Монгол орны өнцөг булан бүрт хүрч аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц бие бүрэлдэхүүн байдаг. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тусгай анги юм. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд 200 гаруй эрдэнэт хүний амийг аварсан ажээ. Энэ цагийн эгэл баатар хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн аврагчдын хуарангаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.
Хурандаа д.Намсрай захирагчтай аврах тусгай ангийн хаалгаар ортол яг л ажилчин шоргоолжнуудын дунд ороод ирсэн мэт санагдаад явчихлаа. Энд ч нэг хэсэг нь зүлэг услаад л, тэнд ч бөөн хүн мужаан, засварын ажил өрнүүлнэ. Ангийн хашааны хойхно талд трактороор залуус хэмжилт хийж байгаа харагдана. Спортын талбай байгуулахаар газрыг нь бэлдэж буй аж. Тус ангийнхан дор бүрнээ л ажил ихтэй байв. Штабын байрны ханан дээр “аврах тусгай анги 1967” гэж уйгаржин монгол бичгээр том гэгч бичсэн нь нүдэнд тод туслаа. Хагас зуун жилийн түүхийн жимийг сонирхуулбал, Монгол ардын цэргийн төмөр замын тусгай батальон нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Тухайн үедээ чиг үүргийн хувьд манай улсын тэргүүлэх зэрэглэлийн дэд бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцоод зогсохгүй засвар үйлчилгээг нь хариуцдаг байжээ. Төмөр замын дэр мод солих, аюултай, огцом эргэлтүүдийг засварлаж байсан гэнэ. Ингээд 1969 оноос БХЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын инженерийн тусгай батальон болсон байна. Тэр үед нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан гуай “ОХУ-д иргэний хамгаалалтын цэрэг гэж байна. Ер нь бол ямарваа нэгэн дайны цагт иргэнээ хамгаалдаг цэрэг байх нь зүйтэй” гэж үзээд онцгой байдлын албаны суурийг нь тавьж, салбарынхаа хуулийг санаачлан аИХ-аар батлуулсан байна. Тус анги Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос Зэвсэгт хүчний 122 дугаар анги гэгдэх болжээ. Харин 2004 оноос буцаад Гамшгаас хамгаалах тусгай анги, 2005 оноос ОБЕГ-ын харьяа тусгай анги болсон байна. Ингээд 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Тусгайгийнхны онцлог бол агаараас, газар дээр, усан доогуур гээд ямар л гамшиг осол болно, тэр бүгдэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг. дээрээс нь тэд онцгой байдлын салбарынхаа урлагийн бүх үйлчилгээг хариуцдаг байна. Тиймээс ангийн захирагч хурандаа Д.Намсрай бие бүрэлдэхүүнээ “4D ангийнхан” гэж нэрлэх дуртай ажээ.
ГАРЫН УР ДҮЙТЭЙ АВРАГЧИД
Аврах тусгай ангид өмнө очиж байсан хүмүүс одоо дахин босгыг нь давбал гайхна. Ажилсаг “шоргоолжнууд”-ын ачаар ангийн өнгө төрх хачин гоё сэргэсэн байна лээ. Балгас байсан, ашиглагддаггүй байшин савнуудаа бүгдийг нь тохижуулчихаж. Цайны газрын үүдний хүйтэн, зэвхий даасан хэсэг байсныг өвөрмөц шийдлээр засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим болгожээ.
Хугацаа нь дуусч ашиглалтаас гарсан шүхрийн материалаар таазаа урлажээ. Мөн өнгө өнгийн модон абажурыг өөрсдөө хийсэн байна. Шалнаас тааз хүртэл шүхрийн уяаг холбож үүн дээрээ гэрэл зургуудаа тогтоожээ. Ханаа цоолж муухай болгохгүйн тулд ийм шийдлийг сонгосон гэнэ. Зургийн жаазнаас авахуулаад энэ бүгдийг аврагчид, аж ахуйн албаныхан хийжээ. Үзэсгэлэнгийн танхимыг тус ангийн ажилтан, албан хаагчдын баярт үйл явдлын сонирхолтой гэрэл зургууд чимнэ. Нийт 200 гаруй зургийн фондтой гэсэн. Энэ танхимтай залгуулаад билльярд, караокены VIP өрөө байгуулжээ. Үүгээр зогсохгүй цайны газрын танхимыг шинэчилж, тайз зассан харагдав. Бас тус ангид ашиглалтын жагсаалтаас гарчихсан байсан жижигхэн байшинг засварлаж, япон маягийн саун болгожээ. Мөн ангийн хашаанд мод суулгаж, цэцэрлэгжүүлсэн байлаа. Бас гадаа ил гал дээр шорлог хийх боломжтой хоёр ч хэсэг газрыг зориулалтынх нь дагуу тохижуулчихаж. Аврагчдын хувьд хөдөө орон нутагт олон хоног үүрэг гүйцэтгэдэг болохоор ямар ч тогоочоос дутахааргүй гал тогоо барьж чаддагаараа давуу талтай. Одоо бүр эднийх япон хоолны хоёр тогоочтой болсон гээч. Ангийн захирагч Д.Намсрай аврагчдаа японы хоолны алдарт тогооч Микогийн сургалтад хамруулжээ. Тэд сүшиг ёстой мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон аж. “Сүшиний тогоочтой болсон биш хутганы өрөнд орчихлоо” гээд Д.Намсрай хурандаа инээх нь тэр. Биднийг штабын байр руу ороход тэрбээр японоор хэн нэгэнтэй утсаар удаан ярьж дууссаныхаа дараа ингэж хэлсэн юм. Ер нь сүшиг хийхэд зориулалтын гурван төрлийн хутга хэрэгтэй гэнэ. Тэр нь Монголд байхгүй болохоор ангийн захирагч Япон руу найздаа захижээ. Сонирхуулахад, сүшиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг байна. Эмэгтэй хүний биеэс их дулаан ялгарч байдаг болохоор загасны амт өөрчлөгдөхөд нөлөөлдөг аж.
ХОРИН ЖИЛИЙН ДАРАА “АМИЛСАН” ТАЙЗ
Штабын байрандаа энэ ангийн суурийг тавьсан Сандивын Равдан гуайн гэгээн дурсгалд зориулсан өрөөтэй юм билээ. Тэр хүнтэй холбоотой түүх намтар, байгуулсан гавьяа, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүртэл сонин содон баримтууд байв. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Равдан гуай Дорнод аймгийн харьяат хүн юм байна. Гадаадын 20-иод оронд Элчин сайдаар ажилласан, өндөр боловсролтой нэгэн байжээ. Түүний үр хүүхдүүд одоо болтол Аврах тусгай ангитай холбоотой байдаг гэнэ. Жил бүр шилдэг аврагчийг шалгаруулж, мянган ам.долларын шагнал гардуулдаг аж. Тэнд С.Равдан гуайн ач хүү Б.Баяр ирсэн байлаа. Тэрээр өвөөгийнхөө нэрэмжит ангийн Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн нь энэ аж. Бүхэл бүтэн 20 жилийн турш хаалттай байсан Соёлын төвийн тайзны хөшиг өнгөрсөн баасан гаригт нээгдсэн юм. ЗХЖШ-ын харьяа, МУСГЗ хурандаа Ч.Гансүх даргатай Үлгэр жишээ үлээвэр хөгжмийнхөн бүрэлдэхүүнээрээ ирж, урлагийн бүрэн хэмжээний тоглолт үзүүлж, амьд хөгжмийн тоглолтоор танхимын жаврыг үргээлээ. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын Тамгын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн аврах ангийн дарга, хурандаа Д.Чинзориг нар ирсэн байлаа. “Түүхт 50 жилийнхээ ойн босгон дээр ирсэн Аврах тусгай ангийнхан гаднах тохижилтоос эхлээд олон ажлыг зохион байгуулсан байна. Тайз нь нурж унах дөхсөн Соёлын төвөө хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийнхөө хүч хөрөнгө, санхүүгийн боломжоор өөд нь татаж, үйл ажиллагаа хэвийн явуулах бололцоо бүрдсэнд ОБЕГ-ын удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэж Г.Ариунбуян дарга хэллээ. Тус анги амьд хөгжмийн “Тэнгэр” хамтлагтай аж. Хамтлагийн ахлагч нь ангийн захирагч Д.Намсрай хурандаа юм билээ.
Аврагчид энэхүү соёлын төвийнхөө бүх заслыг өөрсдөө хийсэн байна. Шоо хэлбэрийн уналттай тааз нь өвөрмөц харагдаж байв. Соёлын төвтэйгөө залгуулаад зочид хүлээн авах монгол гэр хэлбэрийн өргөө барьж, саяхан ашиглалтад оруулсан байна. Бас хонгилын давхрын харанхуй хэсгийг фитнесс танхим болгож, бүхий л тоног төхөөрөмжөөр хангасан харагдав. Энд аврагчдын бэлтгэлийг Улсын харцага Д.Батболд хийлгэдэг юм байна. Аврагчдын гол онцлог ур чадвараас гадна тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. “4D” ангийн залуучууд тэр аяараа тэвхийсэн ханхар цээжтэй, эрүүл чийрэг, булчинлаг залуус байсан нь дасгалжуулагч багштай яах аргагүй холбоотой юм. Бас аврагчдын биеийн байдлыг тогтмол хянадаг эмч нар, тэдэнд мэргэжлийн холбогдолтой номууд болон сонгодог уран зохиолуудаар хангадаг номын сан ч тус ангид бий.
Ангийн захирагч хурандаа Д.Намсрай
“ДАРЬ ҮНЭРТСЭН ХҮН”
Аливаа албан байгууллагын даргын арын өрөө зөөлөн буйдантай, амралтын маягийнх байдаг. Тэгвэл тус ангийн захирагч албан өрөөгөө хурлын танхим, арын өрөөгөө “coffee break” болгосон байв. Харин Д.Намсрай хурандаа өөрөө жижигхэн өрөөнд сэтгэл хангалуун сууж байна лээ. Ер нь штабын байр, түүний өрөө, үзэсгэлэнгийн танхим зэргийг ажиглахад Д.Намсрай хурандаагийн хобби шууд харагдана. Тэрбээр гэрэл зураг авах, тэмдэг цуглуулах сонирхолтой ажээ. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн арвин цуглуулга штабын байрны ханан дээр ярайж, олны нүдийг хужирлана. Тэнд бүх улсын цэрэг, цагдаа, нисэх болон зэвсэгт хүчний байгууллагуудын тэмдгүүд хэдэн зуугаараа тоологдохоор арвин юм билээ. Харин ажлын умгар өрөөнийх нь хана гэрэл зургийн цомгоор битүү бүрхжээ. Хоймортоо Монголын алтан соёмбот бүхий ханцуйн тэмдгийг нандигнан байрлуулсан байна. Энэ бол Маршал Х.Чойбалсангийн өмсч байсан цэргийн формны ханцуйны тэмдэг ажээ. 1939 оны Халх голын дайнд оролцож явахдаа Х.Чойбалсан гарандаа шарх авч, нэгэн сувилагч эмэгтэйгээр эмчлүүлсэн байна. Сувилагч бүсгүйн гар тун ч эв дүйтэй, Маршалд өвдөлт бага мэдрэгдсэн бололтой. Х.Чойбалсан гуай түүнд талархаж, ханцуйн дээрх тэмдгээ хуу татан өгч байсан ажээ. Хожим энэ тэмдгийг сувилагч эмэгтэйн хүү Ганболд гэж хүн Д.Намсрай хурандаад дурсгасан юм байна.
Аврагчид, албан хаагчдын ярьж байгаагаас сонсоход Д.Намсрай хурандаа ёстой хамт олныг бүрдүүлж, аливаа шинэлэг зүйлийг санаачлан хэрэгжүүлэхэд өөрөө үлгэр дуурайл болдог хүн ажээ. Тиймдээ ч ангийн өнгө төрх, аврагчдын ажиллах нөхцөл боломж сайжирсан гэж байлаа.
Д.Намсрай хурандаагийн хувьд 1993 оноос хойш энэ салбартай холбогджээ. Уг нь мэргэжлийн десантын цэрэг аж. Тэрбээр зэвсэгт хүчний 084 дүгээр ангид цэргийн алба хаагаад ОХУ-д Агаар десантын дээд сургуульд таван жил суралцаж төгссөн байна. Түүнийг энэ салбартай холбосон хүн бол Иргэний хамгаалалтын дарга байсан Г.Дамдинсүрэн генерал гэнэ. Ер нь Д.Намсрай хурандаагийн онцгой байдлын салбарт ажилласан он жилүүдийн ихэнх хугацаа нь Аврах тусгай ангитай салшгүй холбоотой юм билээ. Энэ ангийн салбарын дарга, штабын дарга хийж байгаад захирагчаар нь томилогдсон хоёрхон хүний нэг нь аж. Зуд үзсэн мал гэдэг шиг Д.Намсрай хурандаа бол жинхэнэ “Дарь үнэртсэн хүн” гэж Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл тодотгон хэлэх нь ёстой л нэг байгаа оносон үг шиг санагдав. Учир нь Д.Намсрай хурандаа 2001 онд Увс аймгийн Малчин суманд унасан нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн цөөхөн хүний нэг юм. Бүх биеийнх нь 40 хувь нь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр ирж байсан хүн. Мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үүрэг гүйцэтгэж явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдоход тэрбээр амьд үлдсэн хүмүүсийг очиж аварч байсан юм. Эрхэм хурандаа энэ тухай ярихдаа “Одоо энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийн гурав нь энэ ангидаа ажиллаж байна. Харамсалтайгаар амь үрэгдсэн нөхдийнхөө гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж байгаа алба хаагчид нь сайн ажиллаж байна. Би өөрөө ч үхчих гээд, хамт зүтгэж байсан нөхдөө ч алдаад юм юм л үзсэн дээ” гэж нам дуугаар өгүүлэв.
Д.Намсрай хурандаа Монголын шүхрийн спортын холбооны тэргүүн. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг “Пепси” ундааны рекламанд тоглоход нь түүнийг шүхрээр буулгажээ. Энэ үйл явдалд дурсгал болгож аваргын зүгээс өөрийнхөө зургийг Д.Намсрай хурандаад бэлэглэснийг ажлын өрөөнийхөө хананд өлгөжээ. Мөн түүний өрөөнд сумо бөхийн алдартнууд болох Асашёорү аварга, Кёкүшюүзан, Цэвэгням нартай авахуулсан зураг ханыг нь чимнэ. Түүний зураг бүхэн түүхтэй. Тэр дундаас хамгийн хөгжилтэй түүхийг өгүүлэх зураг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуайтай авахуулсан зураг байлаа. Д.Намсрай хурандаагийн овог нь Д.Содном гуайнхтай адил Думаа аж. Мань эр ОХУ-д сурч байхдаа сургуулийнхаа захиргаанаас банга хүртжээ. Ингээд захиргааны хурлаар орох гээд байж байтал улс төрийн орлогч нь дуудаад “Чи чинь Думаагийн Содномын дүү биз дээ” гэхэд нь “Дүүрсэн хэрэг гэж бодоод, тийм” гээд хариулчихжээ. Тэгэнгүүт өнөөх хатуу чанга багш нар нь түүний “толгойг илээд” өнгөрөөсөн байна. Сүүлд Д.Содном гуайтай Оросын Элчин сайдын яамны хүлээн авалт дээр таараад “Сайн байна уу ах аа” гэтэл ихэд гайхжээ. Түүний овгийг зээлсэн тухай хөгтэй явдлыг ярьтал Д.Содном гуай бөөн инээдэм болж “Алив нааш ир үнсье” гээд сүйд болж байсан гэдэг. Тэгснээ “Думаа чиний ээж үү, аав уу” гээд Д.Намсрай хурандаагаас асуутал “Ээж” гэж. Д.Содном гуай “Минийх ч бас ээж” гээд түүнийг тэвэрч аван зургаа хамт татуулсан ажээ.
ОЛОН УЛСАД УР ЧАДВАРААРАА ДЭЭГҮҮРТ ҮНЭЛЭГДСЭН АВРАГЧИД
Аврах тусгай анги 220 гаруй албан хаагчтай. Тэдний 20-иод нь энгийн ажилтнууд. Эрэн хайх, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн гурван салбартай. Тусгай чиг үүргийн салбар нь химийн хортой, цацраг идэвхт бодис, хүн малын гоц халдварт өвчин, сум, галт хэрэгсэл зэргийн гамшгийн үед ажилладаг байна. Хамгийн сүүлд гэхэд зүүн аймгуудад дэгдсэн малын шүлхий, Налайхад гарсан хонины цэцэг өвчний голомтод ажилласан байна. Энэ ангийн бас нэг онцлог нь хөгжмийн тусгай бүлэгтэй. Цэргийн ёслол хүндэтгэл, урлаг соёлын үйл ажиллагаанд тэд оролцож, салбарынхаа нүүрийг тахалдаг авьяастнууд юм билээ. Тэгвэл холбооны тусгай бүлэг нь аливаа гамшиг ослын үед аврагчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэж, мэдээлэл солилцож, дамжуулах чухал хүмүүс. Техникийн тусгай бүлэг нь болохоор тээвэрлэлт, тусгай зориулалтын техник төхөөрөмжийг хариуцдаг ажээ.
Хаана гамшиг, аюулт үзэгдэл болно эдний аврагчид хамгийн түрүүнд үүрэг аваад морддог. Тэд улс орны хэмжээнд төдийгүй хилийн чанадад ч ажилласан туршлагатай. Таван жилийн өмнө Японы цунами, үүний дараа ОХУ-ын Буриад улсад дэгдсэн түймэр очиж ажилласан бөгөөд аврагчдын ур чадвар олон улсад үнэлэгдэж чаджээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Аврах тусгай ангиас хамгийн олон алба хаагч амжилттай оролцдог юм байна. Аврагчдын хувьд ОХУ, Солонгос, Ази Номхон далайн орнуудад очиж, хамтарсан сургалт хийж, бусад орны туршлага судалж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаардаг ажээ. Аврагчид дандаа л хүн осолдсон газарт хүрч ажилладаг. Тэгэхээр өөрсдийнх нь ч амь нас эрсдэлд орох аюултай. Гагцхүү аврагч хүний онцлог нь ур чадвар, овсгоо самбаа, бэлтгэл сургуулилт байдаг. Мөн багаж, тоног төхөөрөмжүүдээ чадамгай эзэмшсэн байх ёстой гэнэ. Одоо тус албаныхан 5000 гаруй багаж, тоног төхөөрмжийг аврах үйл ажиллагаанд ашигладаг бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийдэг гэнэ. Ер нь аврагчдынхаа болоод ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи зайлшгүй байх шаардлагатайг тэд ярьж байлаа. Улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц энэ ангийн хувьд багаж хэрэгслээр тийм ч хангалттай биш бололтой.
Аврах тусгай ангийн бас нэг бахархал бол Чехэд 4200 метрийн өндрөөс чөлөөт уналтын дасгал хийж шүхрээр буусан залуус аж. Тэднийг М.Билгүүдэй, Г.Тэлмэн гэдэг. Саяхан ОХУ-д мастерын зэрэг аваад ирсэн байна. Онцгой байдлын албанд арав гаруй жил ажиллаж байгаа тэд Монголын шүхрийн спортын шигшээ багийн тамирчид бөгөөд хэт хөнгөн онгоцны нисгэгчээр бэлтгэгджээ. Харин онгоц нь энэ ангид хараахан байхгүй гэнэ. Уг нь ийм онгоцоор үүрэг гүйцэтгэвэл түймэр гарлаа гэхэд тандалт хийж, бага дээр нь барьж авах бүрэн боломжтой юм байна. Одоохондоо тус анги 2000 метрийн өндөрт гарах хүчин чадалтай панатомаар гамшиг аюулт үзэгдлийн тандалтыг агаараас хийдэг ажээ.
Аврагчдын хувьд гүний шумбалтын дээд рекорд нь 50 метр гэнэ. Тэд хэдэн жилийн өмнө шатахуун тээврлэж явсан хоёр хүнд даацын машин Хөвсгөл нууранд живж, манай улсын хамгийн том цэнгэг усны ай сав бохирдох аюул учраад байхад гүний шулбалт хийж аврах ажиллагааг амжилттай явуулсан байна. Ийм гүнд шумбасан аврагчийн хялгасан судаснууд нь хагарчээ. Өөр нэгнийх нь чихний хэнгэрэг гэмтсэн гэнэ. Энэ мэтчилэн эрсдэлтэй үргэлж амь өрсөн тэмцдэг эгэл баатрууд юм, тэд.
Түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус ангийн удирдлагуудын зүгээс аврагчдынхаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангаж, байнга анхаарал тавьж ажилладаг нь илт харагдаж байлаа. Мөн ангийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой болж буй юм байна. Аврах тусгай ангид эрчимтэй өрнөж байгаа бүтээн байгуулалтууд бол дээрх түүхэн ойнуудад зориулагдсанаараа онцлог гэнэ. Энэ бүгдийг хандив тусламж, дотоод нөөц бололцоогоо ашиглан цогцлоож чаджээ. Цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй нэр төртэйгөөр биелүүлж, татвар төлөгчдийнхөө урмыг хугалахгүйн төлөө хичээж зүтгэхээ аврагчид маань амлаж байна лээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН