Categories
мэдээ нийгэм

Т.Алтангэрэл: Хууль гарснаар хэрэг маргаанаа Монголын арбитраар шийдвэрлүүлэх сонирхол нэмэгдэнэ

-АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ЧУХАЛ АЛХАМ-

Саяхнаас хэрэгжиж эхэлсэн Арбитрын тухай хуулийн талаар арбитрч, Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Арбитрын шинэчилсэн хуульд ямар өөрчлөлт, онцлох зохицуулалт орсон байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Олон улсын эдийн засаг талаас нь харвал дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татахын тулд өөрийн улсдаа аль болох таатай орчинг бий болгож өрсөлддөг. Таатай орчин гэдэгт хэрэг маргааныг шуурхай, хараат бус, мэргэжлийн өндөр түвшинд хянан шийдвэрлэх тогтолцоо буюу арбитр зүй ёсоор ордог. Сүүлийн 50 гаруй жилийн турш дэлхийн ихэнх улс орон арбитрын талаарх хууль тогтоомжийг батлах, шинэчлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх гэж идэвхтэй ажилласны үр дүнд өнөөдөр ямар нэгэн байдлаар арбитрын шүүхгүй улс орон гэж бараг үгүй болжээ. Нөгөөтэйгүүр хууль зүйн тогтолцоо талаас нь харвал дэлхийн улс орнууд хууль зүйн үйлчилгээний зах зээлийг эзлэхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Хууль зүйн үйлчилгээ ашигтай бизнес болохыг барууны орны хуулийн фирмийн ашиг орлогоос харж болно. Арбитр бол олон улсад яах аргагүй хууль зүйн үйлчилгээний чухал хэрэгсэл болохын хувьд улс орнууд энэ чиглэлээр багагүй анхаарч, бизнесийн талаас нь харж, бүтээгдэхүүнээ илүү хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадаж байна, тухайлбал Сингапур улс. Тэгэхээр энэ их өрнөлийн дунд Монгол Улс хаана явна вэ гэсэн асуудал зүй ёсоор тавигдана. Бид азидаа тивдээ биш гэхнээ ойр орчмын бүсдээ өрсөлдөж чадна. Саяхан шинэчлэн баталсан Арбитрын тухай хууль хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг бүрдүүлэхэд чухал алхам гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн. Өмнө үйлчилж байсан хууль мэдээж түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч “монголчилсон”, дотоодын арбитрын ажиллагаанд илүү хамааралтай, олон улсын зарчмуудаас зөрүүтэй ойлголтууд байсан.

Тухайлбал арбитрын ажиллагааны харьяаллын тухай ойлголт. Мөн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, түр арга хэмжээ зэргээр олон улсын арбитрын практикт хэдийнэ нэвтэрсэн арга хэрэгслийн талаарх арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээг тодорхой болгож, дэлгэрэнгүй зохицуулсан нь яах аргагүй зайлшгүй хийгдэх ёстой байсан. Тухайлбал арбитрын ажиллагааны харьяаллын тухай ойлголт.

-Монгол Улс саяхныг хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй явж ирсэн шалтгаан юу байв?

-2003 онд батлагдсан Арбитрын хууль өмнөхөөсөө шат ахисан, тухайн үедээ томоохон өөрчлөлт болж чадсан. Хэрэглэх хүрээ нь хязгаарлагдмал, арбитрын ажиллагаанд НҮБ-ын Загвар хуулиас гажсан, эсвэл огт тусгагдаагүй зүйл, хэм хэмжээ нэлээд байсан учир тус хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгээгүй байсан хэрэг. Харин 2017 оны нэгдүгээр сард батлагдсан Арбитрын тухай хууль нь Загвар хуульд нийцсэн буюу хуулийн тодорхой шалгууруудыг үндэсний хуульдаа бий болгож чадсан гэдэг утгаар Монгол Улс дээрх жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Дэлхийн 100 гаруй улс орон НҮБ-ын Загвар хуулийг нутагшуулсан байдаг тул Монгол Улс одоо тэдгээр улстай ижил стандартыг мөрдөж байна гэсэн үг. Олон улсад мөрдөж байгаа арбитрын ажиллагааны хэм хэмжээг нутагшуулснаар хөрөнгө оруулагчдад хэрэг маргаанаа шийдүүлэх илүү ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой хэрэгсэл бий боллоо. Энэхүү өөрчлөлтийг хийхдээ НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арилжааны арбитрын загвар хуулиас эх авч, өөрийн хуулиа илүү боловсронгуй болгосон хэрэг.

-Хууль хэрэгжиж эхэлснээр Арбитрын хэрэг маргаан дээр урьд өмнөхөөс өөр ямар өөрчлөлт орох вэ. Манай улсад, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Монгол Улс болон дэлхийн 150 гаруй улс орон Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцид нэгдэн орсон. Ингэснээр дэлхийн ихэнх улс оронд Монголын арбитрын шийдвэр хүлээн зөвшөөрөгдөж, биелэгдэх ёстой. Нэгэнт Арбитрын хууль тогтоомж олон улсын стандартад нийцэж байгаа тул түүний олон улсын хэрэглээ өргөжих буюу олон улсын арбитрын хэрэг маргаанд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Нэн ялангуяа үндэсний компаниудад гадны компаниудтай бизнесийн гэрээ байгуулахад арбитрын ажиллагааны харьяаллын хувьд, хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэх арбитрын байгууллагын хувьд Монголыг сонгоход нь ихээхэн ач холбогдолтой болно. Ихэнх тохиолдолд гадны компаниуд гуравдагч орны хуулийг, арбитрын байгууллагыг сонгох гэдэг. Гэтэл гэрээний гүйцэтгэх газар Монгол Улс байх нөхцөлд Монголын компанийн хувьд заавал холын, сайн таньж мэдэхгүй улсын хууль эрх зүй, шүүх, арбитрын байгууллагыг сонгох болдог нь одоо өөрчлөгдөх боломжтой. Хэрэг маргааныг таньж мэдэхгүй улсад, тэндхийн иргэний болон арбитрын процессын хуулиар шийдвэрлүүлэх нь дотоодын компанийн хувьд олон эрсдэл, тодорхойгүй байдал, зардал чирэгдэл бий болгодог нь тодорхой.

Нөгөөтэйгүүр манай хууль, арбитрын байгууллагыг сонгох нь гадны компанийн хувьд бэрхшээлтэй байдаг. Учир нь манай хууль тогтоомж хэр тодорхой, тогтвортой, олон улсын жишигт нийцсэн, эсхүл арбитрын байгууллага, тогтолцоо хэр хөгжсөн, арбитрчийн ур чадвар, хараат бус байдал, хуралдаан явуулах газрын ложистик гэх зэрэгт олон асуудалд бүрэн дүүрэн итгэж чадахгүй байх нь олонтаа. Энэ чиглэлээр цаашид харин онцгой анхаарах ёстой.

-Манай улсын Арбитрын шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад улс орноос ямар ялгаатай байна вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх журмын хувьд олон улсад НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комиссын Арбитрын дүрмийг эсхүл аль нэг олон улсын арбитрын байгууллагын дүрмийг сонгоод хэрэглээд явчихдаг. Манай улсын хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын болон үндэсний арбитр нь НҮБ-ын дээрх дүрэмд тулгуурлан боловсруулсан Хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу арбитрын ажиллагааг явуулдгаараа олон улсын жишгээс хол зөрөхгүй ч басхүү Арбитрын шинэ хуульд нийцүүлэн шинэчлэх, илүү боловсронгуй болгох шаардлага бий. Тухайлбал, олон улсын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглагдах Олон улсын барын холбооноос гаргасан чухал зааварчилгаа бүхий баримт бичгүүд байдаг. Эдгээр нь нотлох баримт бүрдүүлэх, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, мөн арбитрчийн болон өмгөөлөгчийн ёс зүйн талаар чухал эх сурвалж болдгийн хувьд цаашид олон улсын арбитрын ажиллагаанд түлхүү хэрэглэх тал дээр анхаарах шаардлагатай.

-Арбитр шүүхээс юугаараа ялгаатай болон давуу талтай вэ?

-Арбитр шүүх хоёрын ялгаа нь гэвэл арбитр бол хараат бус, шуурхай, нарийн мэргэшсэн хэрэг маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд арбитраас гарах шийдвэр нь шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх учиртай. Арбитрын процесс илүү уян хатан, талуудын чөлөөт байдал онцгой байр суурь эзэлдэг. Хэргийг яаж, хэзээ, хэн шийдэх зэрэг олон асуудлаар талууд тохиролцож, журмаа өөрсдөө тодорхойлох боломжтой. Арбитрчид илүү олон талт мэргэжилтэй, туршлагатай, хэргийг иж бүрэн, цаг гаргаж, нарийн шинжилж хянан шийдвэрлэдэг, хэргийн нууцлалыг хадгалдаг учир томоохон хэлцэл гэрээ хийдэг компаниудад ихээхэн давуу талтай байдаг. Зардлын хувьд ч олон шат дамжлагагүй, хэргийг нэг дор төвлөрүүлж шийддэг тул хямд тусдаг талтай. Гадны компаниудын хувьд дотоодын шүүхтэй зууралдах сонирхол төдийлөн байдаггүй. Тэр тусмаа хөгжил буурай орны шүүхэд итгэж чаддаггүй. Тиймээс маргаан гарвал шүүхээр бус харин арбитраар шийдвэрлүүлэх хүсэл илүү түгээмэл байдаг, үүнийгээ ч гэрээндээ тусгадаг. Арбитр нь арилжааны болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд нь нэг талаас төр, нөгөө талаас компани байдаг. Олон улсын практикт хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх нь хүлээн зөвшөөрөгдсөн, маш түгээмэл болсон. Улс орнууд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд дотоодын шүүхээсээ татгалзаж, олон улсын арбитрыг сонгодог нь нийтлэг.

-Хэрэв аливаа хэрэг маргааныг Монгол Улсад Арбитрын шүүхээр шийдүүлэх болж байгаа бол Арбитрын хэргийг шийдвэрлэх ямар статустай ямар газрууд шинээр байгуулагдах вэ?

-Олон улсын жишигт нийцсэн хууль гарснаар хэрэг маргаанаа Монголын арбитраар шийдвэрлүүлэх сонирхол нэмэгдэнэ. Энэ сонирхол гэхдээ шүүх, арбитрын байгууллагуудын хөгжил, хараат бус байдал, ур чадвартай шууд хамааралтай. Хичнээн сайн хууль байлаа гээд хэргийг шийдэх сайн арбитрчгүй, хэргийг авч явах захиргааны бүтэц, тогтолцоо нь муу бол хууль хоосон цаас төдий л болж хоцорно. Нэн ялангуяа олон улсын арбитрын хэргийн менежмэнтийг авч явахад хүндрэлүүд гардаг. Жишээ нь, англи хэлтэй арбитрч цөөн, хуралдааныг англи хэлээр явуулах, захиргааны туслах ажилтны ур чадвар, шүүх хурал явуулах байр сав олон улсын стандартад нийцсэн эсэх гэх мэт олон асуудал бий. Юутай ч нэгэнт эрх зүйн орчин бүрдсэн тул одоо манай үйл ажиллагаа явуулж буй арбитрын байгууллагууд илүү том сорилтыг угтаж бэлтгэлээ базаах нь зүйтэй. Арбитрчдын хувьд зөвхөн дотоодын маргаанаар бус олон улсын арбитрын процессын талаар мэдлэгтэй, нэр хүндтэй, барилга ч юм уу, уул уурхай ч юм уу тодорхой салбараар мэргэшсэн, ур чадвартай хүмүүсийг бэлдэх, дэмжиж ажиллах нь чухал.

-Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүх дээр хариуцагчаар тогтоогдсон нийт хичнээн тохиолдол гарсан байдаг билээ. Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй?

-Миний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2005-2012 онуудад ажилласан. Тэр үед “Алстом Пауэр”, “Алтан Дорнод Монгол” гэсэн хоёр гадаадын компанитай холбоотой хэрэг маргаанд Засгийн газрыг төлөөлж ажиллаж байлаа. Тэр хоёроос гадна “Хан ресурс”-ын болон Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой Хятадын компанийн маргаанууд сүүлд нэмэгдсэн байсан. Одоо нэг нь ч шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа байх.

-Засгийн газрыг хариуцагчаар татсан тохиолдол шинээр гарлаа гэхэд шинэчилсэн хууль батлагдсанаар өмнөхөөсөө ямар давуу талтай байх вэ?

-Өмнө хэлсэнчлэн, арбитрын ажиллагаа хоёр төрөл байдаг нь арилжааны арбитр болон хөрөнгө оруулалтын буюу төрийн оролцоотой хэрэг маргаан. Хөрөнгө оруулалтын маргааны хэрэг хянан шийдвэрлэх журам нь арилжааны арбитрын журамтай ижил төстэй ч ялгаатай талууд бий. Тухайлбал, төр, нийтийн ашиг сонирхолтой холбоотой гэдэг утгаар арбитрын ажиллагааны нууцлал арилжааны арбитраас арай өөр, нээлттэй талдаа. Хөрөнгө оруулалтын маргаанд хэрэглэх хуулийн хувьд олон улсын гэрээ конвенцийг эх сурвалж болгодог онцлогтой. Эдгээр гэрээ конвенцид тухайлбал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талт гэрээнүүд багтах бөгөөд тус гэрээнд хөрөнгө оруулалтын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай заалтууд байдаг. Тухайн улсад хөрөнгө орууллаа гэхэд төрийн байгууллага болох шүүхэд нь итгэдэггүй байх нь түгээмэл. Иймээс хүссэн ч, эс хүссэн ч хөрөнгө оруулалтын маргааны хувьд арбитр шүүхээс илүү зохимжтой арга хэрэгсэл хэвээр байх нь. Арбитрын шинэ хууль нь хөрөнгө оруулалтын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх, нотлох баримт бүрдүүлэх, түр арга хэмжээ авах гэх зэргээр шүүхтэй холбогдох олон тохиолдолд олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн, тодорхой эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байгаагаараа өмнөхөөсөө дэвшилттэй гэдгийг дурдах хэрэгтэй.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *