Categories
мэдээ спорт

Ч.Марал-Эрдэнэ: Бөхийн спортдоо үнэнч зүтгэж, дэлхийн аваргаа хамгаална

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-наас Болгорын Софи хотноо дөрөв хоног үргэлжилсэн. Тус тэмцээний 52 кг жингийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай улсаас хичнээн тамирчин дэлхийн аваргад оролцов. Тэмцээний сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

– Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад 88 орны 630 гаруй тамирчин оролцсоноос ОХУ-ын баг тэргүүн байрт шалгарсан. Манай улсаас долоон тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгч оролцож багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан. Манай багаас Сэлэнгэ аймгийн тамирчин Тогтохбаяр байлдааны самбогоор хүрэл медаль, би 52 кг жинд алтан медаль хүртсэн.

-Таны барилдсан жинд хичнээн тамирчин байсан. Аль улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Манай жинд 18 тамирчин барилдсан. Би жиндээ тогтмол амжилт гаргадаг 4-5 лидер тамирчныг судалж очсон. Тэдэнтэйгээ бүгдтэй нь таарсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол ноднингийн дэлхийн аварга Казакстаны Канзана Бэмбэт байсан. Энэ залуутай хоёрдугаар тойрогт таарсан. Сөхөж үүрч нэг оноо аваад, өмсүүлээд нэг оноо алдсан. Дараа нь сууж үүрэх мэхээр нэг оноо, хонгодож нэг оноо аваад хожсон доо.

-Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Өөртөө итгэлтэй байсан уу?

– Би урьд нь 57-д барилдаж байсан болохоор 52 кг-д оролцвол амжилт гаргаж чадах юм шиг санагдсан. Тэгээд шигшээ багийн дасгалжуулагч Баярсайхан багштай ярилцаад 52 кг-д орохоор болж зургаан кг жин хасаад санасан амжилтаа гаргаж чадлаа.

-Урьд нь улс, тивийн аваргад ямар амжилт гаргаж байсан бэ. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?

– Би Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубт самбо, жудо бөхөөр 13 жил хичээллэж байна. Миний анхны дасгалжуулагч бол Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших. Харин одоо бол Ж.Нямдорж багшийн удирдлага дор хичээллэж байна. Самбо бөхийн улсын аваргаас хоёр алт, хоёр хүрэл медальтай. Залуучуудын дэлхийн аваргын хүрэл, Казаны оюутны универсиадаас мөнгөн медаль хүртэж байсан. Анх зурагтаар жүдо бөхийн барилдаан үзээд хувцас өмсгөл нь таалагдсан учраас барилдаж эхлэхээр шийдсэн. Манай ах намайг жүдо бөхийн секцэд оруулж өгч байсан.

-Танайх бөхийн удамтай юу. Үндэсний бөхөөр барилддаг уу?

– Аавын талд байхгүй. Манай ээж Архангай аймгийн Булган сумынх. Монгол Улсын хурц арслан Мөнх-Эрдэнийг ээжийн талын хамаатан гэдэг ч би сайн мэдэхгүй. Эмээ амьд байхдаа танилцуулж өгнө гэдэг байсан. Үндэсний бөхөөр хаа нэг барилдаж, сумын наадамд гардаг.

-Цаашдын хүсэл зорилго юу байна?

-Бөхийн спортдоо үнэнч зүтгэж, дэлхийн аваргаа хамгаална гэж боддог.

Дасгалжуулагч.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Хангарьд спорт клубийн хамт олон, Орхон аймгийн засаг дарга, гэр бүл найз нөхөддөө баярлалаа.

Өдөрт хоёр цагаар хоёр удаа бэлтгэл хийдэг. Өглөө хүчний, орой дэвжээний бэлтгэл хийдэг. Жингээ хасч барилддаг болохоор жин хасах л жаахан хэцүү байдаг. Сая долоон кг хасаж дэлхийн аваргад орсон.

Б.Наранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *