Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баяртсайхан: ОУВС-гийнхан ирэх нэгдүгээр сард ирж гэрээгээ хийх байх

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Монголбанкнаас өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляц ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-ОУВС-тай уулзсан уу, Засгийн газраас албан ёсоор санал тавьсан уу?

-Намайг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш наймдугаар сард ОУВС-гийн баг манайд ирж танилцсан. Санхүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг танилцуулсан. Европод Крисмасын баяр болж буйтай холбогдуулан ажлын хэсэг хугацаагаа хойшлуулсан байна. Ирэх оны нэгдүгээр сард ирж гэрээгээ хийх байх гэж бодож байгаа.

-Яагаад заавал 14 хувь болгож бууруулсан юм бэ?

-Мөнгөний бодлогын хүүг хэн нэгэнд таалагдахын тулд бууруулж, нэмэгдүүлдэг юм биш. Бид маш их болгоомжтой хандлаа. Манай эдийн засагт тодорхой биш зүйлс бол маш их байна. ОУВС-тай хийх гэрээ хэрэг дээрээ албан ёсоор хийгдээгүй байна гэж би сая хэллээ. ОУ-ын зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ жаахан өсч байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй байна. Хэрвээ АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлчихвэл дэлхийн валютууд тийшээ чиглэдэг. Тиймээс бид мөнгөний бодлогоо болгоомжтой зөөлрүүлье гэж бодож байгаа. Бид тал талаасаа ярилцаж байж шийдсэн. Зарим хүмүүс бүр бууруулаад хэрэггүй гэж үзэн 580 сая долларыг гуравдугаар сарын 8-д төлтөл харзнавал яасан юм бэ гэсэн санал гаргаж байсан.

-Мөнгөний бодлогын хүүг ер нь яагаад өөрчлөөд байдаг юм бэ?

-Мөнгөний бодлогын хүүгээрээ олон улс эдийн засгаа тогтвортой барьдаг. Манайхтай ижил нөхцөлд байгаа Казахстан, Беларусь, ОХУ ч ийм зохицуулалт хийдэг. ОХУ барууны ертөнцийн хориг, санкцуудаас болоод хүнд байдалд орж байсан. Ийм нөхцөлд ОХУ мөнгөний хүүгээ нэмэгдүүлж 16 хувь болгож байсан. Эдийн засаг нь сайжрахаар одоо 10 хувь болгочихсон байгаа.

-Долларт яаж нөлөөлөх вэ?

-Бид төгрөгийнхөө ханшийг аль болох тогтвортой болгохыг хүсч байна. Бид наймдугаар сард 4.5 хувиар нэмэгдүүлэхдээ улсынхаа эдийн засгийг бодсон. Монголын валютын нөөц намайг ажлаа авахад нэг тэрбум 200 сая ам.доллартай тэнцэж байсан.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *