Categories
мэдээ соёл-урлаг

“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос хойш жил бүр өөрийн өнгө аяс, үзэл санааг илэрхийлсэн тоглолт зохион байгуулж ирсэн. Энэ жил зургаа дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын ерөнхий найруулагчаар МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байгаа гэнэ. Тоглолтод язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчилж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа юм. 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмийч нэгэн тайзнаа цугларч байгаа ажээ. “Эх ундарга” тоглолт энэ сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *