Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн доройтол аюулын харанга дэлдэж байна

ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран “Бэлчээр ашиглалтын хариуц­лагын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Уг зөвлөлгөөнөөр аймаг, орон нутгийн 130 гаруй төлөөлөл бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх вэ, бэлчээрийг сэргээн сайжруулах боломжтой эсэх зэрэг асуудлаар хэлэлцсэн юм.

Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 112.1 сая га талбайг бэлчээр эзэлдэг. Гэвч нийт бэлчээрийн 65 хувь нь доройтолд орж, долоон хувь нь дахин сэргэхгүйгээр доройтсоныг судлаачид тогтоожээ. Тиймээс бэлчээрийн ачааллыг тохируулах замаар байгалийн аясаар нь сэргээх, нэмж доройтуулахгүй байх, доройтохоос сэргийлэхийн тулд ирэх жилүүдэд төрөөс ямар бодлого барьж, малчид хэрхэх тухай энэхүү зөвлөлгөөнөөр хэлэлцэв. Аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн бэлчээрийн доройтлоос гарах хамгийн оновчтой арга замыг бэлчээр хамгаалах бие даасан хуультай болох, малчин өрхүүд хамтын зохион байгуулалтанд орж дундын бэлчээрээ гэрээгээр ашиглах замаар малчдын бэлчээр нутгаа ашиглах уламжлалт эрхийг нь баталгаажуулахын зэрэгцээ бэлчээрээ доройтуулахгүйгээр зохистой ашиглах хариуцлагыг нь өндөржүүлэх гэж байв.

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИЛД 368 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА

Зарим судлаачдын судалгаагаар 112.1 сая га бэлчээрийн талбайд 74.6 сая мал бэлчээрлэх боломжтой гэнэ. Гэхдээ дээрх хэмжээ цөлжилт, доройтлын улмаас 9.1 сая га-гаар хорогдсон байна. Одоогийн байдлаар байгалийн бэлчээрт 60 гаруй сая толгой малыг 149.7 мянган малчин өрхийн 293.6 мянган малчин маллаж, жилд гурван их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төр засаг хийгээд малчид малын чанарт бус тоонд ихээхэн ач холбогдол өгдөг хэвээр байгаа юм. Баримт дурдахад, 2012 онд 32 сая байсан малын тоо гуравхан жилийн дараа буюу 2015 оны тооллогоор 65 сая болж хоёр дахин өссөн билээ. Ийнхүү малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэх, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулах тэсвэргүй болж, малчдад их хэмжээний хохирол учрах болжээ. Тодруулбал, 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид нийт дүнгээр 333 тэрбум, 2009-2010 оны зуднаар 9.7 сая мал хорогдож, 527 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тухайн үед нийт малчин өрхийн 32.7 хувь малынхаа 50-иас дээш хувийг алдсан бол 8.7 хувь нь огт малгүй болсон. Энэ бол малын чанарыг биш тоогоор хөөцөлдсөний нэг сөрөг үр дагавар. Эдийн засгийн үзүүлэлт талаас нь авч үзвэл зөвхөн ноос, ноолуур, мах гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байгааг судлаачид гаргажээ.

ДОРОЙТСОН БЭЛЧЭЭРИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖ БИЙ ГЭВ

Бэлчээр ашиглалтын одоогийн ачааллыг тохируулах замаар доройтлыг сааруулах, байгалийн аясаар нь буцаан сэргээх боломж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Габриел Спирли “Ногоон алт” төсөл сүүлийн жилүүдэд Монгол орны бэлчээрийн төлөв байдалд мониторингийн судалгаа хийж, бэлчээр ашиглалтыг сайжруулах санаачилга, шилдэг санаа гарган нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын бэлчээр нутаг өндөр ач холбогдолтой. Малчдын амьжиргааг сайжруулах асуудал нь бэлчээрийн оновчтой ашиглалттай холбоотой. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж биелүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт тавих шаардлагатай. Хөдөө орон нутгийн хөгжилд бэлчээрийн доройтол, байгалийн гамшиг, хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулах асуудал чухал. Бэлчээрийн доройтолтой холбоотой асуудлыг шийдэх оновчтой арга бол бэлчээрийн ашиглалтыг оновчтой, тогтвортой аргаар шийдвэрлэж хөгжүүлэх явдал юм. Энэ чиглэлээр “Ногоон алт” төсөл хүчин чармайлт тавьсан бөгөөд анх төслийн ажил эхэлж байхад бэлчээрийн менежмент, төлөв байдлын мониторингийн аргачлалыг сайжруулан стандартчилах зайлшгүй шаардлага байсан. Тухайн үед бид бэлчээрийн талхлагдлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэхийн тулд юуны өмнө доройтсон бэлчээр гэж ямар бэлчээрийг хэлэх, доройтлын хэм хэмжээг хэрхэн тодорхойлох талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал гэж харсан. Ус, цаг уур, орчны хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон бусад хандивлагчдын төслийн хүрээнд бэлчээрийн мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэвч бүгд өөр өөрийн арга зүйгээрээ тоон мэдээллүүд гаргаснаас мэдээллүүд нь хоорондоо зөрдөг байсан. Зарим нь Монголын нийт бэлчээрийн 70 хувь цөлжсөн гэж байхад зарим нь 23 хувь нь л доройтсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг арилгах, нэг мөр болгохын тулд манай төсөл бэлчээрийн мониторингийн арга зүйг улсын хэмжээнд нэгдсэн нэг стандартад оруулах чиглэлээр Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтарч ажилласан. Энэ байгууллага бол улсын хэмжээнд багийн түвшний нийт 1550 цэгтэй бүтэц. Энэ сүлжээ нь өөрөө цаг уурын ажиглалт судалгааны зэрэгцээ бэлчээрийн мониторинг хийдэг суурь баазтай. 1550 цэг дээр нэг ижил цаг хугацаанд, нэг ижил арга зүйгээр мониторинг хийдэг гэсэн үг л дээ. Бид тухайн үед улсын хэмжээнд ашиглагдаж байсан мониторингийн арга зүй дээр суурилан богино хугацаанд бодит мэдээлэл цуглуулах боломжтой, хэрэглэхэд энгийн арга зүйг боловсруулсан. Шинэ арга зүйг бүс төлөөлсөн тодорхой тооны сумдад туршиж шалгасны үндсэн дээр 2011 онд улсын хэмжээний бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй болон батлагдсан юм. Ингээд Ус, цаг уур орчны хүрээлэнгийн дэргэд бүх аймаг, сум, багийн түвшний бэлчээрийн мониторингийн дөрвөн жилийн мэдээлэл бүхий сан үүсгэсэн. Энэ аргачлалыг Монгол Улсын их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, эрдэмтдийн зүгээс өөрийн судалгааны арга болгож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дэмжин хэрэглэж байгаа нь сайшаалтай. 2015 онд бид бэлчээрийн мониторингийн тайлан гаргаж УИХ, Засгийн газарт танилцуулсан. Тус тайлангаас үзэхэд Монгол Улсын бэлчээр нутгийн 65 хувь нь доройтсон байгаа. Гэхдээ сайн гэвэл зөв ашиглаж, малын ачааллыг тохируулж чадвал түүний 90 гаруй хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжтой. Төр засгаас оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг шийдэх, хөдөөгийн малчдын амьжиргааг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай” гэсэн юм.

Д.БУЛГАМАА: БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХАД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Ногоон алт” төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч доктор Д.Булгамаатай цөөн хором ярилцлаа.


Бэлчээрийн доройтлыг хэрхэн сааруулах вэ. Үүнээс хэрхэн гарах вэ гэсэн асуудлаар хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Бэлчээрийн зохион байгуулалтын асуудал, түүний хариуцлагын тогтолцоог хэрхэн бэхжүүлэх тухай асуудал хурцаар тавигдаж байна. Бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх вэ, бэлчээрийг байгалийн жамаар нь хэрхэн сэргээж болох тухай өнгөрсөн мягмар гаригт орон нутгийн хийгээд холбогдох яам, тамгын газрын мэргэжилтэн, төлөөллүүд хэлэлцэж, санал солилцлоо. Манай улсын бэлчээр нутгийн 65 хувь доройтолд өртөж, малын ашиг шим, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ буурсаар байгаа юм. Малын чанар муудсанаас байгаль цаг уурын бэрхшээлд малын дасан зохицох чадвар мөхөсдөхийн зэрэгцээ бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж шарилж, лууль давамгайлснаас монгол малын давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлж эхэлсэн. Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гурван үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2.6 сая төгрөгийн алдагдалд хүрсэн тооцоог судлаачид гаргасан байдаг.

Бэлчээрийн 65 хувь нь доройтолд орсон гэж байна. Эдгээрийг нөхөн сэргээх боломж байгаа гэж буй. Хэр хугацаа зарцуулагдах вэ?

-Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд өөрчлөлтөд орсон 65 хувийг дотор нь сэргэх чадавхиар нь ангилаад үзэхэд бага зэрэг өөрчлөлтөд орсон, гэхдээ байгалийнхаа унаган төлөв байдалтай ойролцоо түвшинд байгаа бэлчээр 18 хувь, ашиглалтын одоогийн хэлбэрийг нь өөрчлөөд ачааллыг нь зохицуулсан нөхцөлд 3-5 жилийн дотор эргээд байгалийн төрхөндөө төлөв байдалд орчих боломжтой бэлчээр 25 хувь, ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн, эргээд байгалийн унаган төрхөнд төлөв байдалд ороход харьцангуй урт, 10 хүртэл жил шаардагдах бэлчээр 15 орчим хувийг эзэлж байна. Харин үндсэн зүйл ургамал устаад хөрс нь элэгдэлд орсон, байгалийн аясаар сэргэх боломжгүй, үндсэндээ цөлжсөн гэж хэлж болохоор хүнд хэлбэрт орсон нь долоон хувийг эзэлж байгаа юм. Энэ дүн нь үндсэндээ бэлчээрийн доройтол нэлээд өргөн хүрээнд илэрсэн, доройтлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг, нөгөө талаас бэлчээрээ хадгалж авч үлдэх, сэргээж сайжруулах боломж байгааг харуулж байна. Бид цаг алдалгүй арга хэмжээ авах юм бол бэлчээрээ энэ чигээр нь аваад үлдэх, цааш нь сайжруулах, бүр цаашилбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой аваад явах хэмжээнд байна.

Архангай, Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ. Ерөөсөө энэ аймгуудад л бэлчээрийн доройтол хамгийн хүндрэлтэй байгаа. Энэ бүс нутаг бол үндсэндээ манай улсын хамгийн үржил шимт хөрстэй, хамгийн бүтээмж өндөртэй бэлчээр байдаг. Аймгуудыг малын тооны нягтралаар нь ангилаад үзэхээр эдгээр аймаг давхцаж байна.

Энэ байдлаас хэрхэн гарах боломжтой вэ?

-Бэлчээрийн даац хэтэрсэн нь малын тоо толгой огцом өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг малын идэх талбайг 4-5 мал идэж, хөрсөнд үзүүлэх малын хөлийн нөлөө төдий хэмжээгээр нэмэгдэж байгаа нь энэ хэрээр доройтуулж бүтээмжийг бууруулж байгаа гэсэн үг. Тиймээс зөвхөн аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд анхаарах асуудлын нэг юм. Ялангуяа зуслан, намаржааны бэлчээр илүү хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл, гол горхи зэрэг байгалийн задгай усаа дагаад ургамал ургахаас хагдрах хүртэлх хугацаанд мал идээшилж байна. Зуслан, намаржааны зарим бэлчээрийн даац 7-10 дахин хэтэрсэн байгааг судалгаанаас харж болно. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ер нь байгалийн ургамлын газрын хэсгийн 50-иас дээшгүй хувийг ашиглах нь тухайн экосистемийн үйлчлэл, тогтвортой байдлыг хадгалах үндэс гэж үздэг. Ашиглаж ингэж тохируулж чадваас байгаль экологийн тэнцвэртэй байдал нь алдагдахгүй. Харамсалтай нь энэ байдал алдагдаж нөхөн төлжих боломжгүй болтол нь мал идэж байгаа нь тэнцвэрийг алдуулж байгаа хэрэг.

Малчдын зүгээс юу шаардлагатай вэ?

-Бэлчээр ашиглалтыг зохистой түвшинд зохион байгуулахад хариуцлагын тогтолцоо чухал. Бэлчээрийн гол ашиглагч болох малчин болоод өмчлөгч төрийн аль аль талын хариуцлагыг өндөржүүлэхийг хүсч байна. Эрх зүйн зохицуулалтын өнөөгийн орчинд хариуцлагын тогтолцоог бий болгож ажиллуулахад бэлчээр ашиглалтын гэрээ чухал үүрэгтэй. Бэлчээр ашиглалтын гэрээг зөвхөн манай төслөөр зогсохгүй бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд туршиж хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэрээ байгуулснаар бэлчээр нутгаа ашиглах малчдын уламжлалт эрх баталгаажихын зэрэгцээ бэлчээрээ төлөв байдал, чанарыг нь доройтуулалгүй, даацад нь тохируулан ашиглах үүрэг хүлээдэг. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бэлчээрээ зүй зохистой ашиглаж байгаа малчид, менежерүүдийг урамшуулдаг, бэлчээрийнхээ даацыг хэтрүүлэн ашиглаж доройтуулж байгаа хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирдлага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм чухал байна. Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар энэхүү хариуцлагын механизмыг ажиллуулах боломжтой.

Н.ГАНХУЯГ: МАЛЧДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖСЭНЭЭР БЭЛЧЭЭРИЙГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Монголын Бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бэлчээрийн доройтол нь байгаль цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Тухайлбал, уул уурхайн хариуцлагагүй ашиглалт, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагаа алдагдсан зэргээс бэлчээрийн доройтолд хүрч байна. Цаашид орон нутагт малчдын зохион байгуулалтыг дэмжсэнээр бэлчээрийг сэргээн сайжруулах боломжтой. Ингэснээр бэлчээрийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээнд 1-3 жилийн дотор сэргэх боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Бэлчээрийг сэргээн сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа туршлага олон бий. Баруун аймгуудын хэмжээнд энэ туршлагууд илүү байна. Төрийн байгууллагууд нь бэлчээрийн сэргэлт, доройтлыг хянадаг, үнэлдэг боллоо. Завхан аймагт малчид эр сувай малаа алсын оторт гаргадаг боллоо. Архангай аймаг болон сарлагтай нутгуудад малчид хамтарч сарлагаа самнадаг болсон. Самнасан хөөвөр нь ноолууртай тэнцэх нарийн микронтой түүхий эд болж байна. Түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна. Архангай аймгийн зарим суманд малчид үлийн цагаан оготныг устгахад хамтарч ажиллаж байна. Ингэснээр 100 хувь устгаж чадсан сайн туршлага олон бий” гэв.

БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАРУЙ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ

Бэлчээрийн харилцааг зохицуулахын тулд хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бэлчээрийн тухай бие даасан хуультай болох шаардлага зүй ёсоор үүсээд байгаа юм. 2000 оноос хойш Бэлчээрийн тухай хуулийн төслийг дөрвөн парламент дамжин хэлэлцсэн нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа.

Бэлчээрийн тухай хуультай болбол одоогийн бэлчээрийн доройтол буурч, малчид малынхаа тоонд бус чанарт нь анхаардаг болно хэмээн дээрх албаныхан дуу нэгтэй хэлж байв. Мөн малчид отрын нөөц нутагтай болж, малчин бүрт бэлчээрийн газрыг ижил тэгш хувааж авах боломжтой аж. Үүнээс гадна уул уурхайн хайгуул, олборлолтод бэлчээрийн газар нутаг нь өртсөн бол малчид нөхөн төлбөр авдаг байх зохицуулалтыг ч хийх юм байна. Дээрх зохицуулалт бүгд бэлчээрийг доройтлоос аврах гарц нь болох юм. Малаас гарах түүхий эд үнэгүйдэж, зах зээлийн бодитой эргэлтэд орж чадахгүй байгаа нь бэлчээрийн доройтолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг уналтад орж, хөдөө аж ахуйгаас олох орлого буурсан нь бэлчээрийн доройтолтой шууд холбоотой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Бэлчээр аль аймгийн аль суманд хамгийн их доройт­сон талаар улсын хэмжээний хангалттай статистик мэ­дээ­лэл бий. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэр­хэн ухаалгаар хөтлөх, үйлд­вэрлэлийн гол суурь болсон бэлчээрийн ашиглалыг хэрхэн зохион байгуулах технологийн зөвлөмж, сайн туршлагуудыг эрдэмтэд гаргасаар байна. Нөгөө талдаа бэлчээрээ хайрлан хамгаалж ашигладаг малчид, менежерүүдийг урам­шуулдаг, бэлчээр нутгаа цөлмөн доройтуулдаг хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирд­лага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм юу юунаас илүү чухал болжээ.

БЭЛЧЭЭРИЙГ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ НЬ ДОРОЙТЛООС СЭРГИЙЛЭХ АРГА МӨН

“Ногоон алт” төсөл 17 аймгийн малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Тодруулбал, малчид хэсэг бүлгээрээ үе уламжлан ашиглаж ирсэн дундын бэлчээрээ орон нутгийнхаа Засаг даргатай гэрээ байгуулах замаар урт хугацаагаар ашиг­лах эрхтэй болж эхэлсэн байна. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулснаар нэг талаас малчдын бэлчээрээ ашиглах эрх баталгаажих, ингэснээр уул уурхайн болон хөгжлийн аль нэг төслийн үйл ажиллагаанаас бэлчээрээ ал­дах эрсдэлээс хамгаалагдах давуу талтай аж. Нөгөө талаас гэрээт бэлчээрийнхээ төлөв байдал, чанарыг нь доройтуулалгүй малынхаа тоог даацад нь тохируулж ашиглах хариуцлага өндөрсөнө. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулснаар малчдын хувьд бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд үйлдвэрлэлээ хэрхэн явуулах тал дээр тодорхой мэдээлэлтэй болохын зэрэгцээ төрийн зүгээс төрийн өмч болох бэлчээр ашиглалтад хяналт тавьж зохицуулахад хялбар болдог сайн талтай болох нь Дэлхийн банкны болон Мянганы сорилын сангийн бэлчээрийн менежментийн төслүүдээр батлагдсан байдаг.

Л.ӨНӨРБААТАР: МАЛЧИД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСНООР БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙГАА

Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулалт, зохион байгуулалтаараа Архангай, Говь-Алтай зэрэг аймаг тэргүүлж байгаа аж. Тиймээс Архангай аймгийн Ихтамир сумын малчин Л.Өнөрбаатартай утсаар холбогдож, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахын ач холбогдлын талаар тодрууллаа.


“Манай аймаг бэлчээрийн доройтолд хамгийн их өртсөн аймгийн нэг. Малын тоо толгой ч их. 2005 оноос хойш “Ногоон алт” төслийн хүрээнд бидэнд бэлчээрээ хамгаалах, хэрхэн хамтрах тухай мэдээлэл, сурталчилгаа цөөнгүй хийсэн. Үүний үндсэн дээр малчид бэлчээрээ хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэж, юу хийх ёстой талаар ярилцаж, Сумын бэлчээр ашиглалтын холбоонд нэгдсэн. Одоо малчид Ихтамир сумын бэлчээрийн нийт талбайг 13 хэсэгт хувааж, хамтран эзэмшиж байна. Ингэснээр бэлчээрийн талхлалт багасч, малчид жилийн дөрвөн улиралд бус гуравт нь нүүдэл сэлгэх гэх мэтээр хамгаалж байна. Мөн энэ холбоо байгуулснаас хойш бэлчээр хамгаалах тал дээр бид нэгдүгээрт, отор нүүдэл хийлгэх, сэлгэх, амраах. Хоёрдугаарт, малчдын өрхийн орлогыг нэмэх. Ингэхдээ малын түүхий эдийг өндөр үнээр үйлдвэрүүдэд борлуулахад зуучлах, дуудлага, үзэсгэлэн худалдаанд хамруулах мая­гаар. Гуравдугаарт, малчдын өвс, тэжээлийг бэлтгэх зорилгоор хадлангийн салаа байгуулж ажиллаж байна. Ногоон өвс 20 га талбайд тарьсан. Мөн хадлангийн талбайг хашиж, хамгаалж, бордож, өндөр ургац авч байна. Түүнчлэн чанаргүй малын тоог буу­руулах зорилт тавьж, бу­сад аймгаас чанартай, үүл­дэр угсаа сайтай мал холбоогоороо дамжуулан авчирч байна. Жишээ нь, Хотонтын илүү нугаламтай хонь, Говь-Алтайн уулын улаан ямаа, Тэрхийн бор сарлаг гэх мэтээр үүлдрийг нь сайжруулж байна. Манай суманд Тэрхийн бор сарлагийн цөм сүрэг бий боллоо. Гэхдээ баг бүрт хонь, ямаа байхгүй. Газар нутгийн онцлогоос нь шалтгаалаад нэг хэсгийг адуу, нөгөөхийг нь ямаа гэх мэтээр төрөлжүүлж байна. Бэлчээрийг зүй зохис­той ашиглахын гол зүйл бол малын тоог даацад дүйцүүлэх. Иймээс бид сумын­­хаа нийт малчдыг хоёр бүлэгт хуваагаад Эрсдэлийн сан байгуулаад, дүрэм, журмаа тогтоогоод ажиллаж байна. Энэ хоёр бүлэгтэйгээ чанаргүй малын тоог жилд найман хувиар бууруулахаар таван жилийн гэрээ байгуулаад ажиллаж байна. Таван жилийн дараа Ихтамир сумын малын тоо бэлчээрийн даацандаа хүрэх юм. Малын тоог бууруулахдаа бид эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, чанаргүй, эр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах маягаар асуудлыг шийдэж байгаа. Бэлчээр ашиг­лалтын холбоонд нэгдэх нь малчдад маш их ашигтай. Дээр нь бэлчээрээ хамгаалахаас аргагүй байдалд хүрсэн учраас ийм зохион байгуулалтад орохоос өөр аргагүй” гэв.

Г.ХИШИГБАДАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *