Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Нийтийг төлөөлсөн этгээд уриалсан учраас татвар дээр компаниудыг буруутгахгүй байх үндэслэлтэй

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-аас төсвийн тодотголтой холбоотойгоор мэдэгдэл гаргачихлаа. Тодотголыг энэ хэвээр нь баталбал энэ сарын аравдаас эхлээд татвар төлөлтөө хийхгүй гэж байгаа. Ийм нөхцөл үүсвэл яах бол?

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засагт нэлээд хүндрэл үүснэ. Төсвийн орлогын дийлэнх нь татвараас бүрддэг, татварын бус орлого багатай учраас хэцүү л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар бол төсөв бүрдүүлэх гол эх үүсвэр. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэл буруу зүйл биш. Татварыг нэмэх нь тодорхой шалтгаантай байх ёстой. Татвар нэмэх орчин, цаг хугацаа, нөхцөл бүрдсэн байх учиртай. Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тэгтлээ сайжраагүй, эдийн засаг төлөвшөөгүй. 20 гаруй жил төлөвшсөн тогтвортой, сайн бүтэц бүхий эдийн засгийг бий болгож чадаагүй харамсалтай үнэн бий. Аж ахуйн нэгжүүдийн орлого сүүлийн жилүүдэд буурсан. Эдийн засгийн уналтаас шалтгаалаад хүнд байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого ч сүүлийн хоёр жил дараалаад өндөр хэмжээгээр буурсан. Саяхны статистикаас анзаарахад бага зэрэг өссөн дүн харагдаж байна. Ийм нөхцөлд татвар нэмэх нь таатай үйлдэл биш.

-Бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй бол наад зах нь төрийн албан хаагчдын цалин тавигдах боломжгүйд хүрэх байх. Татвар төлөлт зогссоноор ямар эрсдэлүүд үүсэх вэ?

-Төсвийн нийт зардлын 20, 30 хувийг цалин хөлс эзэлдэг. Цалин хөлс олголт мэдээж зогсоно. Төрийн үйлчилгээ тасалдах эрсдэл бий. Аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг татвар, гааль, тээвэр гээд төртэй холбоотой бүх процесст доголдол үүсэх магадлалтай.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Манай улсад бол тохиолдож байгаагүй. Хоёр жилийн өмнө АНУ төсвөө баталж чадаагүйгээс болж төрийн албан хаагчдын цалин зогсч, тодорхой хугацаанд төсөвгүй явж байсан тохиолдол бий.

-Татвар төлөх бол компаниудын хуулиар хүлээсэн үүрэг, татвар төлөлт зогссон тохиолдолд хууль зөрчсөн асуудал компанийн захирлуудын түвшинд яригдах байх гэсэн болгоомжлол бий. ийм эрсдэл байгаа болов уу?

-Хууль зөрчиж буй байдал үүснэ. Монгол Улсын хуулиар орлого олсон хэн бүхэн татвар төлөх үүрэгтэй. Төрийн тодорхой шийдвэрийг эсэргүүцэж татвар төлөхгүй байна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм үндэслэл байгаа. Тэгэхээр ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Хүргэхгүй байх боломж нь ховор. Аж ахуйн нэгжүүд маань ойлгож, хүлээн зөвшөөрөх асуудал байж магадгүй юм. Түүнээс биш нөгөө талаас Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд татвар нэмэх шаардлага үүссэн гэсэн тайлбарыг нэгэнт тавьчихсан. Зарим татварыг хэсэгчилсэн бага хэмжээгээр гэхээс биш бүх татварыг нэмэхгүй байх боломж бага юм шиг харагдаж байна.

-Танхимын ерөнхийлөгч компанийн захирлууд энэ асуудлыг тавиагүй, би ярьж байгаа учраас хамтын шийдвэр гэж явна. Тиймээс компанийн түвшинд хариуцлага яригдах боломжгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Тийм боломж бий юү?

-Нийтийг төлөөлж байгаа этгээд ярьсан, уриалсан учраас тодорхой нэг гишүүний эрх ашиг биш гэж ойлгож болох юм. Гэхдээ бас эргэлзээтэй. Хэдийгээр мэдэгдэж, ярьж байгаа нь Лхагважав ч гэсэн татвар төлөхгүй үйлдэл хийх субьект нь гарцаагүй компанийн захирал.

-Валютын сан татвараа заавал нэм гэсэн үү, үгүй юү гэсэн эргэлзээ, шүүмжлэл сонсогдож байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын сангийн энэ удаагийн хөтөлбөр манай улсын өмнө нь хамрагдаж байсан “Стэнд бай” биш. Өргөтгөсөн гэж нэрлээд байгаа санхүүжилтийн хөтөлбөрийн хувьд харьцангуй боломжийн, урт хугацаатай, цуврал маягаар хэрэгждэг. Санхүүгийн хүндрэлд илүү өртсөн улсуудад хэрэгждэг хөтөлбөр учраас өмнөхөөс илүү шалгуурууд тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж хардах эрх аж ахуйн нэгжүүдэд бий. Тэр дундаа аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байгаа субьектын хувьд байж болох хардлага. Учир нь татвар нэмэх шийдвэр өнөөгийн эдийн засагт нэлээд хүнд тусахаар байгаа нь үнэн.

-Эдийн засаг хэцүү үед татвар нэмж болохгүй гэсэн тайлбарыг танхимаас хийж байна л даа. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй гэсэн тайлбар байна. Эдийн засагч хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Он гарсаар эдийн засгийн суурь нөхцөлүүд арай наашилсан, сайжирсан нь үнэн. Валютын сантай хамтрахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдсанаар олон улсын түвшин дэх Монголын нэр хүнд сэргэж байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдэж байгаа. Ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурсан. Энэ мэт сайн мэдээ бий. Гэхдээ энэ мэдээллүүд эдийн засаг сайжирсныг илэрхийлэхгүй. Эдийн засгийн төлөв сайжрах суурь нөхцөлүүд харьцангуй эерэг болж эхэлж байна гэсэн нь илүү бодитой тайлбар. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглах ёстой. Харамсалтай нь Валютын сангийн шаардлагаар татвар нэмэх нөхцөл бүрдэж байгаа нь тийм сайн зүйл биш. Гэхдээ өнөөдөр Валютын сантай хамтрахаас аргагүй нөхцөл үүсчихсэн л дээ.

-Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл компаниудаас гадна иргэдэд хүнд тусна. Иргэдийн амьжиргаа ташраараа хүндхэн байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Нэмэх гэж байгаа татвар, шимтгэлүүд аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болохоос гадна тэнд ажиллаж байгаа ажиллагсад, жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй. Нефтийн онцгой албан татварын нэмэгдэл ч иргэдэд сайн нөлөө үзүүлэхгүй. Шатахууны үнэ өсвөл нийгэмд эсрэгээр нөлөөлнө. Ингээд харахаар аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцлийг буруутгах аргагүй.

-Татвар нэмэх гэх мэт асуудлаас гадна эдийн засгийн нааштай байгаа үзүүлэлтүүд дээрээ дөрөөлөөд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт гарц шийдэл хайх ёстой байх, тийм үү?

-Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, иргэдэд ирэх сөрөг дарамтыг сааруулна. Харамсалтай нь одоо яригдаж буй төсвийн тодотголын хүрээнд энэ өнцгийг хөндөхгүй байна л даа. Төр яаж зардлаа бууруулах вэ, аж ахуйн нэгжүүдэд буцаагаад ямар бэлэг барих вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас бухимдал үүссэн тал бий. Жишээ нь төсвийн тодотголын хүрээнд эдийн засгийн өсөлтийг бууруулаад хасах руу оруулаад тавьчихсан. Ийм таамагтай нөхцөлд татвар нэмэх нь нийгэмд сөрөг дохио өгөхөөс аргагүй. Төрийн зардал төсвийн шинэчлэлийг яаралтай эхлэх нь чухал. 2017 оны төсвийн тодотголын хүрээнд энэ шинэчлэлийг хийх эхлэлийг тавьсан бол зөв харагдах байсан. Төрийн албан хаагчдыг аль болох аажмаар цөөрүүлэх бодлого гаргах хэрэгтэй. Төрийн урсгал зардлуудын түвшинд өрийн үйлчилгээнээс бусад зардлыг танахыг хичээх ёстой. Гэтэл тэгсэнгүй л дээ. Бас Сангийн яамны хийж буй тайлбар хангалттай бус байна. Сангийн яамны тайлбараас анзаарахад ипотек, Хөгжлийн банктай холбоотой зээлийн зардлаас болоод төсвийн зардал өссөн гэж байгаа. Гэтэл төсвийн баримт бичгүүдэд тодорхой нэг төсвийн ерөнхийлөн захирагчид дээр хөрөнгө оруулалт болон бусад зардал бага зэрэг өссөн харагдаж байна. Төрийн өссөн зардал бүр тодорхой тайлбар шалтгаантай байх учиртай.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр бидэнд ямар давуу талууд үүсэх вэ. Эсрэгээрээ бидний алдаж буй боломж, хүлээж мэдэх эрсдэл гэвэл юу байна?

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь маш зөв сонголт. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнээс өөр сонголт байхгүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон гэх мэдээллийн үр нөлөө аль хэдийнэ ажиглагдаад эхэлчихсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүүр тулсан өрийн дарамтыг давж чадлаа. Олон улсын зах зээл дээрх нэр хүндээ сэргээлээ. Сүүлийн үед үүнтэй холбоотойгоор гадны томоохон байгууллага, хэвлэл мэдээллийнхний Монголын талаарх мессэжүүд эерэг болж эхэлж байна. Сүүлийн хэдэн жил Монголын талаар ийм эерэг мессэж гараагүй. Цаашилбал илүү олон эерэг өгөөж бий. Валютын урсгал нэмэгдэнэ, валютын ханшийн хэлбэлзэл тодорхой хугацаанд багасч тогтворжино, олон улсын зах зээлээс багагүй хэмжээний санхүүжилт татах боломж нээгдэнэ. Төсвийн шинэчлэл, өрийн зөв удирдлага гэх мэт хийе гээд хийж чадахгүй өнөөг хүрсэн зүйлүүдээ шийдчих боломжтой. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал гэвэл тодорхой үйлдлүүдийг Валютын сангийн хязгаарлалтын хүрээнд шийдвэрлэхээс аргагүйд хүрнэ. Нийгмийн халамж, эдийн засгийн шинэчлэлийн бодлого, өрийн удирдлагын асуудал гэх мэтийг тодорхой хяналтад хийхээс өөр арга байхгүй. Хяналтыг зөв ажиллуулж чадвал бидэнд эерэгээр нөлөөлж ч мэднэ. Мэдээж дураараа авирлах боломж хязгаарлагдана. Дураараа авирлаад ямар байдалд хүрч болохыг өнгөрсөн таван жил баталчихсан.

-Төсвийн тодотголд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар шийдлүүд байна вэ?

-Хийвэл зохистой нэлээд хэдэн зүйл байна. Нийгмийн хавтгайрсан халамжаа эргэж харах цаг болсон. Хүүхдийн мөнгөний тухайд байж болох шийдэл. Хуучин машины татвар ба хадгаламжийн хүүгийн татвар ч зөв алхам. Хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал цаг хугацааны хувьд яг одооноос хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бол гэсэн бодол байна. Бага зэрэг эргэлзээ бий. Монголд санхүүгийн зах зээл төлөвшиж чадаагүй, зээлийн хүүгийн түвшин өндөр, Засгийн газрын хүү хадгаламжийн хүүгээс давсан байгаа ийм үед хадгаламжийн хүүнээс татвар авах нь хуримтлалд хандах иргэдийн сонирхлыг бууруулах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *