Categories
мэдээ нийгэм

Саруул захын гэр ахуйн барааны тасагт гал гарчээ

Хотын төвд байршилтай захуудын нэг бол “Саруул” зах. Бидний нэрлэж заншсанаар Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн хажууд байрлах энэ захад бямбаас ням гаригт шилжих шөнө буюу гуравдугаар сарын 12-ны үүрээр гал гарчээ. Галыг Онцгой байдлын шуурхай албаас унтраасан байна. Захын хоёр давхарт гал гарч, гэр ахуйн барааны 2-3 тасгийн бараа шатсан байна. Тодруулбал, бичиг хэрэг, гэр ахуй, даавуун хэрэглэл /хөнжил гэх мэт/ байдаг тасагт гал гарчээ.

“САРУУЛ” ЗАХ ТҮР ХУГАЦААГААР АЖИЛЛАХГҮЙ

Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байв. Өглөөний 08.30 цагийн үед манай сурвалжлах багийнхан очиход дотогш нэвтрүүлсэнгүй. Энд цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд түрээслэгчдийг мөн дотогш оруулахгүй байв.

“Саруул” захын хоёр давхарт 15-16 орчим тасаг /павилон/ байдаг байна. Эдгээр тасаг дундаас гэр ахуйн бараатай хэсэгт гал гарчээ. Түрүүслэгчдийн хэлж байгаагаар бичиг хэрэг, гэр ахуйн барааны тасагт гал гарч, бичиг цаастай тасаг бүхэлдээ шатсаныг хэлж байв.

Иргэн Т-ээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Өглөөний 05.00 цагт захад гал гарсныг сонсоод ирлээ. Хоёр давхарт байдаг бичиг хэргийн тасаг шатсан гэсэн мэдээлэл авсан. Мөн гэр ахуйн барааны тасаг шатсан байна. Миний павилон нэг давхарт байдаг. Гэхдээ бидэнд харамсалтай байна. Галын хохирол бусад тасгуудад ч нөлөөтэй. Бараанд шатсан үнэр орох, тоос шорооноос эхлээд хэцүү зүйлүүд гарна. Өмнө нь /2013 онд/ бас ийм байдал болж байсан. Үнэхээр харамсалтай байна” гэж байв.

“Саруул” захын хоёр давхарт гэр ахуйн бараа, гоо сайхан, хүүхдийн хувцас, бичиг хэрэг, бэлэг дурсгалын зэрэг тасгууд байдаг байна. Хотын төвд байршил бөөний худалдааны энэхүү төвд урьд нь мөн гал гарч байжээ.

“Саруул” захын төв хаалган дээр “Түр хугацаагаар ажиллахгүй” гэсэн зарыг тавьсан байв. Энэхүү зах “Монгол глобал” ХХК-ийнх юм.

“САРУУЛ” ЗАХАД 2013 ОНД ГАЛ ГАРЧ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРЧ БАЙЖЭЭ

“Саруул” захад 2013 оны тавдугаар сард гал гарч их хэмжээний хохирол учирсан ч хоёр тэрбум төгрөгийн засвар хийж, шинэчилснийг “Монгол глобал” компанийн удирдлагууд мэдэгдэж байсан юм. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ. Хотын төвд байршилтай “Саруул” захын нээлт 2013 оны аравдугаар сард болж байсан юм. Тэгвэл энэхүү захад дөрвөн жилийн дараа дахин гал гарч, түрээслэгчид болон тус компанид хохирол учраад байгаа бөгөөд холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *