Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд ном хуруулж, мандал өргөлөө. Шинэ үндсэн хууль батлагдан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян,хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай.Энэхүү уламжлал, ёсын дагуу бичин жилийн өвлийн адаг сарын битүүнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хамт олон Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *