Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөв

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бадамхандад хандаж уушгины хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тодруулав. Ханиад томуу ихэссэн учраас НЭМГ-ынхан урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүмүүст хүргэж байгаа юм.

-Б.Бадамханд эмч ярихдаа:

-Уушгины хатгалгаа хүүхэд бүрт өөрөөр илэрдэг. Гол шинж тэмдэг нь амьсгал олшрох, цээж хонхолзох, амьсгал саадтай болох шинжүүд ажиглагддаг. Эдгээр шинжүүд илэрвэл уушгины хатгалаа эхэлж байна гэсэн үг. Үүнээс гадна ханиалгана, халуурна, нус гоожно, хоолонд дургүй болно, амьсгаадна, цээж шуугих шинж илэрнэ.

Эрүүл хүүхдийн амьсгалын тоо минутанд:

0-2 сартай: 60 хүртэл

0-12 сартай 50 хүртэл

1-5 настай 40 хүртэл байдаг.

Үүнээс дээш тоогоор амьсгалж байвал амьсгал олширсон гэж үздэг. Хүүхдийг тайван байх үед амьсгалыг тоолох хэрэгтэй. Хүүхдийг уйлж байгаа үед эсвэл хөхүүлж байгаа үедээ тоолбол буруу гарна. Унтаж байгаа үед нь тоолж болно.

Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хийнэ. Одоогоор Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлсэн. Товлолын дагуу бусад вакцинуудыг цаг хугацаанд нь хийлгэх хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдийн орчинд тамхи татахгүй байх учиртай. Утаа бага гаргадаг түлш сонгохыг хичээгээрэй. Агаар цэвэр үед цонхоо онгойлгож, агаар оруулах, эцэг эх өөрсдийнхөө болон хүүхдийнхээ гарыг сайтар угаах хэрэгтэй.

Бага насны хүүхдийг сайтар асарч, хооллох маш чухал. Зөв хооллох нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Зургаан сар хүрээгүй хүүхдийг хөхний сүүгээр хооллоно. Зургаагаас дээш сартай хүүхдэд нэмэлт хоол өгнө. Нэмэлт хоол нь шим тэжээлтэй, сүү цагаан идээ байх учиртай. Насанд нь тохирсон илчлэг, хэмжээтэй хоол өгөх хэрэгтэй. Энэ бүгд уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй. Эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй, дааруулахгүй байхыг анхаарна уу. Шингэн сайн уулгаарай. Өвдсөн үед хүүхдийг илүү сайн хооллож, халуун бүлээн шингэн уулгах учиртай. Аарц, аньс, чацарганы шүүс найруулж өгч болно гэв.

Дашрамд дурдахад өртөг өндөртэй вакцины тоонд ордог пневмококкийн эсрэг вакциныг эхний ээлжинд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж эхэлсэн бөгөөд цаашид товлолын вакцинд үе шаттайгаар оруулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *