Categories
мэдээ нийгэм

Тост, Тосонбумбын нуруунд нүүрс олборлож буйг эсэргүүцэн иргэд мэдээлэл хийв

Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон” Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон. Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Тус компани техник хэрэгсэлээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна. Тускомпанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй юм. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг.

Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно” гэлээ.

Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон “Гурвантэс эх нутаг” ТББ, “Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг УИХ дахь өргөдлийн байнгын хороонд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хамт хүргүүлээд байгаагаа илэрхийллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *