УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол тус, тус олгохоор тусгажээ.
Үндэсний сурын харвааны XV их чуулганаас дээрх санал гаргасныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн нь энэ аж.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төрийн их баяр наадмаар сурын харваанд ганцхан төрлийн цол олгодог юм байна.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна.