Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Тушёнка

Орц: (дөрвөн хүний)

Үхрийн мах – 400 гр

Лууван – 1-2 ширхэг

Төмс – 1-2 ширхэг

Сонгино – хоёр ширхэг

Сармис – гурван хумс

Чинжүү – 2-3 ширхэг

Гурил – 80-100 гр

Цуу – тал цайны халбага

Үхрийн шөлний амтлагч – нэг ширхэг

Оливын тос – гурван хоолны халбага

Давс – 1/2-1 цайны халбага

Хар перец – тал цайны халбага

Вандуй – 2-3 хоолны халбага

Ус – 800 гр

Улаан дарс – нэг цайны аяга

Орегано – тал цайны халбага

Улаан чинжүү – тал цайны халбага

Хийх арга:

Сонгино, чинжүү, лууван, төмсөө томоор хэрчиж бэлтгэнэ. Мөн том том хэрчиж бэлдсэн өөхгүй үхрийн махыг цуу, мах амтлагч сүмс, үрж жижиглэсэн сармис, давс, перецээр амтлаад сайтар хутгаж битүү орчинд хагас цаг амраагаарай. 180 хэмийн гал дээр халаасан оливын тосонд хэрчсэн сонгиноо хийж хуурна. Сонгино үнэртэж шаргал өнгөтэй болмогц амталсан үхрийн махаа дээрээс нь хийж үргэлжлүүлэн хуураарай. Үхрийн махыг хүрэн бор өнгөтэй болмогц хэрчсэн чинжүүг хийж ахин хэдэн минут хуурна. Ингээд нэг цайны аяга улаан дарс болон нэг цайны аяга ус хийж хутгаарай. Үхрийн шөлийг өтгөн сайхан амттай болгоё гэвэл үхрийн шөлний амтлагч хийж болно. Ингээд дээрээс нь ус нэмж хийгээд хуурай амтлагчууд болох орегано, паприка, давс, перец зэргийг хийж хутгана. Дараа нь хэрчсэн лууван, төмс, ногоон сонгиноо хийнэ. Шөлийг өтгөн болгохыг хүсвэл бага зэргийн арвай буудай хийж болно.

Эсвэл 1/4 цайны аяга хуурай гурил хийж сайтар хутгаарай. Ногоон вандуй мөн нэмж хийнэ. Халуун амт оруулахыг хүсвэл халуун чинжүү хийж болно шүү. Ингээд зөөлөн гал дээр 1-2 цаг буцалгана. Буцалгах явцдаа үе үе зөөлөн хутгаарай. Шөл аажмаар ширгэж өтгөн, бор өнгөтэй, амттай, шүүслэг болох болно.

-Франц багетти талх хийж сурцгаая

Орц: (гурван хүний)

Гурил – 3,5 цайны аяга

Хөөлгөгч – нэг цайны халбага

Давс – 1-1,5 цайны халбага

Ус – 1-1,5 цайны аяга

Хийх арга

Талхны хөрөнгийг исгэхдээ нэг цайны аяга гурил, 1/2 цайны аяга хүйтэн ус, чимх хөөлгөгчийг хольж сайтар зуураад тасалгааны нөхцөлд 12-14 цаг амраана. Үүний дараа 3/4 цайны аяга халуун бүлээн усанд нэг цайны халбага хөөлгөгч хийгээд 1-2 минут болгоод хөөлгөгчөө хутгаарай. Талхны хөрөнгө дээрээ гурил, давсыг нэмж хийсний дараа хөөлгөгчтэй усыг хийж зуурч эхэлнэ. Автомат зуурагч ашиглан зуурч болно. Эсвэл гараараа арав орчим минут нухаарай. Энэ үед гурил эвэнд орох ба бага зэргийн бэржгэр байна. Гурилыг бөөрөнхийлөөд битүү саванд хийж таглан дулаан нөхцөлд нэг цаг орчим байлгаарай. Хэрвээ та яараагүй бол 1-2 цаг хөөлгөхөд илүүдэхгүй шүү. Ингэснээр гурил сайтар хөөж талх сэвсгэр зөөлөн сайхан амттай болох болно. Ингээд хөөсөн зуурмагийг савнаас нь гаргаад нухахад гөлгөр зөөлөн болсон байх болно. Талхны зуурмаг уян хатан, сунамтгай хэрнээ нялцайж наалдахгүй. Зуурмагийг талх хийх хэмжээгээр тэнцүү хувааж 15 минут амраана. Ингээд тус бүрийг гарын алгаар хавтгайлж дөрвөлжлөөд нэг талаас нь хумьж орооно. Ингэхдээ зах хэсгээр нь гараар дарж хумиад урт нарийн хэлбэртэй болгоорой. Мөн бага зэргийн тосоор гаднаас нь жигд тосолно. Ингээд хуурай гурилан дээр тавьж 20-25 минут хөөлгөнө. Үүний дараа хуурай гурилнаас гаргаж нарийн боовны цаас дэвссэн листэн дээр тавиад талх тус бүрийг 45 градусын хөндлөнгөөр хэрчээрэй. Энэ нь талхыг шарах шүүгээнд болоход хөвсгөр зөөлөн болоход тустай. Мөн шарахын өмнө талхны дээрээс хуурай гурил, арвай, овьёос цацаж болно. Шарах шүүгээг 250 хэмд урьдчилан халаасан байх ба талхыг хийгээд 20-30 минут болгоно. Талх гаднаасаа бор шаргал өнгөтэй болж үнэртэж эхлэхэд гаргаад сайтар хөргөөрэй. Ингээд франц багетти талх тань бэлэн боллоо.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *