боловсронгуй болгож, сайжруулах шаардлага байгаа нь ажлын хэсгийн дүгнэлт, хэлэлцүүлгийн үеэр харагдаж байна. Тухайлбал, СӨХ хуулийн этгээд биш учраас үйл ажиллагаанд нь төрийн байгууллагаас аудит хийж болдоггүй.

Иргэдийн гомдлыг барагдуулдаггүй, шүүмжлэлтэй өргөдлүүд л нэмэгдээд байдаг нэг ийм дүр зураг бий болжээ. Нөгөө талаас иргэд, оршин суугчид маань СӨХ-ны хуралдаа оролцдоггүй, шахаж ажиллуулж чаддаггүй талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 800 СӨХ-ны 240-д нь шалгалт хийсэн ажлын хэсэг дүгнэж. Үүнийг төрийн ажил гэж ойлгож байна. Иргэд, оршин суугчдаа мэдээллээр хангах, хуулийн талаар таниулах ажлыг төр хийх ёстой. Энэ чиглэлээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажиллахаар болсон байна. За энд бас нэг шийдвэрлэх ёстой чухал асуудал бий. СӨХ ямар ажил хариуцах вэ. Иргэд оршин суугчдаас авсан үйлчилгээний төлбөрөөр цахилгаан шат, дээврийн засвар, сантехникийн шинэчлэл, орон сууцны дулаалга зэрэг хөрөнгө мөнгө шаардсан ажлыг хийж чадах уу. Үйлчилгээний зардал, хураамжийн мөнгийг хэрхэн тогтоох уу зэрэг олон асуудлын шийдлийг олохын тулд, олон жил хэл ам дагуулж, иргэдийг бухимдуулж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд бид ажиллаж байгаа хэрэг шүү дээ. Барилгын компаниуд орон сууц ашиглалтад өгөхдөө хэдийнээ СӨХ байгуулчихсан байдаг юм байна. Энэ нь эхний гурван жил шинээр ашиглалтанд орсон сууцанд засвар, үйлчилгээ гарсан тохиолдолд барилга барьсан компани зардлыг хариуцдаг учраас өөрсдийн төлөөлөл бүхий СӨХ байгуулах сонирхолтой байдагтай холбоотой аж. Ингээд гурван жилийн дараа оршин суугчид гэнэт л өөрсдөө СӨХ байгуулахад зардал мөнгө шаардсан засвар үйлчилгээний ажил овоорсон байдаг тухай иргэд ярьж байна. Энэ мэтчилэн Өргөдлийн байнгын хороо СӨХ-той холбоотой, иргэд оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх талаар УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, СӨХ-ны төлөөллийг оролцуулан хуралдлаа. Орон сууцны тухай, СӨХ-ны тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энд гарсан олон санаа оноог тусган хуулийг боловсронгуй болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Уг нь СӨХ-ны тухай хууль байдаг биз дээ. Хуульд ямар цоорхой байна?

-Сууц өмчлөгчдийн холбоо анх 1997 оноос байгуулагдсан. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар сууц өмчлөгчдийн 1022 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 881 нь нийслэлд, 141 нь орон нутагт ажиллаж байна. Ажил төрөл нь хэвийн явж байгаа 776, жигдрээгүй 246 холбоо байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д үнэ тарифыг тодорхой баталж, тогтоогоогүй, хариуцлагын талаар тодорхой заалт байдаггүй. Тухайлбал, нэг өрхөөс авах сууц өмчлөгчдийн холбооны хураамж, тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж тогтооно гэж заасан байдаг нь иргэд, оршин суугчид, СӨХ-ны хооронд ихээхэн маргаан дагуулдаг. Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбоод нь нэг м/кв-ийн үнийг 60-300 төгрөг буюу нэг айл дунджаар 4500-80000 төгрөгийн хооронд хураамж төлдөг байхаар тогтоосон байдаг нь саяын ШӨХТГазрын хяналт шалгалтаар илэрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлууд үнэ тарифаа баталж, тогтоосон тухайгаа тайлбарлахдаа Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоосон жишиг тарифаар тогтоодог гэж тайлбарлаж байна. Гэтэл Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж тариф тогтоож мөрдүүлсэн зэрэг нэлээд зөрчлүүд байна. Тэхээр СӨХ-ны тухай хуульд цаг үетэйгээ нийцсэн нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-СӨХ-г оршин суугчдаас байгуулах ёстой юу. Аль нэг мэргэжлийн байгууллага удирдах нь зүйтэй юү?

-Арав гаруй жил мөрдөгдөж буй хуулиа хэрэгжүүлэх шаардлага байгаа юм билээ. Хувийн өмчийн байгууллагыг төрийн байгууллага удирдах нь оновчгүй, зах зээлийн зарчимд нийцэхгүй. Гэхдээ холбоо нь ажилладаггүй иргэдийн эрх ашгийг хохироож, СӨХ-ны удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлж байгаа зэрэг дутагдлыг засах чиглэлд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.

Эн түрүүнд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. БХБЯамны газрын дарга О.Лхагвацэдэнгээр ахлуулсан салбарын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан хэдийнэ ажилдаа оржээ.

-Өнөөдөр СӨХ-ны төлбөр хороолол, хотхоны зэрэглэлээс хамаараад харилцан адилгүй байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?

-СӨХ үйлчилгээний зардал, төлбөрийг үндэслэлгүй нэмж байна гэсэн гомдол байнгын хороонд ирсэн өргөдөлд нийтлэг байна.Төлбөрийн бодит хэмжээг хэрхэн гаргах чиглэлд ажлын хэсэг ажиллахаар болсон.Байнгын хороо хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлдээ энэ заалтыг оруулсан байгаа.

-Орон сууцнуудын гаднах талбайг СӨХ нь зарсан тохиолдол гарч байсан гэсэн. Тэдэнд ийм эрх мэдэл байхгүй биз дээ?

-Нийтийн зориулалттай газрыг дур мэдэн зарж худалдахыг хуулиар хориглосон байдаг.Харамсалтай нь зарим СӨХ-ны дарга нар дундын өмчлөлийн газрыг дур мэдэн зарсан тухай гомдол өргөдлүүдийн дунд мөн байна. Иргэд энэ асуудалд сонор сэрэмжтэй хандахаас гадна орон сууцыг газартай нь иргэдэд өмчлүүлдэг байх саналыг зарим гишүүн гаргаж байсан.

Ажлын хэсэг энэ асуудлыг судлахаар болсон.Зарим гишүүд хуулийн төсөл боловсруулж эхэлж байгаагаа энэ үеэр дуулгаж байна лээ. Өргөдлийн байнгын хороо иргэдийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудлаар ажиллаж байна. Бүхэл бүтэн гэр бүлийн амар амгалан, цэвэр сайхан орчинд амьдрах асуудал учраас оффшороос дутахгүй ач холбогдолтой гэж үзэж байгаа. 2017 ондоо багтаан хуулийн эрхзүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана гэж хуралдаанаар шийдвэрлэсэн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *