Categories
мэдээ нийгэм

Б.Насанбаярын өмгөөлөгч мэдэгдэл гаргажээ

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Насанбаярын нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан арга хэлбэрээр сэргээлгэх” шаардлагатай иргэний хэргийг өчигдөр хэлэлцжээ. Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, нэхэмжлэгч болон хариуцагчдын өмгөөлөгч нар оролцжээ. Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч тал болох Э.Цэрэндолгорын өмгөөлөгч нь уг маргаан өргөн цар хүрээтэй, судлах материал ихтэй зэрэг үндэслэлээр “нэмж өмгөөлөгч авах” хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан юм байна. Гэтэл цахим хуудсуудад “Иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх буцаажээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Иймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ” хэмээсэн мэдээллийг олон давтамжтай цацсан юм байна.

Энэ талаар Б.Насанбаяр байр сууриа илэрхийлж “Монгол Улсын шүүх нэхэмжлэгч тал шүүх хуралд байсаар байтал “нэхэмжлэгч ирээгүй” гэдэг хууль бус шалтгаанаар нэхэмжлэлийг маань буцаасан. Гэтэл “маргааныг эцэслэв” гэдэг мэдээг 18 мэдээллийн сайтаар тараадаг үнэхээр зохион байгуулалттай мөнгөтэй бүлэг байна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Мөн Б.Насанбаярын өмгөөлөгч Даваажанцан мэдэгдэл гаргасан байна. Тэрээр мэдэгдэлдээ “Шүүгч Б.Мандалбаяр нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаалаа гэх тогтоолыг танилцуулав. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр … түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан байх бөгөөд хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэлийг буцаахад дараахь урьдчилсан нөхцөл байдалд бий болсон байхыг шаардаж байна. Үүнд:

1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхыг (нэхэмжлэгчийн өмгөөлөгч би хуралд биечлэн оролцсон. Мөн шүүх нэхэмжлэгч Б.Насанбаярт хурлын товыг мэдэгдэх үүргээ ч биелүүлээгүй),

2. Хариуцагч “… эзгүйд явуулах эсхүл нэхэмжлэлийг буцаах” талаар хүсэлт гаргасан байхыг (хариуцагч талаас тийм хүсэлт огт гаргаагүй бөгөөд өмгөөлөгч нэмж авах л хүсэлтийг гаргасан) тус тус шаардсан байна.

Уг иргэний хэрэг үүсээд жил гаран (2016.02.16) болж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, сэргээлгэхээр шударга ёсны баталгаа болох шүүхэд хандсан боловч шүүхийн урагшгүй ажиллагаанаас болж шүүхийн ажиллагаа удааширч, улмаар ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг буцааж шийдэж байгаад гомдолтой байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *