Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №072 (5639) дугаарт
Монголд дундаж давхаргыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж байж манай улс ядуу нэрнээсээ салж, хөгжинө. Гэтэл Монголын эдийн засгийг цөөхөн том олигархиуд барьчихаад бусдад ямар ч боломж олгохгүй байгаа талаар “Өдрийн сонин” хөндөн бичиж эхэлсэн билээ. Олигархиуд Монголыг ядуурлаас гаргахыг хүсэхгүй байгаагийн хамгийн энгийн жишээ бол дундаж давхаргыг хувааж идсэн явдал. Тэд улс төрд их нөлөөтэй. Тиймээс зөвхөн өөрсдөдөө зориулан хууль гаргуулдаг. Өнгөн дээрээ ямар ч хэрэг зөрчилгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч үнэндээ лоббины хууль баталж байна. Дундаж давхарга байхгүй болоход төр засгийн хүнд суртал, эдийн засгийн хямрал зэрэг нөлөөлдөг гэдэг. Эдгээр хүчин зүйлүүд нөлөөлөхийн хувьд нөлөөлсөн байх л даа. Гэхдээ том компаниуд гарч ирээд бизнесийн орчинг хамснаас дундаж давхарга байхгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гуравхан сая хүн амтай жижигхэн оронд чихэлдсэн тав, арван компани дундаж давхаргыг дуусгасан. Манай нийгмийн амьдрал ийм л байна. Бүгд цатгалан, аз жаргалтай амьдарч байвал улсынхаа ирээдүйн төлөө өөдрөгөөр ярьцгаана. Гэтэл өнөө маргаашаа аргацаасан, цалингаас цалингийн хооронд, ажлын байран дээрээ дэнжигнэн тогтож байгаа өлсгөлөн хүмүүстэй улс орноо хөгжүүлэх тухай юу ч ярих билээ. Энэ дэлхийд хүн ганцаараа жаргана гэж байдаггүй юм байна. Бүтэн 100 жилийн өмнө гарсан октябрын хувьсгал хөрөнгөтнүүдийг яалаа даа. Цөөхөн хэдхэн баячууд хэт тансаглаж байсан болохоор хөрөнгийг нь хураасан. Монголд яг энэ дүр зураг одоо харагдаж байна. Ердөө 200-гаадхан айл Монголын эдийн засгийг бүхэлд нь залгичихлаа. Тэд бусдыг юу ч хийлгэхгүй болгож бүх салбарыг эзэлжээ. Бид тэдний хувийн эд хөрөнгийг хураах ёстой гээгүй. Гагцхүү “Жудагтай байгаач ээ, ард түмнээ жаргалтай амьдруулах тэр л боломжийг нь чөлөөлж өгөөч ээ. Зөвхөн чаддаг салбараа хөгжүүлж, дэлхийн хэмжээнд гаргаач ээ” гэж байгаа юм. Бүгдээрээ аз жаргалтай байвал хэний ч хөрөнгийг хураадаггүй. Ингэхийн тулд дундаж давхарга бий болгоё. Энэ жижиг зах зээлд томчууд нь хамаад авчихаар бусдад орон зай үлдэхгүй байна. Ховдог “мангас”-ууд аль ашигтай гэсэн салбар руу орж, жирийн бизнесээ аваад явж байсан компаниудыг унагасан жишээ олон.
Барилгын салбарыг хар л даа. Хөл дээрээ тогтоод босч байсан энэ салбарт олигархиуд ороод дампууруулчихсан. Том компаниуд улсаа тэжээж байна гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Нэг том компани жижиг, дунд бизнесүүдээ тэжээдэг гэсэн дэлхийн онол манай улсад тохирохгүй. Яагаад гэвэл Монгол бол цөөхөн хүн амтай, хоёрхон хөрштэй орон. Солонгосын “Самсунг”, “Хюндэй” зэрэг том компаниуд улсаа тэжээж болоод байгаа юм шиг харагддаг. Харамсалтай нь Монголд ийм компаниуд алга. Дэлхийн брэнд гаргасан том компани ч манайд байхгүй. Учир нь монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоёр том хөрш маань тоож шиншлэхгүй. Дэлхийд эдийн засгийнхаа үзүүлэлтээр тэргүүлж байгаа том гүрнүүд биднээс юм худалдаж авна гэвэл өөрсдийгөө доромжилсон болох биз. Тэгэхээр Монголын цөөхөн олигархи компаниуд дотоод зах зээлээ мөлжиж, шинэ бизнес эрхлэгчдээ дарамталж байна. Ийм нөхцөлд бизнесийн талбар дахь зах зээлийн шударга хуваарилалтыг хиймээр байгаа юм. Дэлхийд үүнийг монополийн хуулиар зохицуулдаг байна. Манайд ч ялгаагүй энэ хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч Монголын эдийн засагт цөөхөн хэдэн компани даам гарсан байгаагаас харахад энэ хууль хэрэгжихгүй байна. Энэ бол мөнгөтэй, эрх мэдэлтэй олигархиуд хуулийн дээр сууж байгаагийн тод илрэл юм.
УИХ-ын дарга сая Бангладеш улсад Олон улсын парламентын холбооны хуралд оролцож үг хэлэхдээ 2030 онд гэхэд монголчуудын 80 хувь нь дундаж, чинээлэг давхаргад хамрагдана гэжээ. Түүний хэлсэн энэ мэдэгдэл бидний бичиж байгаа сэдэвтэй агаар нэг бөгөөд цагаа олсон явдал боллоо. Эрдэмтэн, судлаачдын хэлж байгаагаар дундаж давхаргыг үүсгэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой гэдэг. Энэ нь нэг том компани үй, түмэн хүнийг ажлын байраар хангана гэсэн ойлголт биш. Ажлын байрыг бий болгогчийг дэмжихийг хэлж байгаа юм. Ингэхийн тулд бизнесийн орон зайг суллаж өгөх хэрэгтэй. Солонгосын “Самсунг” корпораци гэхэд салбартаа тэргүүлэгч нь. Тэдний ханган нийлүүлэгчээр 3000 аж ахуйн нэгж ажилладаг байна. Энэ дунд түүний охин компани нэг ч байхгүй. Үүнийг нь тухайн улсын хуулиар зохицуулсан байх жишээтэй. Гэтэл манайд толгой цохидог том компаниуд яадаг билээ дээ.
Бүх салбарт түрэмгийлэн орж, бизнесээ өргөжүүлж байгаа “Номин Холдинг”, “АПУ” группийг өмнө онцолсон. Энэ удаад “Женко” болон “Наран” группийн ноёрхлыг сонирхуулъя. Энэ хоёрт хоёуланд адилхан байдаг бизнес бий. Тэр бол хэвлэл мэдээллийн салбар. Ер нь хүмүүс мөнгөтэй болонгуутаа хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөгөө тогтоох гэж зүтгэдэг. Ингэхийн тулд өнөөдөр Монголын нийгэмд нэр хүндтэй, байр сууриа хэдийнэ бататгасан хүчтэй сонин, телевизийг онилдог. Харамсалтай нь салбараа хөгжүүлэх гэж зүтгэж яваа мэргэжлийн байгууллагууд тэдний гарт амархан ордоггүй. Тийм болохоор мөнгөтэй эрх мэдэлтэй эрхмүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулдаг жишиг тогтоод удаж байна. Тэд эндээс бусад салбараас хүүлдэг шигээ ашиг олно гэж юу байхав. Гагцхүү өөрийгөө хамгаалах бамбайгаа болгон ингэж бэлтгэдэг.
Монголын нийгэмд нарийн тооцоотойгоороо алдартай С.Болдхэтийн “Наран” групп
С.Болдхэт эзэнтэй “Наран групп” нь бизнесийн салбарт нийтийн хоол, худалдааны төв, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Түүний “Наран Трейд” компани гадаад худалдааны салбарт тэргүүлэгч Монголын топ таван компанийн нэг. Тэгвэл “Наран их дэлгүүр”, “Наран фүүдс”, “Наран Косметикс” зэрэг компаниуд худалдааны салбарт манлайлж яваа. Эдгээр компаниуд нь тус тусынхаа чиглэлээр хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүдийг импортолдог юм. “Наран Косметикс” нь өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, шил шаазан эдлэл, хүүхдийн тоглоомыг оруулж ирдэг байна. “Наран фүүдс” нь хүнсний бүтээгдэхүүн импортолдог гэнэ. “Наран март” компани Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Наран Бьюти Уорлд” компани нь дэлхийн алдартай гоо сайхны брэндүүдийг оруулж ирдэг байна. Тус компани нь гоо сайхны салоны үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн гоо засалчдыг бэлтгэдэг гэнэ. “Наран Эло” компани болохоор гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг импортлогч ажээ. Мөн автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Наран Моторс” компани нь Германы BMW брэндийн машины борлуулах албан ёсны эрхтэй. С.Болдхэтийн нийтийн хоолны салбар дахь “Интер Кюзин” компани нь “Тай Экспресс”, “НьюЙорк НьюЙорк” ресторануудыг Монголд анх удаа оруулж ирсэн. Мөн “Туул” рестораны өнгө төрхийг өөрчлөн ажиллуулж байгаа юм билээ. Дээрхээс гадна “Сити Рийл Эстэйт” ХХК-д С.Болдхэт хувьцаатай. Тус компани нь орон сууц, барилгын арилжаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ эрхэм “Супервижн” кабелийн телевиз, “SBN телевизтэй. Бүх л салбарт хүчтэй нөлөөгөө тогтоосон Монголын том компаниудын нэг яах аргагүй мөн. Группийн эзэн С.Болдхэт нарийн тооцоотой гэдгээрээ Монголын нийгэмд алдартай. Тэрбээр татвар нэмэх асуудлаар нэлээд ширүүхэн байр сууриа илэрхийлж байсан нэгэн. Тэрбээр өнгөрсөн намар Төрийн ордонд болсон чуулга уулзалт дээр үг хэлэх боломжийг ашиглахдаа ганц ч хүн цалинжуулж үзээгүй УИХ-ын гишүүд татвар нэмэх гэлээ гэж ирээд л уурлаж байв. Улмаар бизнес эрхлэгчдийг төр дэмжье гэвэл НӨАТ-ыг арав биш тав болго хэмээн бухимдаж байлаа. С.Болдхэт тооцоотой гэж яригддагаараа алдартай болохоор татварын асуудал цочир санагдсан байх. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн төрлийн татварыг нэмэх асуудал орж ирсэн байв. Аж ахуйн нэгжийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай, Онцгой албан татваруудыг нэмэх тухай тусгасан байсан юм. Гэвч энэ төсөл цааш яваагүй. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг авах хүрээнд эдгээр татвар нэмэх асуудлууд дахин орж ирж байгаа юм.
Ер нь том компаниуд их татвар өгөхөд яагаад болохгүй гэж. Том ч бай, жижиг ч бай компаниуд бүгд л ижил арван хувийн татвар төлдөг. Тиймээс энэ асуудалд бизнес эрхлэгчид нэлээд маргаантай байдаг. Дэлхийн олон онол жижиг зах зээлтэй манай оронд тохирохгүй. Их мөнгөний арван хувьтай татвар, цөөхөн мөнгөний арван хувийн татварын дэргэд хамаагүй их мөнгө төлдөг гэж хөрөнгөтнүүд маргалддаг. Өнгөц харахад “Наран” л тийм харагдаж байна. Гэхдээ хэдэн зуун тэрбумын орлогоос арай ахиу татвар төлбөл энэ ядуу улсад хэрэгтэй. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ээлж хоёр болж, хүүхдээ цэцэрлэгт өгөх сугалаанд хожсон залуу аав, ээж диваажинд очих баталгаатай сугалаа хожсон мэт хөөр хөл болохоо болихсон. Ингэж татвар алаг, цоог болох нь татвар нуултыг ихэсгэж олон жижиг компани бий болох аюултай тухай бид чихээ дөжиртөл сонсдог. Энэ жижигхэн оронд, цөөхөн хүнд хүсвэл хэн хаашаа хараад унтаж байгааг ч төр нь мэдэх боломжтой. Төр тэрийгээ л хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татварын хяналтыг сайжруулах ёстой гэсэн үг.
“Женко” группээр овоглоСон Х.Баттулгын “охид”
Монголын толгой баячуудын нэг Х.Баттулгыг бүгд танина. УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан түүхтэй. Одоо тэрбээр арав гаруй охин компанитай, нэг телевиз, хоёр сонинтой. Түүний мэдэлд хүнсний салбарт тэргүүлэгч “Талх чихэр”, мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэгч “Мах импкес”, гурилын “Милл хаус” үйлдвэрүүд байдгийг бүгд мэддэг болсон. Х.Баттулга аялал жуулчлалын салбарт “Женко тур бюро”, “Нүүдэл трейд” компанитай. Мөн энэ салбарт “XIII зуун”, “Их Майдар”, “Чингис хаан хөшөө”, “Гольф”, “Түмэн хишигтэн” гэсэн амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор газар байгуулсан. “Түмэн хишигтэн” компанийн хувьд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үнэт цаасны салбарт “Женко тур брю” компани бий. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр өргөжсөн “Эмээлт” зах, “МИК эмээлт” компани 100 хувь Х.Баттулгын мэдлийнх. Хотын баруун хэсэгт орших “Эмээлт зах”ын хувьд малын гаралтай гол түүхий эдийн наймаа өрнөдөг. “МИК эмээлт” компани нь махны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байна. Боловсролын салбарт хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг “Hartford Institute” мөн л Х.Баттулгынх. Энэ сургууль нь Сингапурын үнэт цаасны зах зээл дээр бүртгэлтэй, бизнес менежмэнтийн чиглэлээр боловсрол олгодог тэргүүлэгч байгууллага юм билээ. Түүний хөрөнгө үүгээр дуусчихгүй “ХИД” компани, “Баянгол” зочид буудал багтдаг. Мөн “Женко холдинг” компанид 25, “Хаус дизайн”-д 51, “Өүпэнспейс”-д 80 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Ганзагын наймаанаас бизнесээ хөгжүүлсэн Х.Баттулга дээрх компаниудад эзэн суухаас гадна хэвлэлд нөлөөтэй. Тэрбээр “С1” телевиз, “Монголын мэдээ”, “Ардчилал” сонинтой.
Ингээд харахаар эдгээр компанид ер нь үлдээсэн салбар гэж байна уу. Та бодоод үз дээ. Эдэнтэй өрсөлдөх гэвэл хэн ч бай шууд шахуулаад дампуурна. Ийм том мөнгөтэй дээрээс нь тэдний их улс төрийн нөлөөг нь хэн ч тэсвэрлэж чадахгүй.
Үргэлжлэл бий