Манай улсын улс төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд компанитай
гэх мэдээлэл өнгөрсөн хавраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болсон. Тэдний
дотор бизнесмэнүүдийн нэр ч бий. Мөн огт бизнес эрхэлж байгаагүй атлаа дээрх бүсэд
данстай гэх төрийн албан тушаалтан ч байдаг. Тухайн үед гарч байсан мэдээллүүдээс
харвал, Ерөнхий сайд асан С.Баярын охид, болон С.Баярын АНУ дахь байрыг худалдан
авч байсан гэх асуудалд холбогддог Ч.Давааням, түүний эхнэр С. Шагдардулам гэх нэрс
анхаарал татдаг. Эд бол ганцхан С.Баяр гэдэг хүний ойр тойрныхных. Түүний араас
УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны
дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал
Ж.Оюунгэрэл гэх мэтээр хөвөрсөн 49 хүн оффшор бүсэд компанитай болохыг монголчууд
мэдэж авсан билээ. Дээрх явдлаас урган гарсан нэг тодорхой зүйл нь Засгийн газраас
оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох хуулийн төсөл УИХ-д өргөн
мэдүүлэхээр болсон. Хуулийн төсөлд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын
мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд
томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,
мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор тусгаж
байгаа. Харин дээрх мэдээлэлтэй холбоотой асуудлыг манай хууль хяналтынхан судалж,
шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байсан ч зарим нэг хүнтэй холбоотой мэдээлэл тодорхой
болж байгаа сурагтай. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа.
Тухайн бүсэд компанигүй гэдгийг нотлож өгөхийг хууль хяналтын байгууллагаас
хүссэн болон нэр бүхий дээрх хүмүүсийг шалгана уу гэсэн гомдол ирэх болсон тухай
эх сурвалж хэллээ. Зарим нэг гомдлын дагуу шалгаж судалж байгаа зүйлс ч байгаа юм
байна. Гэхдээ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор бүстэй холбоотой
ээлжит баримтуудын дагуу шалгалт явуулахаасаа илүүтэй иргэдийн мэдээллийн дагуу
иргэд ойр тойрны мэддэг хүмүүсийнхээ талаарх мэдээллийг өгсөн явдал гарч байгаа
аж. Гэвч үүнийг оффшор бүсийн албан ёсны байгууллагаас хэн хэдэн сая, тэрбум ам.долларын
компани, данстай гэх баримтыг авч байж асуудал цааш өрнөх боломжтой аж. Харамсалтай
нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны мэдээлэл хуулийн байгууллагын
хувьд эх сурвалж болж чадахгүй байгаа юм байна. Тэгээд ч манай хууль хяналтынхан
шууд хорьж цагдах байдлаар нэр холбогдсон хүмүүсийг байцаах боломжгүй. Нөгөө талаараа
оффшорт бүртгэлтэй компанийн хөрөнгийн эх үүсвэр хаанаас эх сурвалжтай вэ, хаашаа
ороод хаагуур гарав, мөнгө угааж байна уу гэх мэтээр тогтоогоогүй болон бодит хохирол
байхгүй учир шалгах боломжгүй гэсэн хуулийнхны тайлбар байна. Монголын нэр дурдагдсан
оффшор данстнуудын зарим нэгнийх нь талаарх мэдээллийг сөхье.
-НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙН ДҮҮ “ОФФШОР” ДАНСТАЙ ГЭНЭ-
Оффшор бүс дэх компанид холбогдсон анхаарал татсан хүн бол Ц.Сэргэлэн.
Энэ хүнийг Нийслэлийн иргэдийн хурлын дарга Ц.Сандуйн дүү гэдгийг улс төрийн хүрээнийхэн
хэлж буй юм. Ц.Сандуйн дүү Виржинийн арлуудад бүртгэлтэй “Joy Key Development
Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан
байдаг. Ц.Сандуйг яах аргагүй төрөөс, төсвөөс төрсөн тэрбумтан гэдэг. Тэр дундаа
газрын албанаас төрсөн тэрбумтан гэж цоллоод удаж байгаа. Нийслэлийн газрын албанд
1997 оноос хойш ажиллахдаа өөрийнх нь хэлсэнчлэн мэргэжилтнээс нь авахуулаад хэлтсийн
дарга, орлогч дарга гээд шат дамжлага бүхнээр нь явж ирсэн байдаг. Гэвч энэ хүн
дүүгийнхээ данстай холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар хийгээгүй.
Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн гэгчийн тухайд бизнес энэ тэр хийдэг гэсэн нарийн тодорхой
мэдээлэл байхгүй, хэрэв оффшорт мөнгө төгрөг аваачсан бол тэр нь ах Ц.Сандуйгийнх
нь эх үүсвэртэй холбоотой байх магадлал хамгийн өндөр юм. Тэгэхээр бараг 20 жил
төрийн албанд мэргэштэлээ зүтгэж яваа гэх Ц.Сандуй ямар эх үүсвэрээс мөнгөжиж, тэрбумтны
хэмжээнд хүрсэн байх вэ гэдгийг олон нийт таамаглаж суугаа. Тэгвэл Сандуйтай холбоотой
газрын наймаа, авлига, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн
гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан түүх бий. Тухайн үед Г.Мөнхбаяр, Т.Билэгт,
Ц.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг зэрэг нөхдүүдийг 240 удаагийн үйлдэлтэй газрын
наймааны хэрэгт шалгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
Уг нь тэднийг газрын төлбөр хэлбэрээр төрийн данс руу орох ёстой
280 тэрбум төгрөгийг хувьдаа хуваагаад авчихсан гэгдэж байв. Тэр их мөнгөнөөс газрын
албанд мөнгө орсон гэсэн нэг ч төгрөгийн баримт үйлдээгүйн дээр Барилга, хот байгуулалтын
сайдын тогтоосон газрын үнийг үндэслэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт
явуулсан нэг ч баримт байдаггүйг эх сурвалжууд мэдэгдэж байв. Газрыг төрд төлбөр
төлөлгүйгээр аж ахуйн нэгж, иргэд үйлчилгээний зориулалтаар өмчлөн авах эрхгүй ч,
газрын наймааг хамтран үйлдэгсэд болох албаны хүмүүсийн сэдсэн арга нь төр, аж ахуйн
нэгжүүд хоршиж газар эзэмших тухай захирамж гэгчийг үйлдсэн явдал гэдэг.
-ГАЗРЫН НАЙМААНААС ОЛСОН ИХ МӨНГӨ ХААЧИВ-
Энэ нь Ц.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг гурав дарга нарынхаа бодлогоор
үйл хэргийг гүйцэлдүүлж 240 удаагийн захирамжаар 240 хэсэгт 2400 орчим га газар
олгожээ.
Хэрэв энэ хэрэг шалгагдаад явсан бол ном журмын дагуу “Туушин” ХХК
газрын төлбөртөө хамгийн их мөнгө төлөх ёстой байсан гэдэг. “Туушин компани” нь
2009 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хонхор өртөөний орчим газар авах хүсэлт
гаргасныг нь 99 тоот захирамж гарган олгожээ. Ингэхдээ 130 га газар буюу нэг сая
гурван зуун мянган метр квадрат талбайг үнэгүй авсан байдаг. Үнэгүй гэдэг нь төр
хувийн хэвшил хоёр хоршиж бүтээн байгуулалт хийнэ гэсэн нэрийн дор газрыг олгосон
гэх хардлага. Газрын нийт үнэлгээ нь 14.3 тэрбум төгрөг болж байгаа аж. Мөн “Торгон
хэлхээ” гэх компани нийт 9.9 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг Хан-Уул дүүрэгт авчээ.Тус
дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт 150 га газрыг долоо хоногийн дотор гаргуулан
авсан баримт бий. Энэ мэтээр газрын наймааны талаар олон зүйлийг дэлгэж болох баримт
факт бий.
Мөн Хан-Уул дүүрэгт Нисэх, Яармагийн зам дагуу 160 хэсэг газар олгосон
бөгөөд томоохон компаниуд энэ хэсгийн газрыг Ц.Сандуйтай тохирч авсан гэдэг. Нэг
удаагийн захирамжаар доод тал нь 10 га газар олгодог байсан нь хуулийнхны шалгах
үндэс болсон байдаг. Энэ мэтээр Ц.Сандуй газраар тэрбумтан болсон гэдгийг нь хэлэх
хүмүүс байдаг. Түүнийг мөн Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай газруудад
“Metro Mall”, “Home Plaza” зэрэг худалдааны төвүүд барьж, түрээсэлсэн гэх яриа хэвлэлээр
тухайн үед явж байсан. Энэ их мөнгөө нуухын тулд оффшор бүсэд дүүгийнхээ нэрийг
ашиглан компани байгуулсан гэх хардлага гарч буй нь ийм үндэслэлтэй бололтой.
Учир мэдэх хүмүүс түүний аав Цэндсүрэн нь Хотын намын хорооны намын
хянан шалгах комиссын дарга байсан бол ээж нь Статистикийн товчоонд мэргэжилтнээр
20 жил тасралтгүй ажиллаж байсан гэдэг.
-УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.АЛТАНХУЯГИЙН ХҮҮ “ОФФШОР”-ТОЙ НЭР ХОЛБОГДСОНЫГ ИЛ БОЛГОВ-
Монголын нэр дурдагдсан оффшор данстнуудын зарим нэгнийх нь талаарх
мэдээллийг “Монгол HD” телевизийн мэдээний албанаас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн
консорциумтай хамтран дэлгэж байгаа хэмээн Х.Бум-Эрдэнэтэй холбоотой мэдээллийг
олон нийтэд дэлгэсэн. Энэ мэдээлэлд оффшор бүс дэх “ABROS” 2007 -2016, “GUMAX”
2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY
INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг хөрөнгө орлогын
мэдүүлэгтээ огт дурдаж байгаагүй аж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард өөртэй нь холбоотой
мэдээлэл анх хэвлэлд гарсны дараа тайлбар хийхдээ “2007 оны асуудал. Би тухайн үед
найз нартайгаа нийлээд бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй.
Тухайн үедээ хятадуудтай нийлээд уул уурхай, барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан.
Цаанаасаа тавьсан болзол нь оффшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх
нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад тэгээд бүтээгүй. Тэр
мэдээлэл л явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын
муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй. Ер нь 2007, 2008 онд уул уурхайн лиценз
наашаа цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Тэр үед уул уурхайн лиценз аваад
хятадуудтай хамтарч ажиллая гэж бодож, төлөвлөж байсан. Тэр нь амжилттай болоогүй”
гэжээ.
Харин түүний нэртэй холбоотой дээрх компаниудын байгуулагдсан оныг
үзвэл “ABROS” гэх компани нь 2007 онд байгуулагдсан, өдгөө ч бүртгэлтэй хэвээр байдаг
байна. Тус компанийг тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр
гэж хүний хамтаар хөрөнгө нийлүүлж анх байгуулж байсан гэнэ. Мөн GUMAX, IMPOX компаниудыг
ч мөн адил ийм хэмжээний дүрмийн сантайгаар Даваагийн Батбаяртай хамт байгуулсан
гэнэ. Даваагийн Батбаяр гэдэг хүн “Умбайн шим” компанид хувь эзэмшдэг аж. Үүнийгээ
ХОМ-тээ бичиж байснаас үзэхэд тэдний бизнес мөнгөний эрх ашиг олон жилийн түүхтэй
аж. Өөр нэг анхаарал татаж буй зүйл нь оффшорт эзэмшдэг компаниуд нь 2007-2011 онуудад
төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн мэдээлэл байдаг аж.
Х.Бум-Эрдэнэ нь “TSAYARS” компанийг өөрийн хамаатан Монгол овогтой
Баяраагийн хамт байгуулж байжээ. “DOLOWAY INTERNATIONAL” гэж 2009-2013 онд бүртгэлтэй
байсан компани нь эхнэр Э.Болдмаагийнх нь нэр дээр бүртгэлтэй аж. Х.Бум-Эрдэнэ нь
Харьюу гэх овогтой ч төрийн албан хаагчийн анкет дээр төрсөн эцгээ Улсын ерөнхий
прокурор асан М.Алтанхуягийг гэж бичсэн байдаг гэнэ.
-Х.БУМ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?-
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ гэж хэн бэ.
Энэ хүн оффшортой нэр нь хавчуулагдах хүртлээ олны анхаарал татахаар явсан уу гэх
асуулт гарч ирж буй юм. Түүний овог нь Харьюу гэдгийг дээр өгүүлсэн. Тэгвэл түүний
намтар нэгийг өгүүлэх биз ээ. Анх тэрбээр Хууль зүйн яамны Бодлогын хэлтэст ажиллаж
байжээ. Дараа нь Үнэт цаасны газрын дарга, тэндээсээ Санхүүгийн зохицуулах хорооны
Тамгын газрын дарга, одоо тус хорооны дэд даргын албан тушаалыг хашдаг. Эндээс харвал
энэ хүн тодорхой хэмжээгээр бизнес эрхэлж яваагүй гэдэг нь тодорхой харагдана. Харин
төрийн албыг хашиж байхдаа бусадтай хамтран бизнес хийж компани байгуулж байсан
бололтой. Төрийн ажлын хажуугаар ийм боломж бий юу гэсэн асуудал мөн гарч болох
юм. Нөгөө талаараа танил талаа ашиглан төрийн албанд ороод хөрөнгөжих гэж явдаг,
хувийн бизнес эрхлэх гэдэг залуусын нэгэн төлөөлөл гэж хэлж болох юм. Харин түүний
аав Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг гэдэг хүн гэх мэдээлэл “Анод”, “Зоос”-ыг
дампуурахад хувьцаа эзэмшигчид нь Санхүүгийн зохицуулах хорооны албан тушаалтнуудыг
шалгуулахаар хууль хяналтынханд өгч байсан баримтаар ил болсон байдаг. Чухам ямар
учраас хүү нь атлаа өөр овогтой байдаг тухай тэр бүр хүмүүс мэддэггүй. Зарим эх
сурвалж овгоо солиулсан гэх мэдээллийг ч өгч байгаа юм.
1990-2015 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 14.5 тэрбум ам.долларын
гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг аж. Үүний 10 орчим тэрбум ам.доллар нь
оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаас хөрөнгө оруулалт болж орж иржээ. Гадаадын шууд
хөрөнгө оруулалтыг бүхэлд нь аваад үзэхээр оффшор бүсээс орж ирсэн мөнгө Монгол
Улсын эдийн засгийн өсөлтөд үлэмж нөлөө үзүүлсэн гэдгийг холбогдох албаныхан хэлдэг.
Оффшортой холбоотой сүүлийн үеийн дуулиан ийм байна. Цаашид хууль хяналтынхан шууд
оффшортой холбоотой асуудлаар нэр бүхий эрхмүүдийг шалгаагүй байгаа ч тэдний талаарх
бүх сэжиг таамгийг битүүхэн судлаад эхэлсэн гэх мэдээллийг өгөх хүн ч байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл ч бас гарч ирж буй гэнэ.